ХЗБХ: Гишүүд 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүлжээ | News.MN

ХЗБХ: Гишүүд 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүлжээ

ХЗБХ: Гишүүд 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүлжээ

ХЗБХ: Гишүүд 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүлжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.03) хуралдаан 10 цаг 10 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд ажиллаж байна. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг ажиллаж байгааг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдав.

Ажлын дэд хэсгүүд 2019 оны 06 дугаар сарын 21, 26, 27, 28, 29, 30-ны өдрүүдэд, Ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан гишүүдийн санал, 6 дугаар сарын 19-30-ны хооронд иргэдээс ирүүлсэн саналыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн 4 дэд хэсэг хэлэлцэн үзэж холбогдох саналуудыг гаргасан. Тус 4 дэд хэсгээс гарсан санал, томъёоллуудыг Томьёоллын болон Эхийг баригчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд нэгбүрчлэн нэгтгэн томьёолж Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 70 зүйлээс 20 зүйлийг, 275 заалтаас 52 заалтыг хөндсөн бөгөөд хуулийн 28.5 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж буйг Ажлын хэсгийн танилцуулгад дурдсан.

Улсын Их Хурлаас төслийг хэлэлцэхийг дэмжих шийдвэр гарсан даруйд Улсын Их Хурлын гишүүд тойргийн сонгогч, иргэддээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох ажлыг зохион байгуулсныг тэрбээр хэллээ. Түүнчлэн бусад нам, байгууллага, мэргэжлийн холбоодоос төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналуудыг 4 дэд хэсэг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг танилцуулав. Мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээр төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн, хэлэлцэж Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцууллаа.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 5 саналын томъёолол, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томъёолол, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томъёолол, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 8 саналын томъёоллыг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, ажлын хэсэг болон төсөл санаачлагч, дэд ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24(4).2-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр түүнийхээ үндэслэлийг тайлбарлан 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах эрхтэй. Гишүүн хуралдаанд өөрөө оролцоогүй ч гэсэн гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хуралдааны эхэнд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэдэг хэдий ч намын нөлөө, шийдвэр төрийн бүх шатны үйл ажиллагаанд байсаар ирсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дүнд намын реформыг хийх ёстой гэж ойлгож байгаа” гэлээ. Энэ хүрээнд намын дотоод ардчиллын зарчимд сонгуулийн төв байгууллага, санхүүгийн ил тод байдалд нь төрийн аудитын байгууллага тус тус хяналт тавьдаг, улс төрийн зарим сонгуулийг улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулах зэрэг саналыг гаргаж буйгаа тэрбээр хэлсэн. Тухайлбал, ИТХ-ын сонгуульд иргэд нэрээ дэвшүүлэн оролцдог байх системийг нээх нь зүйтэй гэлээ. Ингэвэл ИТХ улс төрийн намын бус харин жинхэнэ иргэдийн төлөөлөл болж чадна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Нам төвтэй тогтолцоог иргэн төвтэй нийгмийн тогтолцоо болгохын төлөөр Монгол Улсын Үндсэн хуулийн реформ чиглэх ёстой гэдэг байр суурийг Ж.Батзандан гишүүн илэрхийлсэн.

Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Улсын дээд шүүхийн талаарх төслийн зүйл заалтын талаар асуулт асууж, төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн, батлах нь зүйтэй гэдэг суурийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд илэрхийлэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг няхуур, нухацтай хэлэлцэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар нар хэлж байсан.

Байнгын хорооны хуралдаанд дэд ажлын хэсгийн гишүүд болох Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт нар оролцсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх өнгөрсөн хугацаанд явж ирсэн туршлага, жишээнд үндэслэн олон талын оролцоотой, мэргэжлийн хүнийг шилж сонгодог, хараат бус байдлыг нь хамгаалж чадахуйцаар бүрдүүлэхээр судлаачид, дэд ажлын хэсгээс санал гаргасан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт тайлбарлав. Орон тооны байх эсэх асуудлыг төсөлд нээлттэй үлдээж байгаа учраас органик хуулиудаараа зохицуулах боломжтой гэлээ. Шүүгчийн хараат бус байдлыг дээшлүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг чухал зорилго гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан хэлэв. Төсөлд хариуцлага алдсан шүүгчид хариуцлага тооцож чаддаг, гэхдээ хууль ёсны дагуу шударгаар ажил үүргээ гүйцэтгэж буй шүүгчид нөлөөлөхгүй байх тэнцвэрийг хангах үүднээс зохицуулалтыг тусгасан хэмээн тэрбээр тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өгсөн. Сум, дүүргийн Засаг даргыг харъяа иргэд нь сонгодог байхаас бусдаар өөрчлөлт ороогүй гэдгийг хэллээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 15 төрлийн татварыг сум, орон нутагтаа тогтоох эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг органик хуулиар зохицуулахаар тусгаж байгаа гэдгийг хэлсэн. Үндсэн хууль хэт тунхагийн шинжтэй байж болдоггүй, нөгөө талдаа бүхнийг хайрцаглаад, нарийвчлан тусгаж болдоггүй онцлогийг хэлж байв.

Иргэд шударга ёсыг хүсэмжилсэндээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хэлсэн бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь илэрхийлж, тайлбар, үндэслэлээ дэлгэрэнгүй танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Нэн тэргүүнд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын хяналт тэнцэл алдагдсан байдлыг засах, улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой болгох, төрийн албыг тогтвортой, чадварлаг, мэргэшсэн болгох, шүүх болон Үндсэн хуулийн цэцийг хараат бус, хариуцлагатай байх зарчмыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх үндсэн 6 зорилгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа гэж ойлгож байна” гэлээ. Эдгээр зорилгын 3 нь бүрэн хангагдсан гэж үзэж байгаа бол үлдсэн гурвыг нь сайжруулах, тодорхой болгох шаардлага бий хэмээн тэрбээр хэлсэн. Ийнхүү тэрбээр зарим зүйлийг асууж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хуралдааны дэг буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24(4).2-5, 24(4).10-ыг уншиж танилцуулав. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Байнгын хорооны гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төсгөлд нь энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-03 66.181.170.82

Монгол улсыг хөгжүүлэх талын ямарч зүйл заалт энд яригдахгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж