Алдар нэрээ цуурайтуулсан ах, дүү тамирчид

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Алдар нэрээ цуурайтуулсан ах, дүү тамирчид

Нэг гэрийн ах дүүс спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлнэ гэдэг гайхалтай юм. Ингээд мэргэжлийн спортын түүхэнд өндөр амжилт үзүүлсэн дэлхийн шилдэг тамирчдаас түүвэрлэн хүргье.


БУВАЙСЕР САЙТИЕВ, АДАМ САЙТИЕВ (ОХУ)

Хоёр ах дүүс чөлөөт бөхийн шилдгүүд

-Чөлөөт бөхийн спортын оргилд нь гялалзах од бол олимпийн 3, ДАШТ-ий 6, Европын АШТ-ий 6 удаагийн аварга Б.Сайтиев юм. Түүнийг унагаана гэдэг тухайн үеийн өрсөлдөгч нарынх нь толгойны өвчин байсан нь дамжиггүй. Алдарт дасгалжуулагч Д.Миндиашвилигийн бэлтгэсэн олон шилдгийн нэг Б.Сайтиев дэлхийн спортын түүхэнд тодоор бичигдэх, хүндтэй эрхэм юм.

Түүний дүү Адамын хувьд ч чамлахааргүй амжилтын эзэн. Дүү Адам нь 2000 оны олимпийн наадамд ах Б.Сайтиевыг бүдэрч, медалиас мултарч байхад алтан медаль хүртэж ахыгаа баярлуулж байсан. Ингэснээр ах дүүс 1996, 2000, 2004, 2008 оны олимпийн наадмын алтан медалиудыг хүртэж, ДАШТ-ээс хамтдаа 8 алтан медаль хүртсэн байдаг. Дүү Адам ахынхаа энд хүрээгүй ч олимп, дэлхий, Европын аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулж чадсан хатуу “самар” юм.

ВАЛЕРИЙ ВЛАДИМИРОВИЧ БУРЕ, ПАВЕЛ ВЛАДИМИРОВИЧ БУРЕ (ХУУЧНААР ЗХУ, ОДООГИЙН ОХУ)

Хоёулаа хоккейн тамирчин

-Ах Валерий Буре нь ЦСКА Москва багаас тамирчны замналаа эхлүүлж, 1994 оноос ҮХЛ-н Монреал Канадиенс багт, 1997 оноос Калгари Флэймз, 2001 оноос Флорида Пантерс багуудад тоглож байгаад, 2004 онд Даллас Старс багаас зодог тайлсан. ОХУ-ын шигшээ багийн хамтаар Нагона-1998 мөнгө, Солт-Лейк Сити-2002 хүрэл медаль хүртэж байсан. Харин дүү “Орос пуужин” хочит П.Буре нь ҮХЛ өөрийн алдар нэрээ цуурайтуулсан шилдэг тоглогч байсан бөгөөд 1992 онд ҮХЛ-н оны шилдэг шинэ залуу тоглогчид олгодог Колдер цомын эзэн болж байсан.

Мөн ҮХЛ-н бүх оддын багт 7 удаа сонгогдож, 2 удаа ҮХЛ-н мэргэн буучаар шалгарч, хожмоо 2012 онд алдрын танхимын гишүүн болсон. ҮХЛ дэх замналдаа Ванкувер Кэнайкс, Флорида Пантерс болон Нью-Йорк Рейнжерс багуудад тоглож байсан. Мэдээж шигшээ багийнхаа хамтаар олимпийн наадмаас мөнгө, хүрэл, ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн байдаг.

ЖЕК ЧАРЛЬТОН, БОББИ ЧАРЛЬТОН (ИХ БРИТАНИ)

Ах дүүс хоёулаа хөлбөмбөгийн тамирчин

-Хөлбөмбөгийн ДАШТ-д ах дүүс хамтдаа алтан медаль хүртсэн тохиолдол байдаг болов уу? Ялангуяа финалын тоглолтод ах дүүс хамтдаа гараанд гарч, хамтдаа цом өргөсөн тохиолдол бараг л байхгүй байх. Энэ ховорхон амжилтыг Английн Жек болон Бобби Чарльтонууд үзүүлсэн юм. Английн шигшээ багийн тоглогч ах дүүс клубын түвшинд өөр өөр клубт тоглож байсан. Ах Жек замналынхаа турш Лийдс Юнайтед клубт тоглосон бол Бобби Чарльтон Манчестер Юнайтед клубын төлөө тоглож байжээ.

ВЕНУС ЖЭЙМКА УИЛЛЬЯМС, СЕРЕНА ЖЭЙМКА УИЛЛЬЯМС (АНУ)

Хоёулаа талбайн теннисний тамирчин

-Эгч, дүүс хоёулаа мэргэжлийн талбайн теннисний шилдэг тамирчин юм. Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий "Их Дуулга" тэмцээнд эгч Венус нь 7 удаа, дүү Серена нь 23 удаа түрүүлсэн бол хосын төрөлд эгч дүүс 14 удаа түрүүлсэн. Ялангуяа дүү Серенагийн хувьд түрүүлж үзээгүй тэмцээн гэж бараг л байхгүй. "Их Дуулга" тэмцээний бүх цаг үеийн түүхэн рекордыг эзэмшигч Серена дөрвөн "Их Дуулга"-д бүгдэд нь түрүүлсний зэрэгцээ Хопмен, Фэд цомын тэмцээнүүдэд, олимпийн наадмын ганцаарчилсан болон хосын төрлүүдэд түрүүлсэн. Харин түүнд тур финал буюу талбайн теннисний албан бус дэлхийн аварга болох оны эцэст чансаагаар тэргүүлсэн шилдэг 8 теннисчдийн өрсөлдөөнд түрүүлж чадаагүй.

ВИТАЛИЙ КЛИЧКО, ВЛАДИМИР КЛИЧКО (УКРАЙН)

Ах дүүс хоёулаа боксын спортын тамирчин

-Украйны Киев хотын захирагч Виталий Кличког тамирчин ахуйдаа хүнд жингийн шилдэг тулаанч байсан гэдгийг спорт сонирхогчид андахгүй болов уу? 1995 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд удалгүй мэргэжлийн бокс руу шилжсэн Виталий 47 тулаан хийснээс 45 удаа ялалт байгуулсан бол дүү Владимир Кличко арай урт хугацаанд тамирчны замналаа үргэлжлүүлж байна. Дүү Владимир сонирхогчдын боксоор 1996 оны Атлантагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол мэргэжилд ороод 69 тулаан хийснээс 64 удаа ялалт байгуулаад байна. Тэр WBC, WBA, IBO, IBF холбооны бүснүүдийг эзэмшиж байсан, зүүж үзсэн хатуу “самар” юм.

ПАУ ГАЗОЛ, МАРК ГАЗОЛ (ИСПАНИ)

Ах дүүс сагсан бөмбөгийн спортын тамирчид

-Ах дүүс хоёулаа НБА-н аваргын бөгжийг зүүж үзнэ гэдэг маш ховор. Бараг л байдаггүй болов уу? Тэгвэл Испани залуус НБА дэх замналдаа аваргын бөгжийг хоёулаа зүүж үзсэн ховорхон амжилтын эзэд юм. Дүү Марк энэ улиралд Торонтогийн хамтаар аваргын бөгжийг хүртэж шинэхэн байгаа бол ах Паугийн хувьд НБА-н аваргын бөгжийг 2-г зүүгээд байна. Мөн хамтдаа бүх-оддын багт тоглож, хамтдаа бөмбөгт үсэрч байсан гээд тэдний амжилтыг тодотгох нэлээдгүй үйл явдлыг дурьдаж болно. Үүнээс гадна тэдэнд олимпийн алтан медалиас бусад бүх том тэмцээний медаль бий. Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, Европын аваргын алт, мөнгө, хүрэл гээд бүх медаль байдаг.

ДАНИЕЛ СЕДИН, ХЕНРИК СЕДИН (ШВЕД)

Хоёулаа шайбтай хоккейн тамирчид

-Шведийн шигшээ баг төдийгүй ҮХЛ-н "Ванкувер Кэнайкс" багийн нүүр царай болж байсан ах дүү Сединүүд өдгөө тамирчны замналаа өндөрлүүлээд байгаа. Тэд 1999 оны драфтаар ҮХЛ-т хөл тавьснаас хойш зодог тайлах хүртлээ "Ванкувер Кэнайкс" багт хүчин зүтгэсэн. Сединүүд тухайн оны драфтын 2 болон 3-аар сонгогдсон гэхээр ямар авъяастай залуус байсан гэдгийг илтгэх болов уу? Хенрик 2010 онд ҮХЛ-н улирлын үнэ цэнэтэй тоглогч, онооны лидер болж байсан бөгөөд хамтдаа 3 удаа бүх оддын багт багтаж байсан. Энэ бол тэдний ҮХЛ-т үзүүлсэн амжилтууд. Үүнээс гадна Шведийн шигшээ багийнхаа хамтаар Олимп, ДАШТ-д түрүүлж үзсэн тамирчид юм.

СЕРГЕЙ АЛЕКСЕЕВИЧ БЕЛОГЛАЗОВ, АНАТОЛИЙ АЛЕКСЕЕВИЧ БЕЛОГЛАЗОВ (ХУУЧНААР ЗХУ, ОДООГИЙН ОХУ)

Ихрүүд чөлөөт бөхийн шилдгүүд байсан

-ОХУ-аас чөлөөт бөхийн олон шилдгүүд тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан байдаг. Тэдний гол төлөөлөгчдийн нэг бол ихэр ах дүүс болох Алексей болон Анатолий Белоглазовууд юм. Алексей Белоглазов олимпийн наадмаас хошой алт, ДАШТ-ээс 1 алт хүртсэн бол Анатолий Белоглазов олимп, дэлхийгээс тус бүр нэг алтан медаль хүртсэн байдаг.

ФРАНК ДЕ БУР, РОНАЛД ДЕ БУР (НИДЕРЛАНД)

Ихэр залуус хоёулаа хөлбөмбөгийн тамирчид

-Нидерландын алдарт Аякс клубээс мэргэжлийн замналаа эхэлсэн залуус Европын тавцанд шилдэг тоглолтоо үзүүлж байсан. Ихрүүд карьерынхаа оргил үеэ Аякс болон Барселона клубуудэд өнгөрүүлсэн бөгөөд хожмоо хоёулаа Арабын лигүүдэд тоглосон. Тэдний шагналын цуглуулгад Нидерландын лиг, цом болон супер цом, Европын аваргуудын лигийн цом бүгд бий. Нидерландын шигшээ багтайгаа Европын АШТ-ээс Франк хошой хүрэл хүртсэн бол Роналд 1 удаа хүрэл медаль хүртэж байжээ.

МИХАЙЛ ШУМАЙХЕР, РАЛЬФ ШУМАЙХЕР (ГЕРМАН)

Ах дүүс хоёулаа авто спортын тамирчид

-Авто спортын формула-1 уралдаанд Герман ах дүүс олон жил амжилттай уралдсан. Гэхдээ ах Михайл Шумайхер нь илүү өндөр амжилт үзүүлж формула-1 уралдааны бүх цаг үеийн түүхэн рекордыг эзэмшин ноён оргилд нь хүрсэн эрхэм юм. Тэрээр 7 удаа дэлхийн аварга цолыг хүртэж, карьерынхаа турш 91 гараанд ялагч болсон байдаг. Түүний энэ амжилтыг эвдсэн тамирчин формула-1 уралдааны түүхэнд хараахан гараагүй байна. Харин дүү Ральф Шумайхер формула-1 уралдаанд 6 гараанд л ялагч болж байжээ.

ЭРИК КРЭЙГ СТААЛ, МАРК СТААЛ, ЖОРДАН СТААЛ, ЖАРЕД СТААЛ (АНУ)

Ах дүү дөрвөл бүгдээрээ шайбтай хоккейн тамирчид

-Нэг гэрийн ах, дүү дөрөв бүгдээрээ нэг спортоор хичээллэнэ гэдэг бас л ховор тохиолдол. Ах дүүс бүгд ҮХЛ-т тоглож байгаа бөгөөд хамгийн бага дүү Жаред Стаал л олон жил тоглож чадаагүй. Харин том ах Э.Стаал хамгийн өндөр амжилт үзүүлж байна. Тэр 2003 оны драфтаар ҮХЛ-н Каролина Харрикейнз багт хөл тавьснаас хойш өдгөө 16 дахь жилдээ тоглож байна. Өнгөрсөн хугацаанд тэр Каролина Харрикейнз багийн ахлагчийн үүргийг ч нэр төртэй үүрч, 2006 онд стэнлийн цомыг хүртэж, 5 удаа бүх-оддын багт тоглосон. Дээр нь Эрикийн амжилтыг тодотгох бас нэг амжилт бол Канадын шигшээ багтаа багтан 2010 оны Ванкуверын олимп, 2007 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж шайбтай хоккейн “Гурван Алтын Клуб”-ын гишүүн болсон байдаг.

БОБ БРАЙН, МАЙК БРАЙН (АНУ)

Ихрүүд мэргэжлийн талбайн теннисний тамирчид

-Их ах дүүс мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй хосын төрөлд “дархан” аваргууд юм. Тэд карьерынхаа эхэн үед ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байсан ч төдийлөн амжилт олоогүй бол хосын төрлөөр олон олон амжилтыг байгуулсан. Тэд хамтдаа Их Дуулга тэмцээний 17 цомыг хүртсэн байдаг бөгөөд Австралид 6, Францад 2, Уимлидонд 4, Америкт 5 удаа хамтада түрүүлсэн. Брайнуудын хувьд хамтдаа хүртэж үзээгүй цом байхгүй. Тур финалд 5 удаа түрүүлсэн бол олимпийн наадамд алтан медаль хүртсэн. Одоо ч тэд мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй хосын төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсаар байна.

МАЙКЛ СПИНКС, ЛЕОН СПИНКС (АНУ)

Ах дүү Спинксүүд боксын тамирчид:

-1980-аад онд дэлхийн боксын спортын ертөнцөд алдар нэрээ цуурайтуулсан боксчид бол ах дүү Спинксүүд юм. Ах дүүс хоёулаа сонирхогчдын боксоор карьераа эхлүүлж 1976 оны Монреалын олимпийн наадмаас ах Майкл нь 72 кг, дүү Леон нь 78 кг-н жинд аваргын алтан медаль хүртсэн. Олимпийн наадмын дараа хоёулаа мэргэжлийн спортод шилжсэн бөгөөд ах Майкл нь замналдаа 32 тулаан хийхдээ 31 ялж зөвхөн М.Тайсонд ганц удаа ялагдсан байдаг. Жиндээ WBA, WBC IBF-н аваргын бүсийг эзэмшиж байсан бол дүү Леон нь 46 тулаан хийснээс 26 ялалт байгуулж байжэ.

АЛИСТЕР БРАУНЛИ, ЖОНАТАН БРАУНЛИ (ИХ БРИТАНИ)

Хоёулаа триатлоны спортын тамирчин

-Ах А.Браунли нь Лондон-2012, Рио-2016 олимпийн наадмын алт, ДАШТ-ий элит ангилалд 2009, 2011 онд алт, багийн ДАШТ-д 2011, 2014 онуудад алт, ойрын зайн ДАШТ-д 2011 онд хүрэл медаль хүртсэн, Дүү Ж.Браунли Лондон-2012 хүрэл, Рио-2016 мөнгө, ДАШТ-ий алит ангилалт 2012 онд алт, 2011, 2013, 2016 онуудад мөнгө, 2014 онд хүрэл, багийн ДАШТ-ээс 2011, 2012, 2014 онуудад алтан медаль хүртэж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж