Өмнөд Америкийн цом хамгийн сонирхолтой шатандаа ороод байгаа билээ. Гэвч харамсалтай нь олон авьяаслаг хөлбөмбөгчдийн өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээн сайн сайхан гэхээсээ таагүй мэдээллүүдээр хахаж байна гэхэд болох биз. Ядаж байхад тус тэмцээний гол одод болох Лионель Месси, Неймар, Артуро Видаль, Эдинсон Кавани нартай холбоотой энэ таагүй явдлууд хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож буй нь бүр их. Луис Суарес өнгөрсөн Дэлхийн аварга дээр Жоржо Кьеллиниг хазсаныхаа шийтгэлийг үүрч, энэ удаагийн тэмцээнийг өнжиж буйг ч сануулахад илүүдэхгүй биз ээ. Ингээд энэ удаагийн Өмнөд Америкийн цомын таагүй мэдээллүүдээс багцлан хүргэе.
Неймарын авир
Өнгөрсөн Дэлхийн аваргаар Бразилийн шигшээ эх нутагтаа 1:7-оор хожигдсон ч Неймарын хувьд ялалт байгуулахын төлөө эхлээд ялагдаж сурах хэрэгтэйг одоо хүртэл сураагүй нь тодорхой болов. Тэрбээр Колумбын багт хожигдсоныхоо дараагаар Пабло Армерогийн нуруу руу бөмбөгөө зориудаар хүчтэй өшиглөж, улмаар дөрвөн тоглолтод оролцох эрхээ хасуулсан. Ингэснээр түүний хувьд Өмнөд Америкийн цомыг баяртай гэх л үлдсэн.
Нэгэнт Неймар багаа хөөдчихсөн тул түүний оронд өөрийгөө дэлхийн хэмжээнд огтхон ч харуулж чадаагүй Диего Тарделли юмуу эсвэл сүүлийн дөрвөн жилд шигшээгийнхээ гараанд гараагүй Робиньо орлохоос аргагүйд хүрээд байгаа.
Бас болоогүй Неймар тоглолтын дараагаар шүүгчийг хонгилд отон хүлээж улмаар хараалын үгс унагасан нь ч тогтоогдсон юм билээ. Ийнхүү энэ удаагийн тэмцээний гол оддын нэг болно гэгдэж найдлага хүлээж байсан Неймар таагүй бэлэг барилаа.
Видалийн согтуурхал
Эх нутагтаа болж буй энэ удаагийн тэмцээнд Артуро Видаль чухал гоол оруулж, багтаа их дэм хүргэж байгаа. Гэхдээ ганц амралтын өдөр өгөхөд нь казино тоглож, согтууруулах ундаа хэрэглэсэн хэрнээ жолоо барьж яваад осол гаргаж өөрөө ч, эхнэрээ ч гэмтээчих шахсан. Түүнтэй мөргөлдсөн машинд сууж явсан хүү одоо хүртэл шоокноос бүрэн гарч чадаагүй гэсэн мэдээлэл бий.
Артуро Видаль эхлээд цагдаа нартай муудалцаж, элдвээр хараасан ч гэсэн шүүхийн өмнө очоод буруугаа хүлээж, улмаар дараа нь хэвлэлийн бага хурал хийлгэж, уучлалт гуйсан. Чилийн шигшээ багийн удирдлага түүнийг шийтгэхгүйгээр шийдэж, энэ тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байгаа.
Одоогоор Видаль осол хийсэн буруугаа хүлээж хохирогч талд 14 сая евро болон шинэ машин санал болгосон. Гэлээ ч хохирогчид хариулт өгөөгүй байгаа юм.
Месси дасгалжуулагчаа үл ойшоов
Лионель Месси яах аргагүй энэ тэмцээний гол од. Месситэй болохоор Аргентиний шигшээ гарцаагүй түрүүлнэ ч гэж олон хүн үзэж байгаа. Мессигүй ч гэсэн Аргентиний шигшээ маш хүчтэй гэдгийг батлах гэхийн хэрэг ч үгүй биз.
Гэхдээ Месси дасгалжуулагч Тата Мартинотойгоо таарамжгүй байгаа, бүр багийнхныхаа өмнө үгийг нь үл ойшоосон байдлаар хандаж буй гэсэн мэдээлэл цацагдсан. Парагвайтай хийсэн тоглолтын нэгдүгээр үеийн дараахь завсарлагын үеэр Месси Ди Мариятай ярилцаж буй бичлэг цацагдсан. Тухайн бичлэг дээр Месси “Тэр завсарлагаар юу яриад байсан бэ? Бялуу хуваах тухай яриад байсан уу?” гэхэд Ди Мария хариуд нь “Үгүй ээ, тэгж хэлээгүй. Ялалт хямдхан олдохгүй шүү гэж хэлсэн” хэмээн хариулсаныг амны хайрцаг андалгүй сайн уншигчид тайлсан юм билээ. Тэгээд ч Тата Мартиногийн таамагласнаар болж, хоёрдугаар үед Парагвай хоёр гоол оруулж, 2:2-оор тэнцсэн.
Колумбын хоёр охины үхэл
1991 оноос хойш анх удаагаа Колумбын шигшээ баг Бразилийг 1:0-ээр хожсон. Гэлээ ч энэ хожил Колумбын ард түмэнд баяр баясгалан гэхээсээ илүү уй гуниг авчирлаа. Колумбын Богота хотод энэ тоглолтын дараагаар хоёр охиныг буудан хөнөөсөн хэрэг гарсан бол Медельинд тоглолтыг үзэж суусан 12 настай хүүг мөн хөнөөсөн хэрэг гарчээ. Бразилийн хожсон тоглолтын дараагаар Колумбын цагдаа нар 900 гаруй зодоон болсоныг мэдээлсэн юм.
Каванигийн эцгийн согтуу үйлдэл
Уругвайн шигшээ багийн довтлогч Эдинсон Каванигийн эцэг Луис Кавани 19 настай мотоциклч залууг үхтэл нь дайрсан хэрэг гараад байна. Сальто хотоос хоёр километрийн зайд болсон энэ хэргийг үйлдэхдээ Луис Кавани согтуу байжээ. Мотоциклч залууг эмнэлэгт тэр даруй хүргэсэн ч гэсэн бэртэл шархаа дааж чадалгүй амьсгал хураажээ. Энэ явдлын дараагаар Эдинсон Каваниг Өмнөд Америкийн цомд өөрийгөө бүрэн шавхаж тогло гэх ямар ч арга байхгүй нь ойлгомжтой. Мөдхөн тэрбээр Өмнөд Америкийн цомыг орхиж, нутаг руугаа явах биз.
“Энэ бол Эдинсоны хувийн асуудал. Тэр энэ хэрэгт өөрөө шууд хамааралгүй ч гэсэн хүн бүр санаа зовох нь гарцаагүй. Би түүнтэй уулзаж, сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ер нь гэр бүлийнхэнтэй нь тохиолдсон иймэрхүү таагүй явдал хэнд ч гэсэн нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Шигшээ багаас яаран явж, эх орондоо очих тухайд бол шийдвэр гараагүй, ярилцаагүй байгаа. Хэдэн цагийн дараагаар Эдинсонтой ярилцана аа” гэж Оскар Табарес өгүүлжээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn