Ардчилсан нам утгаа алдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам утгаа алдлаа

Н.Алтанхуягаа онхолдуулсаны маргаашнаас л МАН-ыг тойглож, ердөө хагас жилийн өмнө засагт хамтрах урилга илгээж, “хайр зарлаж” суусан Ардчилсан намынхан тараа таниулж эхэллээ. Ч.Сайханбилэгийг АНУ-д ажлын айлчлал хийх хойгуур засгийг нь огцруулах асуудал АН-ын зүгээс хөндөгдөж, Ардын намыг хөөх, туух яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна.

Өнгөцхөн харахад гэрээний биелэлт, үр дүнгийн үзүүлэлтийг хөндөж байгаа ч цаанаа бол үүгээр шалтаглан АН-ынхан Ардын намаас нүүр буруулахаар шийдсэн нь нэн ойлгомжтой болов. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ардын нам Засгийн газарт хамтарч орсноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн” гэсэн нь  улс төрийн хүрээн дунд өрнөж байгаа хов жив хоосон үг биш болохыг батлав.       Шийдлийн Засгийн газрыг төвхнүүлэх гэж Ардчилсан нам Ардын намныхныг царай алдсан гуйж явсан хэдхэн сарын өмнө шүү дээ.

Улс төрд буцалж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс дүгнэж, хөшигний ар дахь улс төрийг сөхвөл Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудал Ардын намаас шалтгаалж байгаа бус Ардчилсан намын дотоод зөрчилтэй холбоотой гэвэл бодит үнэнд илүү нийцнэ. Үүнийг ч дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн Ардчилсан намын зүгээс нисч байгаа “бор шувуунууд” ч гэрчлэх биз.

Ардын намыг хашаанаасаа хөөж гаргасан тохиолдолд парламентад сөрөг хүчингүй Ч.Сайханбилэгийн засаг бүхэлдээ огцрох уу, эсвэл гэсэн асуулт улстөрийн хүрээнд өдөлж байна. Ардчилсан намын дотроос өгсөн мэдээллээр Шийдлийн Засгийн газрын хувь заяа дэнжигнэж эхэлсэн бөгөөд  гурван хувилбар дээр тус намын фракцууд гурав хуваагдах болсон аж. Нэгдүгээр хувилбар нь Ч.Сайханбилэгтэй өрсөлдөөд ялагдсан Р.Амаржаргалыг дахин Ерөнхий сайдаар зүтгүүлэхээр ярилцаж эхэлсэн гэх. Гэхдээ эдийн засаг хүндэрсэн, тэгээд ч жил хүрэхгүй хугацаанд бусдын ял, зэмийг үүрэх хүсэл Р.Амаржаргалд байгаа гэж бодогдохгүй байна. Харин хоёр дахь нь өнөөгийн улс төр дэх бантанг зуурсан гол эзэн болох УИХ-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болгоё гэсэн яриа ч Ардчилсан намын зарим фракциас гарч байгаа аж. Учир нь, "З.Энхболд өөрийнхөө зуурсан бантанг өөрөө цэвэрлэх ёстой" гэж үзэх хүмүүс Ардчилсан нам дотор цөөнгүй байгаа юм байна. Намын дарга Ерөнхий сайд болоход хууль дүрмээрээ болохгүй гэх газаргүй. Гэвч, сүүлийн үед өөрийгөө УИХ-ын дарга биш, улстөрчдийн дарга гэж ойлгох болсон З.Энхболд үүнийг зөвшөөрөх нь юу л бол. Гурав дахь хувилбар нь Ардын намынхныг засгаасаа хөөсөн ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэвээрээ, Шадар сайдыг Н.Алтанхуягт, харин үлдсэн таван суудлын нэгийг ИЗН-д өгнө гэсэн мэдээлэл ч байгаа юм. Юутай ч саарал ордноос гарч байгаа энэ мэт яриа, хов живийг сонсоход Ардчилсан нам цаашдаа Ардын намтай хамтарч ажиллахгүй  нь үнэн болж таарах нь. Энэ бүхэн Монголын улс төр улам дампуу, ямар утгагүй болж байгааг харуулж байна.

Эдийн засгаа хямралаас гаргая, улс орноо хамтдаа хөгжүүлье гэж Ардчилсан намын урилгыг хүлээн авсан нь  Ардын намын буруу биш. Улс орны эдийн засаг, хөгжилд чухал гол төслүүдийг уяж, гацааж, унагааж, буцааж байгаа нам бол засгийн эрхэнд мөнхөд байх юм шиг авирлах болсон Ардчилсан нам өөрөө.

Гуйж засагт орчихоод хаяж гардаг, урьж оруулчихаад хөөж гаргадаг  увайгүй нам бол бас л АН. Хамгийн харамсалтай нь, эдийн засаг тартагтаа тулчихаад байхад АН-ынхан хэдий болтол сандал суудлын хэрүүл хийхийг хэлэхэд хэцүү.

Улсын төсөв нь улайж, гадаадын хөрөнгө оруулалт нь тэг заачихсан өнөөгийн хүнд нөхцөлд засаг төрөөрөө оролдоно гэдэг зөвхөн сандалд суудалд дуртай хүмүүсийн хийх ажил биз. Эндээс эдийн засаг, иргэдэд ямар ч үр дүн ирэхгүй. Харин ч хямралтай байгаа эдийн засагт илүү нэрмээс болох нь гарцаагүй юм. Засгийн газраар оролдох сонирхол сандал суудалд дуртай хэдэн хүнд ашигтай байдгийг үгүйсгэхгүй. Гэвч, ийм мэдээлэл битгий хэл хоосон хов жив сонсох хүсэл, хүлээж авах эдийн засгийн тамир монголчуудад алга.

Сонсохоос ч сонирхолгүй мэдээллийг АН-ын зүгээс дөгөөж байгаа нь чухамдаа Монголын төрөөр АН тоглож ханахгүй юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд үлдээж байгаа юм.

Ахин сануулахад өөрсдөө засаг барьж дөнгөхгүй, өрөөлтэй хамтраад явчихаж чадахгүй Ардчилсан намд арван зургаан онд баяртай гэж хэлье. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Хийсгэж чадахгүй бол салхи байгаад ч яах вэ гэгчээр засаглаж чадахгүй бол та нарт эрх мэдлийн хэрэг юун.

Ж.НЯМСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж