МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд өөрийн саналаа тусгуулахаар судалж байна гээд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх санал ирүүлсэн. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганы хуралдааныг долдугаар сарын 16-наас эхлүүлэхээр шийдвэрлэж байна. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг хуралдана. 100 орчим зарчмын зөрүүтэй санал байгаа. Энэ бүхнийг нэгтгэнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ"гэлээ. Хуулийн дагуу хаврын чуулганыг хаах хугацаа долдугаар сарын нэгэнд дууссан. Тиймээс хаврын чуулганыг долдугаар сарын 5-нд хаагаад, үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг нээх юм байна. Ээлжит бус чуулган хэднийг хүртэл үргэлжлэх талаар тодруулахад " Ерөнхийлөгчийн болон АН-ын ирүүлсэн саналыг хоёрдугаар хэлэлцүүлгээр хийгдэнэ. Зөвшилцөл, ойлголцлоор явагдах учир чуулганы хугацааг хэзээ завсарлахыг хэлэхэд хэцүү. Хоёдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтээс санал асуулга авах эсэхийг шийдвэрлэнэ" гэв.
Э.ЖОНОН