Т.Цэнд-Аюуш: Гадаад хүмүүс надад зориулж алга ташдаг

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Т.Цэнд-Аюуш: Гадаад хүмүүс надад зориулж алга ташдаг

Гудамжаар алхаж явахад бидэнд нийгмийн янз бүрийн дүр төрх харагддаг. Гуйлга гуйсан хүүхэд, урдаа жин тавьсан өвөө, архинд согтсон ах хүү, аар саархан зүйл зарах настай эмээ. Энэ бүхэнд бид хэдийнэ дасал болжээ. Хааяахан хэн нэгэн хэдэн төгрөг сарвайн, хажуугаар зөрөх хүмүүс харц шидэн ярвайна, магадгүй зарим нь өрөвдөж өглөг буян үйлдэнэ. Үүнд ч бас тэд дассан бололтой.

Энэ бүхнийг ажиглан, алхаж явсан сэтгүүлч миний нүдэнд нэгэн эмээ тод өртсөн юм. Урдаа өндөрлөж тавьсан дөрвөлжин хайрцагт печень, чихэр, тамхи, кофе тавьчихаж. Хажуудаа ач охин нь бололтой жаахан охин суулгачхаж. Хамтдаа инээлдээд зайрмаг идэж байгаа нь бүр ч содон. Хажууд нь очоод хэсэг харж зогслоо. Өмссөн хувцас нь цэвэрхэн, нүдэнд дулаахан, ааль сайтай хүн шиг санагдлаа. Дөхөж очоод ярилцах зөвшөөрөл хүсэхэд тэр шууд яриад эхлэв.

Уншигч та бүхэнд далан нас хүрч яваа “худалдагч” эмээ Цэнд-Аюушийн яриаг хүргэе.

“ОЛОН АЧ, ЗЭЭТЭЙ БИ БАЯН ХҮН”

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Тойсолын Цэнд-Аюуш гэдэг. Хар багаасаа хүүхдийн хувцасны үйлдвэрт тасралтгүй 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хань минь эрт бурхан болж, би гэдэг хүн дөрвөн хүүхэдтэй үлдэж байлаа. Хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж бараг өөрийгөө мартсан даа. Одоо хүүхдүүд маань том болж, би чинь арваад ач, зээтэй “баян” хүн болсон шүү.

-Гудамжинд худалдаа эрхлээд удаж байна уу? Хүүхдүүд нь гараас гарчихсан байхад та ингээд сууж байдаг?

-Харин тийм ээ, уг нь гэртээ биеийн амрыг хараад суумаар л байна. Гэвч амьдрал болохгүй юм. Дөрвөн үрийнхээ нэгийг алдчихлаа, одоо нэг нь өвчтэй надтай хамт амьдардаг. Тэтгэврийн хэдэн цаас хаанаа ч хүрэхгүй юм. Ингэж л хөдлөхгүй бол амьдрал зогсоно шүү дээ. Олныхоо буянд болж л байна, яахав. Гудамжинд худалдаа хийгээд удаж байна. Энэ арын талбай өмнө нь сайхан цэцэрлэгт хүрээлэн байсан даа. Тэгэхэд л бидний үеийн арван хэдэн хөгшчүүл эгнэж суучхаад “наймаа"-гаа хийдэг байлаа. Одоо түүнээс хойш хориод жил өнгөрчээ. Ихэнх нь бурхны оронд одож, одоо бараг би л үлдэх шив.

ОДООГИЙН ЗАЛУУС ИЛҮҮ СОЁЛТОЙ БОЛСОН САНАГДДАГ

-Өдөрт хэр орлого сайтай байна даа? Худалдан авагч нар ихэвчлэн ямар насны хүмүүс байна вэ?

-Өө яахав, залуус л хааяа бохь, тамхи авах юм. Хөгшчүүл мөнгөгүй ч юм уу, нэг их авахгүй ээ. Хуучин бол орлого сайн байлаа. Өдөртөө бараг 200 мянгыг олчихдог байсан. Одоо 50, 60 мянга хүрч байвал их юм. Гэхдээ голоод яах вэ. Зүгээр гэртээ суусан бол надад хэн мөнгө өгөх вэ. Зарим нь одооны залуус болохгүй байна л гэдэг, харин ч илүү соёлтой болчихсон юм уу гэж би боддог шүү. “Эмээ май цай аваад уучих, танд зүгээр өгч байгаа юм” гээд залуус тав, арван мянган төгрөг өгнө өө. Харин гадаад хүмүүс ямар хэл нэвтрэлцэх биш, мөнгө өгөөд над руу толгой дохидог. Настай хүн ажил хийж байна гэж хүндэлдэг юм байлгүй, алга хүртэл ташдаг шүү.

-Тийм шүү, та өдий насанд зүгээр суусангүй. Гэтэл бидний эргэн тойрон ажилгүй залуус согтуу байна шүү дээ? (Хажуугийн сандал дээр гурван залуу халамцуу бололтой чанга дуугаар ярилцаж байв).

-Үнэнийг хэлэхэд эмээ нь үүнд эмзэглэж явдаг. Хайран сайхан залуус минь архинд орчихсон, гудамжаар тэнээд л явдаг юм. Тэднийг бас буруутгах аргагүй. Төр засаг залуусаа ажлын байраар хангахгүй, гаргуунд хаячхаж байна. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд яах ёстойг эгч нь мэдэхгүй. Гэхдээ л энэ олон ажилгүй залуусыг ингээд архинд живүүлээд орхимгүй санагдана.

ТӨР ЗАСАГ ЯДУУСАА АНХААРАХГҮЙ БАЙНА

-Ер нь төр засаг иргэддээ хүрч ажиллаж чадаж байна уу?

-Ядуурлыг арилгана, ажилтай, орлоготой болгоно л гэдэг, худлаа шүү дээ. Яг ядуустаа хүрч ажиллахгүй байна. Хаагуур нь ч зөрөөд байдаг юм бэ. Би одоо ингээд гудамжинд зогсохын оронд ядаж нэг “ТҮЦ”-нд суучихмаар байна. Гэтэл надад газар өгдөггүй. Хэдэн жилийн өмнө нэг сайн дурын байгууллага надад “ТҮЦ” өгсөн юм. Би ч баярлаад газар хөөцөлдөж нэлээд гүйсэн. Баянзүрх дүүргийн газрын байцаагч нь “Танд өгөх газар байхгүй ээ” гэсэн. Тэгээд л нөгөө “ТҮЦ”-ээ зарчихсан даа. Одоо эмээ нь өвчтэй хүүтэйгээ гэр хороололд амьдардаг. Нас яваад ус, түлээгээ дийлэхгүй болж байна. Намраас нэг жижигхэн байшин барих санаатай. Тэтгэврийн зээл өгөх юм уу яах юм, найман сард л шийдэгдэнэ дээ.

-Одоо та тэтгэврийн зээлтэй юм уу, ер нь сард хэдэн төгрөг авдаг вэ?

-Миний сарын тэтгэвэр 320 мянга. Үүнээс зээлээ төлнө. Одоо зээлгүй хөгшин байдаг юм уу? Ихэнх нь зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Харин хэдэн сарын зээлтэй вэ гэдгээрээ л ялгаатай байх. Би одоо хоёр саяын зээл авчихвал намраас байшингаа барьж эхэлнэ дээ.

-Та өвөл ч гэсэн ингээд зогсдог уу?

-Надад өвдөх юм бараг байхгүй дээ. Урьд нь өвөл ч гэсэн ажилладаг л байлаа. Үүнээс болоод одоо үе мөч өвддөг болсон.

-Гудамжинд юм зарж байгаа хүмүүсийг цагдаа нар хөөж харагддаг. Таныг хөөх юм уу?

-Эвий муу цагдаа нар чинь харин ээж шигээ санадаг байх. Намайг хөөж туугаад байдаггүй юм. Амьдрал юм чинь ойлгодог биз дээ. Ямар худал хэлж, хулгай хийж яваа биш. Хэдэн үр хүүхдэдээ дараа болчихгүй гэсэндээ л ингэж яваа хэрэг. Тэд ч гэсэн амьдрах гэж ядаж яваа улс. Охин минь харин саяхан надад энэ ээмэг бэлэглэсэн юм. Үнэтэй юм шиг гоё харагдаж байна уу? Алт шиг шар өнгөтэй мөртлөө хямдхан гэсэн.

“Охин минь надад ээмэг бэлэглэсэн. Үнэтэй юм шиг гоё харагдаж байна уу?”

-Охин нь өгсөн юм чинь “үнэтэй” байлгүй яах вэ. Ер нь хүн гаднаа биш дотроо “баян” байвал сайхан юм шиг ээ?

-Ёстой үнэн. Би ч бас тэгж боддог. Ингээд сууж байхдаа би гудамжаар явж байгаа хүмүүсийг их харна аа. Хүнийг гаднаас нь хараад сайн, муу гэж ялгах хэцүү. Муухан хувцастай, ядарч яваа гэмээр хүн бохь аваад хариултаа надад үлдээж байхад, гял цал хувцасласан хэрнээ тавин төгрөгийн хариултаа нэхээд уурлах нэг нь ч бий. Албагүй л дээ, гэхдээ л эгч нь хүмүүсийг гаднаас нь хараад дүгнэдэггүй.

ӨГЛӨӨ АЖИЛДАА ЯАРААД, ОРОЙ ГЭР ЛҮҮГЭЭ ХАРЬЖ ЯВАА ЗАЛУУС ХАМГИЙН ГОЁ ХАРАГДДАГ

-Монголын маань ирээдүйг авч явах залуустаа хандаж та юу хэлэх вэ?

-Хамгийн гол нь хүүхдүүд минь ажилтай л бай. Өглөө ажилдаа яараад, орой гэр лүүгээ харьж яваа залуус надад хэчнээн гоё харагддаг гээч. Өглөө, оройд энэ гудамжаар дүүрэн тийм залуусын урсгал үүсдэг. Ажилгүй, архи ууж байгаа бусад залуус ч бас ингээд алхаасай, амьдралын сайхныг мэдрээсэй гэж хүсдэг шүү.

-Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай!

-Баярлалаа, эгч нь телевизээр гарах юм уу?

-Үгүй ээ, та уншиж болно, хаанаас уншихыг нь бичээд өгье.

Бид хоёрын ярилцлага ийн өндөрлөсөн юм. Явахдаа би “Улам илүү орлоготой байг” гээд хоёр кофе авахаар боллоо. Гэтэл Цэнд-Аюуш гуай “Мөнгө хэрэггүй ээ, май зүгээр ав” гэлээ. Яаж болох вэ дээ, юутай сайхан сэтгэл вэ!

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж