Цэрэг эрс амь насаа алдсаар, Н.Энхболд сайд байж л байг уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Цэрэг эрс амь насаа алдсаар, Н.Энхболд сайд байж л байг уу?

Цэрэг эрс амь насаа алдсаар, Н.Энхболд сайд байж л байг уу?

"News" агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, агентлагаар сонин юутай байна вэ” буландаа мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад батлан хамгаалах салбарт өрнөж буй үйл явдлуудтай холбоотой асуудлыг хөндөж байна.

Энэ салбарт сайн сайхан зүйл бишгүй бий. Түүний хажуугаар янз бүрийн шалтгааны улмаас хугацаат цэргийн албан хаагчид амиа алдаж байгаа тохиолдол олон гарч байна. Тэр дундаа 2019 он гарснаас хойш буюу хагас жилийн дотор цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг дараалан гарлаа. Үүнд:

2019.01.22

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан.

2019.01.30

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон.

2019.03.28

Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарчээ.

2019.05.14

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг, 18 настай залуу дунд чөмөг нь хугарч, хагалгаанд оров.

2019.05.26

Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдав.

2019.06.18

Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан байлдагч А буудуулсан байж болзошгүй хэрэг гарав.

2019.06.30

Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн  алба хаагч нас барсан.

Дээрх баримтуудаас харахад Монголын Зэвсэгт хүчинд энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь ердийн үзэгдэл боллоо. Түүний мөрөөр хариуцлага тооцсон нэг ч тохиолдол байхгүй.

Хуучин цагт байсан шиг цэргийн дарамт багассан гэж найдан, эцэг эхчүүд хүүгээ эр цэргийн албанд явуулдаг. Гэвч дарамт огт алга болчихоогүй байгааг цөөнгүй жишээ харуулж байна. Үрсээ алдсан эцэг, эх нь өчнөөн гомдол нэхдэг ч Монголын төр, салбарын сайд нь тоодоггүй. Батлан хамгаалах салбар нэг иймэрхүү л байна.

Цэргийн алба бол эр хүн тэсвэр хатуужилтай, олон улсын батлан хамгаалах салбарын наад захын мэдлэгтэй болж, бие бялдраа хөгжүүлэх, хамгийн гол нь сэтгэхүйн бэлтгэлтэй болгоход бэлтгэдэг салбар. Ийм иргэн бэлтгэх гэж батлан хамгаалах салбар байдаг. Гэтэл энэ салбарын дээрээс доош бүх шатны дарга нар нь сургалтын чанар стандарт, олон улсын зэвсэгт хүчний мэдлэг мэдээллийг олгож жинхэнэ цэрэг хүн болоход нь сургах байтугай хэм хэмжээлшгүйгээр хүний эрхэнд халдах эрхтэй мэт.

Цэргийн алба үхэл гэж бодвол хэн хүүхдээ үх гээд явуулах юм бэ. Энэ салбар сагсуу, дээрэлхүү ахлагч дарганцруудын хувийн бухимдлаа цэрэгтээ гаргадаг салбар ч биш. Салбар нь ингэж доройтож байхад сайд Н.Энхболд өнөөдрийг хүртэл зөөлөн суудалдаа заларсаар л байна. Уг нь салбарынхаа болж бүтэхгүй болгоныг засч, залруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн. Тэрбээр салбарынхаа сайн юм бүхний өмнө гарч ирдэг атлаа цэрэг эрс амь насаа алдахад таг дуугүй болчих нь хачирхалтай.

Батлан хамгаалахын салбар бол улс орны аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үүрэг хүлээсэн газар. Батлан хамгаалахын сайд хүн дор хаяж офицерийн мэргэжилтэй, Цэргийн академи төгссөн байх ёстой. Улмаар мэргэжлээрээ ажиллаж байгаад арми удирдана уу гэхээс энэ салбар зүгээр нэг инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн удирддаг салбар биш, энэ бол тусгай салбар.

Н.Энхболд сайд чадахгүй бол ёс зүйтэйхэн шиг ажлаа өгөх л ёстой. Зөвхөн 2019 оны хагас жилийн байдлаар ямар ямар хэрэг гарав, юу юу болов гэдэг нь дээрх жишээнүүдээс шууд харагдана. Гэхдээ зөвхөн ил болсон нь энэ. Дээрх хэргүүдээс гадна нүднээс далд хэдэн ч цэрэг бэртэж, гэмтэн, амиа алдсаныг хэлж мэдэхгүй.

Цаашид зэвсэгт хүчний анги нэгтгэлийг маш сайн хянах хэрэгтэй байна. Хэдий болтол бид энх цагт улс орны ирээдүй болсон залуучуудынхаа амь насыг эрсдүүлсээр байх вэ. Яагаад уур омгоо багтааж ядсан дарга, захирагчийн дарамтаас болж цэрэг эрс эрүүл мэндээрээ хохирох ёстой гэж…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж