"Дохионы хэлмэрчийг бэлтгэх төрийн бодлого Монголд байдаггүй"

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

"Дохионы хэлмэрчийг бэлтгэх төрийн бодлого Монголд байдаггүй"

"Дохионы хэлмэрчийг бэлтгэх төрийн бодлого Монголд байдаггүй"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресст оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй бол үлдсэн нь тэдний эрх ашгийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа чуулганы гол зорилго нь улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмд хамруулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд туршлага судлах явдал.  Ингээд тэдний сэтгэгдлийг хүргэе.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ ДЭМЖДЭГГҮЙ  АЖИЛ ОЛГОГЧДОД ТОРГУУЛЬ НОГДУУЛДАГ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.ГАНЧИМЭГ:

– Манай улсын хувьд 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 20 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Цаашид хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтмол орлоготой болгохын тулд бусад улс орнуудаас туршлага судалж санаачилгатай байх хэрэгтэй. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай, хоёрдугаарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж аваагүй гэх квотын төлбөрийг бүх байгууллагаас авах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрсөн мөнгийг эргүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орлого олох чиглэлээр дэмжиж ажиллах шаардлагатай. Үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байгуулах хэрэгтэй.Энэхүү чуулганд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр бүс нутгийн хэмжээнд ямар туршлага байгааг харилцан судалж байна. Жишээ нь, БНСУ-ын туршлагаас харахад Монголд нэвтрүүлэх боломжтой. Тухайлбал, БНСУ-д хөдөлмөрт бэлтгэх төвүүдээр дамжуулан ажилд сургах, зуучлах үйл ажиллагааг явуулдаг юм билээ. хими цэвэрлэгээний үйлдвэрт ажиллана гэхэд тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жил орчим хими цэвэрлэгээний үйлдвэрт сургаж ажиллуулан, энэ хугацаанд хамт олонтой болгох, дасан зохицох зэрэг урьдчилан бэлтгэж дараа нь ажлын байраар хангадаг давуу талтай. Энэ нь бидний хувьд хэрэгжүүлж болохуйц арвин туршлага юм.

АЛСЛАГДСАН БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ТӨРӨӨС БОДЛОГООР ДЭМЖИХЭЭР БОЛОВ

Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Т.ТАМЖИДМАА:

Энэ удаагийн IV конгресст хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаар миний бодож байсан бодол биелж байна. Олон улсын түвшинд хийж буй энэхүү чуулга маш үр дүнтэй болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд уулзаж хөдөө орон нутагт хэрхэн ажилладаг, цаашид яаж ажиллах вэ гэдэг талаар маш сайн ойлголттой боллоо. Манай холбооны зүгээс алслагдсан бүс нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт байсан. Энэ асуудлыг төрийн бодлогоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд нь түшиглэн хамруулж ярилцаж шийдсэн маш үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БАЙХ

Хэнтий аймгийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч  Д.ОЮУНТУЯА:

Олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрлөх чадвар боломж нөхцөлийг нь бүрдүүлэх хандлагын тухай олон улсын туршлага мэдээллийг сонсч, солилцсон үр дүнтэй чуулга болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж, цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх болов уу гэж харж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ЯМАР СААД ТУЛГАРАХ БОЛ ГЭХ АЙДАСТАЙ БАЙСАН

Пакистан улсаас оролцож буй Ази Номхон далайн бүсийн CDID сүлжээний дарга ГУЛАМ НАБИ: 

Монгол Улсын Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын холбогдох хүмүүстэй өмнө нь олон удаа уулзаж, Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын бэлтгэл ажлыг хэрхэн хангах тухай ярилцлага өрнүүлж байсан. Монгол Улс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр анх удаа том хэмжээний конгрессыг зохион байгуулж байгаа учраас Засгийн газар нь эл арга хэмжээг амжилттай зохион байгуулах болов уу, ямар саад бэрхшээл тулгарах бол гэсэн асуудлаар айдастай байсан. Гэхдээ Засгийн газрын зүгээс анхны конгрессыг амжилттай  зохион байгуулж, тулгарсан бэрхшээлийг шийдэж чаддаг юм байна гэдгийг харууллаа. Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн IV конгрессыг зохион байгуулснаараа ямар ч зүйлийг даван туулах чадвартай гэдгээ нотоллоо. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх  монголчуудын ойлголт, мэдээлэл сайжирч, эерэг хандлагатай болоосой гэж энэхүү конгрессын үр дүнгээс хүлээж байна. Энэхүү конгрессын дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр Монгол Улсад илүү их зүйлс хийгдэнэ гэдэгт итгэж байгаа юм.

МОНГОЛД ДОХИОНЫ ХЭЛМЭРЧИД МАШ ЦӨӨХӨН БАЙГАА НЬ ТӨРИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

29 дүгээр тусгай дунд сургуулийн багш Б.БЯМБАСҮРЭН: 

– Ази, Номхон далайн бүсийн IV конгресст анх удаа оролцож байна. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан чуулга уулзалт болж байгаагүй. Энэхүү олон улсын чуулга уулзалтад олон улсын дохионы хэлмэрчийг оролцуулсан хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн нь их таалагдлаа. Учир нь олон улсын чуулгын жишиг нь ч ийм байдаг. Чуулганд шинэ залуу хэлмэрчид их байна. Хоёр өдрийн чуулганы үйл ажиллагаанд сонсголын бэрхшээлтэй иргэд хүртээмжтэй мэдээлэл авч байгаа нь их давуу тал юм. Энэ үйл ажиллагааны дараа хэлмэрчдийн ур чадвар илүү сайжрах байх. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй мэдээлэл өгөхийн тулд дохионы хэлний хэлмэрч маш чадварлаг байх ёстой. Дохионы хэлмэрчийн ажил бол маш хүнд ажил юм.Төрөөс дохионы хэлний хэлмэрчдийг бодлоготойгоор хэрэглэн гаргах, дэмжих орчныг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Бидний чих, ам болж буй хүмүүс нь дохионы хэлний хэлмэрчид учраас дэлхийн хэмжээний хэлмэрчдийг бэлтгэх хүртэл анхаараасай. Өнөөдрийн байдлаар Монголд дохионы хэлмэрч маш цөөхөн, төрийн бодлого, дэмжлэг байдаггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж