Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од эх орондоо амарч байгаад АНУ-ыг зорьсон билээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас урилга ирж, суралцах хүсэлт тавьсан талаар тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байсан юм.
Монголын сагсан бөмбөгийн шинэ од Ш.Энхийн-Од 2019-2021 онуудад АНУ-ын “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон тухайгаа дуулгалаа.
Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна.
Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.
Тэрбээр Улаанбаатар хотын төв талбайд зургадугаар сарын 3-наас эхлэн 7-ны өдрүүдэд 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ