Монгол гэргүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй. Монгол гэр нь нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохиромжтой, ачиж тээвэрлэхэд хөнгөн, барьж, буулгахад авсаархан нэн эртний түүхтэй сууц юм. Сүүлийн жилүүдэд гадны иргэд монгол гэрийг ихээхэн сонирхож, ганц нэгээр нь экспортолж, монгол гэрт амьдарч, олонд сонирхуулах нь элбэг болсон.
Монгол улсад элэгтэй Франц улсын нэгэн иргэн улсдаа монгол гэрийг олноор барьж, жуулчны бааз ажиллуулахаас гадна цөөнгүй хосын хуримын ёслолыг зохион байгуулжээ. Эрхэм уншигч танд Франц улс дахь “Нүүдэлчний сууц” хэмээх жуулчны баазын талаар танилцуулъя.
Франц улсын хойд зүгт байрладаг La Chapelle-Gauthier хэмээх жижиг хотод “Нүүдэлчний сууц” нэртэй жуулчны бааз бий. Францын хуучны загвартай барилгуудыг тойрон 25 монгол гэр барьсан бөгөөд энэ гэрүүдийг Монголоос экспортоор оруулж иржээ.
Энэ газрыг өдгөө 71 настай, Франц улсын иргэн Жак Боллет анх 2008 онд байгуулсан байна. Тэрбээр хамгийн анх 1992 онд Монголын гайхамшигтай үзэсгэлэнтэй газар нутагтай танилцахаар шийдэж, аяллаа эхлүүлж байсан аж. Тухайн үед Монголд аялахад машин, бензин ховор байсан бөгөөд гадаад жуулчдын явах дуртай газрыг мэддэг хүн тун цөөн байсан тухай тэр ярьсан юм.
Тэр цагаас хойш тэрбээр Монголын 21 аймгаар аялж үзээд байгаа ажээ. Жак Боллет Монголд анх ирснээсээ хойш Монголд аялал жуулчлалын компани хүртэл байгуулж, олон жуулчныг Монголоор аялуулсан байна. Харамсалтай нь, Монгол орны аялал жуулчлалын улирал маш богинохон учраас аялал жуулчлалын бизнесээ зогсоож, Францад монгол гэр оруулж ирэх санаа төржээ.
Жак Боллет анх монгол гэрт амьдрах гэж сонирхон оруулж ирсэн ч хадгалах газар хэрэгтэй болжээ. Ингээд тэрбээр хуучин ферм худалдан авч, “Эндээ яагаад монгол гэрээ барьж, жуулчин хүлээн авч болохгүй гэж” гэсэн санаагаа хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тэрбээр монгол гэрийг маш сайн мэддэг нэгэн. Өөрөө гадны жуулчид болон франц хүмүүст тайлбарлаж өгнө. Хэрвээ монгол ажилтан нь байхгүй бол хүмүүст зааж өгөөд гэрээ барьчихдаг аж.
“Нүүдэлчний сууц” жуулчны баазад хуримын ёслол, хурал семинар тогтмол зохион байгуулдаг бөгөөд долоо хоногт гурван хуримын захиалга хүлээн авдаг байна. Нэг сард ойролцоогоор 12-15 хуримын захиалга ирдэг ажээ.
Одоогоор 10 гаруй ажилтантайгаас таван нь монгол хүмүүс аж. “Монгол гэр хүмүүст маш их таалагддаг. Ирсэн хүн бүр сэтгэл хангалуун буцдаг. Энэ газрыг байгуулснаар залуу насандаа хийж байсан бүх дурсамжийг минь эргэн сануулдаг. Монголын эртний түүх, ёс заншил, үзэсгэлэнт байгаль гээд бүх зүйлд баярлаж талархсанаа илэрхийлье. Монгол нутаг үнэхээр сайхан орон” хэмээн Жак Боллет ярьсан юм.
Холбоотой мэдээ