Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн миний хувьд энэ ялагдал хүлээж байгаагүй мөч байлаа. Хоёр гараа өргөөд ялалтын тавцан дээр зогсож байгаагаар л өөрийгөө төсөөлж байснаас миний зогсох ёстой тэр л орон зайд баясгалантай нь аргагүй цом өргөх хэн нэгнийг атаархангуй харцаар хараад ийнхүү санаа алдан зогсож байх юм гэж яаж мэдэхэв дээ. Ай хөөрхий… Хүлэг бүр түрүүлэх гэж л уралддаг ажгуу. Гагцхүү нэг нь л тэр аз жаргалыг мэдрэх. Бусад нь ялагдлын гашуун амтыг цээж хорсгон хүртэх ажээ. Хэрэв чи түрүүлбэл баатар, 2-т орвол хэн ч биш.
Харин одоо би тайвширч байна. Хоолонд минь давс дутаад нэг л үлбэгэр санагдаад байсан чинь амт жор нь таараад “аятайхаан” болчихож. Хариугүй бялуурах шахсаны эцэст одоо л нэг номондоо орж байх шив дээ…
Гэхдээ урам зориг минь мохсонгүй. Би аажим аажмаар урагшлахаар, урдах бартаа саадаа таамаглаж, тэр бүхэнд тохирсон хариу цохилтыг бэлдэн ган болд шиг хатуужин “боловсорч” байна. Ялагдал заримдаа ялалтаас ч илүү амттай байдаг ажээ. Ялагдлын амтыг мэдэрч чадсан хүн ялсан нэгнээс ч илүү хүчтэй байдаг гэлцэнэ. Энэ үнэн үг ажээ.