Сүр хүчийг үзүүлэхийг хүссэн Трампын парад

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Сүр хүчийг үзүүлэхийг хүссэн Трампын парад

Сүр хүчийг үзүүлэхийг хүссэн Трампын парад

Долдугаар сарын 4-ний энэ өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. Сүүлийн 30 жилийн түүхэнд, Вашингтон Ди Си хотноо анх удаа цэргийн техник хэрэгслүүдээ “гайхуулан”, сүр хүчийг үзүүлэх зорилгоор цэргийн парад зохион байгуулах шийдвэрийг Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан билээ.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа авсан Дональд Трамп Парист Елисейн талбайд Бастилийг эзлэн авсан өдөрт зориулсан цэргийн парад үзсэнийхээ дараа энэ төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахаар удаа дараа санал гаргаж байв. Мөн цэргийн техник оролцсон парадыг Тусгаар тогтнолын өдрөөр зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа ч цөөнгүй удаа мэдэгдсэн юм.

Тэрбээр өнгөрсөн жил Ахмад дайчдын өдрөөр цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөсөн ч зардал ихтэй, төсөвт дарамт учирна гэж үзсэний улмаас парад болоогүй. “The Washington times” сонинд мэдээлснээр, Трамп “АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тэмдэглэх хүрээнд долдугаар сарын 4-ний өдөр нийслэлд байлдааны танк оролцсон парад болно” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр сэтгүүлчдэд “Вашингтонд долдугаар сарын 4-нд гайхалтай өдөр болно. Маш онцгой. Хотод танкууд байршуулна” хэмээн ярьсан байна.

Трампын өгүүлснээр, замын хучлагыг гэмтээхгүйн тулд танкуудыг “тодорхой хэсгүүд”-д байрлуулах хэдий ч чухам хаана гэдэг нь тодорхойгүй байв. Түүнчлэн тусгаар тогтнолын өдрөөр “дэлхийн шилдэг сөнөөгчид” багтсан онгоцууд агаарт хөөрөх аж.

“The Washington Post” сонин “Ерөнхийлөгч энэ өдөр “Абрамс” танкуудыг олон нийтэд харуулж, тав дахь үеийн F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцуудын үзүүлбэр зохион байгуулахыг хүсч байна” гэж онцолжээ. Парад зохион байгуулахад ихээхэн зардал шаардагдах бөгөөд F-35 онгоцны нэг цагийн нислэг гэхэд л 30 мянган ам.доллар байдаг аж.

Америкт цэргийн парад болох нь нэн ховор. Хамгийн сүүлд 1991 онд Персийн булангийн дайнд ялсан өдөр Вашингтонд цэргийн парад зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд 8000 орчим цэргийн албан хаагч оролцон, Вашингтоны гудамжуудаар байлдааны ажиллагаанд оролцсон цэргийн техникүүд, зэвсэгт хүчний төрөл бүрийн анги салбаруудын төлөөлөгчид, цэргийн найрал хөгжмийн уран бүтээлчид алхан өнгөрч, агаарт цэргийн онгоцууд нисэлдэж байжээ. Тухайн үед энэ парадыг 200 мянга орчим хүн үзсэн бөгөөд төсвөөс 12 сая ам.доллар зарцуулсан байна.

Өнгөрсөн 2018 онд Ахмад дайчдын өдрөөр парад зохион байгуулахаар төлөвлөсөн ч энэ төрлийн арга хэмжээ 20 сая ам.доллараас хэтрэхгүй гэж найдаж байсан Цагаан ордон 92 сая ам.долларын зардал гарах нь тодорхой болмогц хэт өндөр гэж үзэн цуцалжээ.
“Ассошиэтед Пресс” агентлаг, өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн парад зохион байгуулахыг Пентагон буюу Батлан хамгалах яамнаасаа хүссэн тухай мэдээлж байв.

Энэ удаад АНУ-ын засаг захиргаа энэхүү үйл ажиллагааг сайтар зохион байгуулахаар тохиролцсон байна. Тус баярт зориулсан цэргийн парадад оролцох “Абрамс” танкуудыг өнгөрсөн лхагва гаригт Вашингтонд авчирсан талаар “The New York Times” мэдээлжээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр (англ. Independence Day)

1776 оны 7 сарын 4-ний өдөр АНУ нь Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарлажээ.

Тусгаар тогтнолын өдрөөр том хэмжээний салют буудуулж, парад жагсан, аялал зугаалга, концерт, бэйсболын тоглолт, гэр бүлийн уулзалтууд болж, улс төрийн илтгэлүүд тавигдах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагддаг байна.

Тусгаар тогтнолын энэ өдөр нь АНУ-ын үндэсний өдөр юм. Энэ өдөр нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг. Энэ баярыг тэмдэглэхдээ ихэвчлэн гэр бүлээрээ аялал зугаалга хийж, томоохон парад жагсаалд оролцон өнгөрүүлдэг. Хүмүүсийн хувцаслалт, талбайн гоёл чимэглэл зэрэгт Америк улсын төрийн далбааны улаан, цагаан, цэнхэр өнгө голлоно. Энэ баяраар салют буудсаны дараа төрийн дуулал болон эх орноо хайрлан хүндэтгэсэн бусад дуунууд эгшиглэдэг байна. Зарим дууны шүлэг нь 1812 оны дайныг санагдуулам байдаг аж.

1776 оны 6 сард Виржиниагийн Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тогтоолыг Эх газрын Конгресс зөвшөөрөхөөр санал хурааж, 13 колони орон 1776 оны 7 сарын 2-ны өдөр Их Британийн Нэгдсэн Вант улсаас хууль ёсны дагуу тусгаарлагджээ. Санал хураалтын дараа Конгресс өөрсдийн анхаарлыг Тусгаар тогтнолын тунхаглалд хандуулсан бөгөөд удаан мэтгэлцэж ярилцсаны эцэст 7 сарын 4-ний өдрөөр хүлээн зөвшөөрчээ.

Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан Жон Адамс, Томас Жефферсон нар АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Тусгаар тогтнолын 50 жилийн ойгоор буюу 1826 оны 7 сарын 4-ний өдөр нэгэн зэрэг нас баржээ. Тунхаг бичигт гарын үсэг зураагүй хэдий ч үндэслэгч эцгүүдийн нэг Жэймс Монро энэ түүхэн өдөр өнгөрсөн гурав дахь ерөнхийлөгч аж. АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Күүлиж 1873 оны 7 сарын 4 өдөр буюу тусгаар тогтнолын ойн өдөр мэндэлсэн цорын ганц ерөнхийлөгч юм байна.

Салютын шоу нь олон мужид зохиогддог ажээ. Зарим мужид иргэдийн аюулгүй байдлын үүднээс гар дээрээс салют худалдаалахыг хорих, хэмжээг хязгаарлах, зарим төрлийнхийг худалдаалахыг хориглодог байна.

Улсын хэмжээнд тохиож байсан хамгийн том шоу нь 22 тонны тэсрэлт хийсэн 2009 оны Нью-Йоркийн шоу байжээ. Мөн Мичиган нуур дээрх Чикаго, Мишн булангийн Сан Диего зэргийг дурдаж болох аж.

Салют шоуг зарим тохиолдолд иргэдэд таатай байлгах үүднээс ажлын өдөр таарсан тохиолдолд тэр долоо хоногийнхоо амралтын өдөр хийдэг байна. Үүнийгээ дагаад долдугаар сарын эхний долоо хоног нь ерөнхийдөө америкчүүдийн хувьд аяллын, хамгийн завгүй долоо хоног болдог ажээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж