Филиппиний "Төмөр эрвээхэй" Имелда Маркос

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Филиппиний "Төмөр эрвээхэй" Имелда Маркос

Филиппиний "Төмөр эрвээхэй" Имелда Маркос

Филиппиний ядруухан хуульчийн гэр бүлд төрсөн Имелда Маркос залуудаа яг л үнсгэлжин шиг үзэсгэлэнтэй хөөрхөн охин байв. Тэрбээр 18 насандаа улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ. Хэсэг хугацааны дараа хожим Филиппиний Ерөнхийлөгч болсон Фердинанд Эмануэль Маркос мөн л үлгэрт гардаг шиг жирийн айлын охин Имелдад дурласан гэдэг. Түүнээс хойш Имелдагийн амьдрал яг л үлгэрт гардаг шиг сайхан байсан ч хэт их хөрөнгө мөнгө, эрх мэдэл түүнийг эвдэж, хязгааргүй шунал нь түүнийг дэлхий дахинд алдаршуулсан юм.

-ФИЛИППИНИЙ ГОО БҮСГҮЙ-

Имелда Тринидад Ромуалдез Маркос нь 1929 оны долдугаар сарын 2-ны өдөр мэндэлсэн бөгөөд эцэг, эх нь түүнийг нялх балчир байхад нь үрчилж авч байжээ. Багаасаа урлагт хайртай, дуу хөгжимд дуртай байсан Имелда янз бүрийн дууны болон гоо бүсгүйн тэмцээнүүдэд орж амжилт гаргах болж. Эхлээд тэр орон нутгийнхаа гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж, улмаар улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцон “Филиппиний гоо бүсгүй” болсон байна.

Улсынхаа нүүр царай болсон Имелда бараг бүх л сонин сэтгүүлийн нүүрийг чимж, залуу болгон түүнд дурладаг байжээ. Ингээд тус улсын парламентын залуу гишүүн Фердинанд Эмануэль Эдралин Маркос залуухан гоо бүсгүй Имелдад анхны харцаар дурлаж, Имелда ч залууд татагдсан гэдэг. Тэд анх нэгнээ харсан өдрөөсөө ердөө 11 хоногийн дараа Фердинанд түүнд гэрлэх санал тавьсан байна.

-САЙХАН СЭТГЭЛТ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ-

Тэд сүр дуулиантайгаар хуримаа хийж, Имелда ирээдүйн тэргүүн хатагтай болсон юм. Гэрлэснийхээ дараа тэрбээр загвар өмсөгч, дуучныхаа ажлыг түр хойш нь тавьж, нөхрийнхөө улс төрийн карьерт бүх анхаарлаа хандуулахаар шийджээ. Нөхрийгөө дагаж, ард иргэдтэй уулзан, хүмүүст тусалж, бүхий л чадлаараа нөхрийнхөө ажлыг дэмждэг байсан аж.

Удалгүй 1965 онд Фердинанд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Имелда тэргүүн хатагтай болсон юм. Тэрбээр албан ёсны уулзалт, айлчлал дээр л нөхрөө дагаж явдаг бэлгэдлийн чанартай тэргүүн хатагтай байсангүй. Имелда улсдаа маш нэр хүндтэй, олон улсын чухал уулзалт, дипломат томилолтуудад байнга явдаг, ард иргэдтэйгээ ойр дотно, маш хөдөлмөрч, шаргуу тэргүүн хатагтай байсан гэдэг.

Тэр ч байтугай Мао Зедунь, Ким Ир Сен, Рональд Рэйган, Садам Хуссэйн, Леонид Брезнев зэрэг дэлхийн удирдагчидтай нөхөрсөг харилцаатай байсан аж. Түүний хүчин чармайлт гаргаж яриа хэлэлцээ хийсний үр дүнд Ливийн удирдагч агсан Муанмар Кадафи Филиппин болон Исламын салан тусгаарлагдын хооронд энхийн гэрээ байгуулахад туслахаар болж байжээ. Имелда улсынхаа дипломат харилцаанд маш том үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд түүний ачаар Филиппин улс дэлхийд алдарших болсон байна. Тэргүүн хатагтайнхаа үүргийн дагуу улс орныхоо соёл, эрүүл мэнд, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байсан тэрбээр хүн ардын эрүүл мэндийг дэмжих, соён гэгээрүүлэх, оролцоог дэмжих төвүүдийг байгуулж байжээ.

-ТӨМӨР ЭРВЭЭХЭЙ-

“Түүний хайр намайг амжилтын оргилд хүргэсэн” хэмээн Ерөнхийлөгч Фердинанд эхнэрийнхээ тухай ярихдаа дурдсан байдаг. Тэд үнэхээр аз жаргалтай хос байжээ. Эхнэртээ анхны харцаар дурласан Фердиданд эцсийн амьсгалаа тасартал түүнийгээ үнэнчээр хайрласан гэдэг. Тэд гурван хүүхэдтэй, хүүхдүүд нь бүгд улс эх орныхоо түүхэнд нэрээ дуурсгасан хүмүүс. Гэхдээ хожим тэдний гэр бүл “дарангуйлагчид” болон хувирсан юм.

Харамсалтай нь, хүмүүс хэт их эрх мэдэлд хүрэхээрээ өөрсдийн давуу байдлыг мэдэрч, түүнийгээ буруугаар ашиглах ухаан сийлж эхэлдэг. 1972 онд Фердинанд улсынхаа Үндсэн хуулийг үгүй хийж, дарангуйллын дэглэм тогтоож эхэлжээ. Ингэснээр тэр эхнэртэйгээ хамт улсын төсөвт шууд гар дүрэх эрхтэй болсон байна. Их хөрөнгөн дээр суусан Имелда шуналаа барьж дийлэхээ байж, хүссэн бүхнээ худалдан авдаг болов. Хамгийн үнэтэй гэсэн тансаг брэндийн дэлгүүрүүдээс худалдан авч, өөрийнхөө хөргүүдийг хэдэн арваар нь зуруулдаг болжээ. Гутланд нугасгүй дуртай Имелда өрөө дүүрэн гутлын цуглуулгатай болов. Нэгэн ярилцлагын үеэр “Би 3000 хос гуталтай болохыг хүсдэг. Гэхдээ одоо надад дөнгөж 1060 хос байна” гэж ярьж байжээ.

Тэр хүүхэд насандаа ядуу зүдүү амьдарч байснаа нуухыг оролддог байсан аж. Нэг удаа түүний намтраар ном хийх гэж байсан зохиолчийн эрхийг хүртэл хаалгаж байсан гэдэг. Хожим нь “Имелдагийн сэргэн мандалт ба уналт” номыг зохиогч Кармен Педроса “Тэр ядуу тарчиг угсаа гарлаа үргэлж бусдаас нуудаг. Тэр огт өөр Имелдаг бүтээж эхэлсэн. Тэр ариун цэврийн өрөөндөө ч тансаг хээнцэр даашинзаар гоёх болж, өөрийнхөө өнгөрснийг өөрөө ч мартахыг хичээдэг. Тэр ядуу буурай оронд хэт баян тансаг амьдардаг” хэмээн хэлж байжээ.

Имелдагийн худалдаж авсан үнэтэй зүйлс, түүний хэт тансаглалын талаар үлгэр домог шиг итгэхэд бэрх ярианууд байдаг. Нэг удаа Нью-Йорк хот руу айлчлалаар явахдаа нэг өдрийн дотор тухайн үеийн ханшаар 3 сая ам.доллар үрж байсан, Микельанжелогийн зургийг 3,5 сая ам.доллараар худалдаж авч байсан, Ром руу нисч байгаад бяслаг худалдаж авахаа мартсан гээд онгоцоо замаас нь буцаасан, үнэтэй торгоор зөвхөн өөртөө зориулж ариун цэврийн цаас хийлгэж байсан гэх зэрэг түүний хязгааргүй шуналын талаар яриа их байдаг. Тэр хэзээ ч үнэтэй тансаг эдлэлд “үгүй” гэж хэлж байгаагүй. Тиймдээ ч төрөл бүрийн үнэт эдлэлээр гоёсон түүнийг “Төмөр эрвээхэй” гэж нэрлэх болсон байна.

-ДАРАНГУЙЛЛЫН ТӨГСГӨЛ БА УЛС ТӨРД ЭРГЭН ИРСЭН НЬ-

Улс орон нь ядуу тарчгийн тууль болж, ард иргэд нь өлсөж цангаж байхад Маркосын гэр бүл ганцаар хэт тансаг амьдралд хөлбөрч, улсын төсвийг дураараа захиран зарцуулж байгааг филиппинчүүд өршөөсөнгүй. Тэдний аминч үзлийг тэвчихээ байсан иргэд хувьсгал хийж, Ерөнхийлөгч Фердинанд болон түүний эхнэр Имелдаг суудлаас нь буулгаж, эх орноосоо хөөн гаргажээ.

1991 онд Ерөнхийлөгч байсан Коразо Акүйно тэднийг эх орондоо эргэн ирэхийг зөвшөөрсөн байна. Фердинандын гэр бүл “Улс эх орноосоо хамгийн их мөнгө хулгайлсан гэр бүл”-ээр тодорч, "Геннисийн ном"-д бүртгэгдсэн байдаг. Тэдний улсын төсвөөс зувчуулсан мөнгө бараг 90 тэрбум ам.долларт хүрнэ.

1991 онд нөхрөө нас барсны дараа тэрбээр төрсөн гэртээ эргэн ирсэн байна. Төрсөн нутагтаа очоод тэндээ гутлын музей байгуулжээ. Бууж өгөхийг хүсээгүй Имелда улс төрд эргэн орохыг оролдсон ч 2010 он хүртэл түүний оролдлого бүтэлгүйтсээр байж.

Төрөлхийн улс төрд авьяастай тэрбээр 80 насандаа дахин улс төрд эргэн ирж, улсынхаа Төлөөлөгчдийн танхимд сонгогдож чаджээ. Одоо ч парламентын гишүүнээр ажиллаж байгаа 90 настай Имелдаг 2018 оноос авлига хээл хахууль, улсын хөрөнгө зувчуулсан хэргээр шалгаж байгаа аж.

Түүний хачирхалтай амьдралын талаар Холливудын кино ч гарч магадгүй. Түүний амьдрал бол хүмүүст эрх мэдэл гэдэг зүйл өөрөө маш том хариуцлага дагуулж байдаг, тэрхүү эрх мэдэлд хүн хэт автахаараа хэрхэн өөрийгөө ч танихаа больж, бусдыг ч энэрэх сэтгэлгүй болдгийн тод жишээ юм. Эрх мэдэл, хөрөнгө мөнгө хүнийг танигдахын аргагүй өөрчилдөг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж