"Наадмын билетийг банкуудаар борлуулахаар ярьж байна"

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

"Наадмын билетийг банкуудаар борлуулахаар ярьж байна"

"Наадмын билетийг банкуудаар борлуулахаар ярьж байна"

Дэлхийд ганцхан дээлтэй наадам айсуй… Наадам болоход ердөө долоо хоног үлджээ. Бөхчүүд галдаа, харваачид бэлтгэлдээ гарч, уяачид морьдоо сойж, наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ жилийн наадмыг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулах эрхээ Баяр наадмын комиссоос авсан билээ. Сүүлийн хэдэн жилүүдийн наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Харин Г.Цоггэрэл өнгөрсөн жил наадмын ерөнхий продюсерээр ажиллаж байсан юм.

“Наадмын нээлтийн үеэр тайзны засалтыг хийхдээ 2012 оны Лондоны олимп, 2018 онд ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтээр хэрэглэж байсан технологийг хэрэглэнэ. Энэ бол даавуун хэвлэл 3D технологи” хэмээн наадмын Ерөнхий найруулагч амласан удаатай.

Бид  наадмын бэлтгэл ажлыг сонирхохоор өчигдөр /2019.07.03/ 17.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнг зорив. Үндэсний дээл хувцсаа өмссөн жүжигчин, бүжигчин залуус талбайд бэлтгэлээ ид хангаж байлаа.

Наадмын комиссоос төв цэнгэлдэх доторх зураг болон бэлтгэлээ хангаж буй бүжигчдийн зургийг  дарахыг хориглож байлаа. Улмаар “Энэ сарын 7-ны өдөр албан ёсоор хэвлэлийн бага хурал хийнэ. Наадмын нээлтийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Бид аль болохоор наадамчин олноо тав тухтай байлгах, тэдэндээ аятай тухтай зүйл үзүүлэхийн төлөө зүтгэж байна” хэмээн хэлсээр биднийг  төв цэнгэлдэхээс гарахыг эелдгээр хүссэн юм.  

Ямартай ч цэнгэлдэхийн үүдэнд гэрэлтүүлэг, харин дотор  нь хагарч эвдэрч, өнгөө алдсан 2000 суудлыг шинэчлэн засварлаж байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн 12500 хүний суудалтай бөгөөд энэ жилийн хувьд нэмж 4000 суудлыг жуулчдад зориулж нэмжээ.  

НАРНААС ХАМГААЛАХ 110 МЕТР УРТТАЙ СҮҮДРЭВЧ БАРИГДАЖ БАЙНА

Төв цэнгэлдэх хүрээлэнд хийгдэж байгаа засварын ажлын талаар “Төв цэнгэлдэх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямдаваагаас тодрууллаа. Тэрбээр “Наадмын бэлтгэл ажил зургадугаар сарын 1-нээс эхэлсэн.  Энэ жил төв асрын өөдөөс харсан суудлууд дээр шинээр сүүдрэвч барьж байна. Нэг үгээр хэлбэл бөхчүүд суудаг асрын баруун, зүүн урд талд нийтдээ 110 метр орчим урттай, 2200-2700 орчим хүн багтахаар сүүдрэвч барих ажил явагдаж байна.

Цэнгэлдэхийн гадна дөрвөн талд гэрлийн суурь шон байдаг. Дөрвөн шон тус бүрт салаа 18 ширхэг 1000 ваттын хүчин чадалтай гэрэл байрлуулна гэхээр нийтдээ 72 гэрэл цэнгэлдэхэд тусна гэсэн үг. Нарнаас хамгаалах сүүдрэвчийг “Төв цэнгэлдэх” ХХК 450 орчим сая төгрөгөөр хийлгэж байна. Харин гэрэлтүүлгийн хувьд 266 сая төгрөгийг наадмын зохион байгуулах комисс болон "Төв цэнгэлдэх” ХХК  хуваан гаргаж байна” гэв.

НААДМЫН БИЛЕТИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДААР  БОРЛУУЛАХААР  ЯРИЛЦАЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.ГантөмөрНаадмын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд үзүүр , түрүүний бөхчүүдийн барилдаан ихээхэн  удах юм бол гэрэл байхгүй учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал болчихдог сул талтай. Тиймээс энэ жил наадмын комиссоос цэнгэлдэхийн дөрвөн талд 72 гэрэлтүүлгийн угсралтын ажил явагдаж байгаа.

Жил жилийн наадмаар билет шаглах асуудал газар авдаг. Хуучин Соёлын төв өргөөний арын хаалган дээр наадмын билетийн төлөө дугаарладаг байсан бол одоо Дүнжингарав худалдааны төвд зарж борлуулан, дугаарлал үүсгэх болсон. Энэ жилийн тухайд наадмын билетийг арилжааны банкуудаар дамжуулж борлуулах талаар яригдаж байна. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй. Арилжааны банкуудаар дамжуулан зарлаа гэж бодоход нэг хүнд 2-оос илүү билет өгөхгүй байх зарчим баримтлаад ирэхээр билет шаглах асуудал цэгцэрнэ” хэмээн онцолж байсан юм.

Үүнээс гадна жил бүр наадамчин олонд тулгардаг бэрхшээл бол "морь харах”. Наадам үзэх гэж очсон иргэд хэдхэн тооны 00-д дугаарласаар өдрийг бардаг. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт зургаан бие засах газартай. Нэг бие засах газарт зургаан хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой аж.

Наадмын үеэр нэмж, зөөврийн 20 гаруй био жорлон байршуулахаар болжээ. “Энэхүү зөөврийн био жорлонг өмнөх жил хэрэглэж байсан. Нийслэлийн хэмжээнд болж байгаа томоохон арга хэмжээнүүдэд ашигладаг. Ариун цэвэр тал дээр асуудалгүй. Бохирын машин болон бохир задлагч бодис бүх зүйл бэлэн, хангалттай байгаа” хэмээн албаныхан хэлж байна. Мөн  Хүй долоон худагт 40 ширхэг зөөврийн жорлонг 100 гаруй сая төгрөгөөр БНХАУ-аас авчирчээ.

Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө долоо хоног үлдлээ. Энэ хугацаанд багтааж төв цэнгэлдэх хүрээлэнгийн 00-ын хүрэлцээг нэмэгдүүлэхгүй бол нэг хэсэг нь хэдэн цагаар дугаарлаж, нөгөө хэсэг нь хаа дуртай газраа "морь хардаг" үзэгдэл энэ жил дахиад давтагдахгүй гэх баталгаа алга.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж