Япон улсын тусламжаар ДЦС-4-ийн хяналтын системийг бүрэн автоматжуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Япон улсын тусламжаар ДЦС-4-ийн хяналтын системийг бүрэн автоматжуулжээ

Япон улсын тусламжаар ДЦС-4-ийн хяналтын системийг бүрэн автоматжуулжээ

Монгол Улсын эрчим хүчний зүрх нь гэж нэрлэгддэг "Дулааны цахилгаан станц-4” ТӨХК анх 1983 байгуулагдсан. Гэвч 1995 оны үед тоног төхөөрөмж нь хуучирч эхнээсээ элэгдэж дулаан хангамжийн үйл ажиллагаанд байнгын доголдол үүсэх болсон байна. Ийнхүү  шинэчлэл хийх  шаардлагатай нүүр тулжээ. Улмаар  1995 онд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  “ДЦС-4” ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийснээр өнөөдрийг хүртэл станцын ажил тогтворжсон байна.  Ерөнхийдөө Монгол Улс социализмаас зах зээлийн  эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Япон улсын буцалтгүй тусламж  бүрэн утгаараа Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн гэж судлаачид үздэг аж.

Өнгөрсөн хугацаанд Япон улсын буцалтгүй тусламж дан ганц  “ДЦС-4”-аар дууссангүй  бага дунд сургууль, цахилгаан станц, харилцаа холбоо,  тээвэр хөдөө аж ахуйн салбар зэрэг олон салбарт дэмжлэг үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бага хүүтэй, урт хугацааны  зээл олгож нүүрсний уурхайн байгууламжийг засварлах, шинэ нисэх онгоцны буудлыг барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ мэтчилэн Японы засгийн газар, Монгол Улсад 1977 оноос 2018 оны гуравдугаар  сарын сүүлийн байдлаар нийт тусламжийн хэмжээ 326 тэрбум  765  сая иенд хүрчээ.

Эдүгээ “ДЦС-4” ТӨХК төвийн бүсийн цахилгааны эрчим хүчний  хэрэглээний 58 хувийг, нийслэлийн эрчим хүчний  хэрэглээний 55  хувийг дангаараа бүрдүүлж байна. Тасралтгүй  36 жил хэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж буй тус станц найдвартай үйл ажиллагаа явуулахад Япон улсын засгийн газар их нөлөөлсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

"MON-P10"   ТӨСӨЛ ДУУСАХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА

 “ДЦС-4 “ ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганхуяг “ Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх "MON-P10"  төслийн зээлийн хэлэлцээрийг 2013 онд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Нийт 4.201.000.000 иен. Хөнгөлөлтэй зээл нь жилийн 0.3 хувийн хүүтэй бөгөөд 40 жилийн хугацаанд буцаан төлөх үүнээс эхний арван жилд үндсэн  өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.  Энэхүү төсөл нь хоёр багцаас бүрдэнэ. Эхний багцын ажлын хүрээнд 2017 оноос эхлэн турбины хяналтын удирдлагын системийн  шинэчлэлийн ажил хэрэгжиж дууссан. Хоёрдугаар багцын хүрээнд  үнс үлээлгийн төхөөрөмжийг шинээр суурилуулах, тээрмийн бул таваг шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусган  төхөөрөмжүүдийг ажилд оруулсан. Одоо төслийн сүүлийн ажлыг энэ сард багтаан дуусгахаар ажиллаж байна.  Ерөнхийдөө төслийн үр дүнд хүний оролцоо багасч программаар явуулах давуу талтай” гэдгийг онцолж байсан юм.

Ийнхүү монголын хамгийн том, басхүү хамгийн хямд өртөгтэй цахилгаан үйлдвэрлэгч "ДЦС-4" ТӨХК хүчин чадлаа нэмэгдүүлэх техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийсээр байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж