“Хурдан морь унадаг байсан маань авто спорт сонгоход нөлөөлсөн”

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

“Хурдан морь унадаг байсан маань авто спорт сонгоход нөлөөлсөн”

“Хурдан морь унадаг байсан маань авто спорт сонгоход нөлөөлсөн”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах гэж байна. Уг уралдаанд 43 орны 120-130 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын талаас мотоцикл, автомашины төрөлд нийт 12 тамирчин оролцох билээ. Тэдний дунд ганц эмэгтэй тамирчин Б.Бат-Ундрал бий. Түүний хувьд энэ удаа мотоциклийн төрлөөр оролцож, гурван улс дамнасан 5000 км зам туулж, барианд орох юм. Түүний яриаг хүргэе.

-“Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан эхлэхэд цөөн хоног үлдлээ. Таны хувьд анх удаа Монголоо төлөөлж оролцох гэж байна. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-“Silk Way Rally” уралдаан ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт 5000 км зайд уралдана. Уралдааны гараа ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж, БНХАУ-ын Дунхьхуан хотод дуусна. Миний хувьд анх удаагаа Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Өмнө нь 2014-2015 онуудад Монголд болж байсан олон улсын тэмцээнд өөрийгөө сорьж байлаа. Энэ удаагийн уралдааны замд хүнд. Гэхдээ ямар ч байсан 5000 км зам туулж барианд орно гэсэн зорилготой ажиллаж байна.

-Уралдааны маршрутыг харж байхад аль зам илүү хүнд байна вэ?

-Хүнд зам их бий. Энэ жилийн уралдаан Зүүн Сибирь, ОХУ-ын тайга, Монголын тал говийг дайрч, Хятадад хүрнэ. Сибирийн зам мэдээж хүнд. Мөн Хятадын нутагт элс ихтэй замаар уралдана. Монголынхоо замыг сайн мэдэж байгаа. Урьд нь энд уралдаж байсан болохоор ерөнхийдөө гадарлаж байна. Хамгийн урт зам нь 700 км-т үргэлжилнэ. Энэ замын 50 хувь нь элсэн манхан, сандарч байна. Гэхдээ энэ замыг туулна гэж бодож байна. Анх удаа Монголын нутагт болох болсон нь бидэнд багаараа оролцох боломжийг нээж өглөө. Тиймээс энэ тэмцээнд оролцохын тулд эртнээс бэлтгэсэн. Миний хувьд ямар ч байсан зорилгоо биелүүлэхийг зорьж байна.

-Таны өрсөлдөгч тамирчид туршлагатай оролцогчид гэсэн. Тэдний тухайд юу хэлэх вэ?

-Мотоциклийн эмэгтэй төрөлд Испани, Чех, ОХУ-ын тамирчид өрсөлдөнө. Гадаадын тамирчид “Дакар Ралли”-д оролцож байсан туршлагатай. Тиймээс тэднийг энэ тэмцээнд маш сайн оролцоно байх гэж бодож байна.

-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангасан бэ

-Энэ тэмцээнд оролцохын тулд эртнээс бэлтгэлтэй байсан. Үндсэн бэлтгэлээ 2019 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Шавар, элс гээд замын бартаат газар бэлтгэлээ хийсэн. Бэлтгэлийн явцад хөнгөн бэртэл аваад, нэг сар орчим бэлтгэл хийгээгүй.

-Оролцож байсан тэмцээний дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-2014, 2015 онуудад Монголд болсон олон улсын тэмцээнд оролцож байсан. 4000 км урттай замд оролцож, замаа дуусгаж байсан. Энэ тэмцээнд спонсорынхоо хүчээр оролцох гэж байгаадаа баяртай байна. “Husqvarna Mongolia” компанийн хамт олондоо баярлалаа гэж хэлье.

-Уралдааны үеэр эрчүүдтэй хамт гараанаас гарах уу. Энэ талаар нэмэлт мэдээлэл бий юу?

-Монголд болж байгаа автомашин, мотоциклийн төрөлд эрчүүдтэй хамт уралддаг. Энэ удаагийн олон улсын тэмцээнд тусдаа уралдах болов уу гэж бодож байна. Одоогоор энэ талаар мэдээлэлгүй байна.

-Та яагаад авто спорт сонгох болов

-Би багадаа хурдан морь унадаг байсан. Ах маань морь уяна. Тэгээд л наадамд хурдан морь унаж өссөн. Багаасаа морьтой холбогдсон болохоор эрчүүдийн гэх спортыг сонгох болсон. Энэ мөрөөдлөө орхиж чадаагүй. Их сургуулиа төгсөөд мотоциклоор тууштай хичээллэх болсон. Үнэндээ миний хобби намайг авто спортыг сонгоход хүргэсэн дээ.

“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 7.06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 7.08 – Улан-Үдэ
  • 7.09-10 – Улаанбаатар
  • 7.11 – Мандалговь
  • 7.12 – Даланзадгад
  • 7.12 – Баянбулаг боомтоор гарах
  • 7.14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 7.15 – Жиаюгуан /Jianguguan/
  • 7.16 – Дуньхуан /Dunhuang/-д хаалтаа хийх юм байна.

Албаны ёсны сайт: http://www.silkwayrally.com

АВТО СПОРТЫН МАСТЕР Б.БАТ-УНДРАЛЫН АМЖИЛТУУД:

  1. 2014 он "Мастер ралли" 1200 км Finish медаль
  2. 2014 он Улсын аварга шалгаруулах 1300 км АЛТАН медаль цом 2ангилал/
  3. 2014 он "FAcoat Rally Mongolia" 4000 км олон улcын тэмцээн Finish
  4. 2015 он Улсын аварга шалгаруулах 1500 км Finish медаль
  5. 2015 он "FAcoat Rally Mongolia" 4000 км олон улcын тэмцээн Finish
  6. 2015 он "Baja Mongolia" 250км Finish медаль
  7. 2016 он "Baja Mongolia" 150км Finish медаль
  8. 2016 он Мастер ралли 1200 км ХҮРЭЛ медаль цом
  9. 2016 он Улсын аварга шалгаруулах 1400 км Finish медаль
  10. 2016 он "Baja Mongolia" 250км Finish медаль
  11. 2017, 2015 онуудад "Baja Mongolia" 150км Finish медаль
  12. 2017 он Улсын аварга шалгаруулах 1300 км АЛТАН медаль цом
  13. 2017 он Улсын аварга шалгаруулах 1200 км МӨНГӨН медаль цом
  14. 2017 оны Улсын аваргын нийлбэр дүнгээр ХҮРЭЛ медаль цом
  15. 2018 он "Авто хими мастер" кроссд Эр зоригийн шагнал
  16. 2018 он Улсын аварга шалгаруулах 1300 км Авто машины төрөлд Finish медаль
  17. 2018 он "North Asia rally" Finish медаль
  18. 2018 он "Sprint Rally" МӨНГӨН медаль цом
  19. 2018 он Малайз улсад RFC grand final дэлхийн аварга тэмцээнд Ангилалдаа ХҮРЭЛ төрөл АЛТАН медаль цомын эзэн болсноос гадна "Зэрлэг 4*4" тэмцээнд 2 удаа "Мастер кросс" тэмцээнд УАЗ-аар тус тус 8 удаа оролцсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж