Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн тэдгээр шүүгчдийн дунд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбат байсан бөгөөд зургадугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор хил давж, Орос руу гарсан байна.
Түүнийг Интерполоор эрэн сурвалжлуулах ажиллагааг ТЕГ-аас эхлүүлэхээр бэлтгэж байсан ч тэрбээр гэр бүлийн хамт, биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад саатуулагджээ. Энэ талаарх мэдээллийг хуулийнхан болон тагнуулынхан үгүйсгэхгүй байгаа юм.
С.Төмөрбат нь өнгөрсөн хавар 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсан, Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа агсны хүү. Талийгаач Л.Бямбаа Салхитын мөнгөний орд газрын эзэмшигч “Амин билигт” компанийн албан ёсны хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэдэг.
Түүнийг шүүгчдэд нөлөөлж, авлига өгсөн гэх хэрэгт буруутган, АТГ саатуулан хорих үед өөрийнхөө амийг хөнөөсөн гэх тайлбарыг ШШГЕГ-аас өгч байсан юм. Ар гэрийнх нь зүгээс энэ тайлбарыг эсэргүүцэж, "Миний ээж яав ч амиа хорлох хүн биш, маш чанга хатуу хүн байсан. Олон жил олон үйл явдлыг сэтгэлийн хатаар туулж ирсэн. Би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Сүүлийн үед зарим улстөрч Монгол Улсын шүүх болон шүүгчийг өөрийн тоглоом болгон ашиглаж байгааг би хэлж байна. Миний ээж өөрийгөө хороох ямар ч шалтгаан байхгүй" хэмээн С.Төмөрбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Үүнээс өмнө ТЕГ-ынхан "Голомт" хотхонд тусгай ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтантай холбоотой бичиг баримт олсон, уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, лицензийг нь хурааж байсан юм.
АТГ Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт С.Төмөрбатаас гадна гурван шүүгчийг цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн Даваа гаригт хүргүүлсэн. АТГ-ын баривчилгаанаас өмнө тэрбээр хил даван зугтаж, АНУ хил дээр саатуулагдсан бололтой.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ