Ураны ашиглалтын 5 зөвшөөрлийг олгожээ

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Ураны ашиглалтын 5 зөвшөөрлийг олгожээ

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарт болж байгаа сүүлийн үеийн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Хэвлэлийн бага хуралд Уул урухайн сайд Р.Жигжид болон бусад албаны хүмүүс оролцжээ. “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авч эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 1924 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 926-г нь хүлээн авчээ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээр өргөдлүүдийг хянан үзэж 343 тусгай зөвшөөрөл шинээр олгосон, мөн зөвшөөрөл олгох боломжтой 457 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн” гэв. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр эрэл, зураглалын ажил хийгдсэн эрдсийн хуримтлал бүхий найман талбайд сонгон шалгаруулалт явуулжээ. Тэдгээрийн хоёр талбайд санал ирүүлж, зургаад нь санал ирүүлээгүй тул хуулийн дагуу өргөдлийн талбайд шилжсэн байна. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр дээрх хоёр талбай дээр “Ориент”, “Миллениум сторм”компани хамгийн өндөр оноо авч шалгарчээ. Одоо орон нутгаас дэмжлэг авсан 20 талбайд сонгон шалгаруулалт явуулахаар бэлтгэж буйг Ашигт малтмалын газраас дуулгав.

Мөн Ашигт малтмалын газраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн ордуудад уран олборлох ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг Францын "Aрева Майнс" компанийн охин компани болох "Кожеговь"-д олгосон байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Зөөвч-Овоо ордыг  хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг төлөөлж "Мон-Атом", Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниуд хамтарч "Арева Майнс" компани байгуулан, тус компанид "Кожеговь"-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр болоод байгаа аж.

Дулаан-Уулын ураны нөөцийг 7000 тонн гэж тооцож байгаа юм. Харин Зөөвч-Овоогийн 54 мянган ураны нөөцтэй аж. Хайгуулын явцад ордын нөөцийн хэмжээ нэмэгдэх магадлалтай байгааг АМГ-ынхан мэдээлэв. Монгол Улс одоогоор ураны хайгуулын 49 тусгай зөвшөөрөл олгоод байгаагаас 27-ийг нь Францын "Арева" компани эзэмшдэг гэнэ. Үүнээс 15 нь Сүхбаатар аймагт, 12 нь Дорноговь аймагт байдаг байна. Мөн сүүлд олгосон ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг оролцуулаад Монгол Улс одоогийн байдлаар нийтдээ ураны “А” зөвшөөрөл тавыг олгоод байгаа юм байна. Ураныг ашиглахдаа Монгол Улс зөвхөн шар нунтагийн хэмжээнд л боловсруулахаар Төрийн бодлого, хууль тогтоомжуудад заасан гэдгийг Уул уурхайн яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 10 ордог. Монгол нутаг дэвсгэрээс уран олборлож эхэлснээр байгаль, экологид болон хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж төрийн бус байгууллагынхан үздэг. Монголын төрийн өмчит "Мон-Атом", Францын “Арева”, Японы “Мицубиши” хамтарч байгуулсан "Арева Майнс" компанид “Кожеговь”-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр Монгол Улс 34 хувийн өрөнд унана гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж