Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар ардчиллын үнэт зүйлээ хамгаалахаар “Боловсрол төвтэй улс төр” нэртэй ТББ байгуулжээ. Тэд туулсан замаа, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургах зорилготой бөгөөд тус ТББ-ыг байгуулах санааг Э.Бат-Үүл гаргасан аж.
Энэ тухай Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлэхдээ "Дуншиж, дуншиж өнөөдөр энэ байгууллага мэндэллээ. Э.Бат-Үүл бид хоёр утсаар ярилцаад байсан болохоос уулзалдаж байсангүй. Энд сууж байгаа ардчиллын анхдагчид болсон эрхмүүдтэй ч мөн адил уулзалдаад явсангүй. Биднийг үнэт зүйл нэгтгэх ёстой гэж Э.Бат-Үүл хэлсэн, хэлснийхээ дагуу өнөөдөр ийнхүү уулзалдаж байна. Уулзалдуулахаар барахгүй нийгэмд хандсан ажил явуулах эхлэлийг тавьж байна. Би саяхан 461-р ангид АТГ-ын “томилолт”-оор 24 цаг "ажиллаад" ирсэн. Намайг тэнд байх зуур Э.Бат-Үүл, Баабар зэрэг олон хүн өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Хорихоос гарангуутаа Э.Бат-Үүл рүү утасдлаа. “Халуунаар дэмжиж, нийтлэл бичсэнд талархаж байнаа” гэсэн юм. Гэтэл Бат-Үүл өөдөөс “Би бухимдсан, тиймээс хатуухан үгээр бичсэн юм. Чамайг хамгаалах гэсэн юм биш. Чиний тухай ч бичих гэсэн юм биш. Би зарчмаа, үнэт зүйлээ хамгаалж байна” гэлээ. Намайг бодож бичээгүйд нь гомдмоор ч үнэт зүйлсээ хамгаалсан гэхээр нь баярламаар ацан байдалд орсон доо.
Манай дүү сандраад Баабар руу утасдсан гэнэ. Ахыг бариад явлаа л гэсэн бололтой. Баабар хариуд нь аваачаад буудчихгүй юм чинь гэж цочирдуулжээ. Цагийн дараа Баабар өөрөө залгаад "За юу болж байна" гэж асуусан байдаг. Түүний үнэт зүйлсийн төлөөх дуу хоолой олон түмэнд хүрч чадсан. Энэ бүгдийг би хэлэхийн учир нь энэ хүмүүс зарчим, үнэт зүйлсийг хамгаалахыг урьтал болгодог шүү гэдгийг онцлох гэсэн юм.
Би ч мөн адил ардчилсан үнэт зүйлсийг хамгаалагч. Энд цугласан Та бүгд ч мөн адил гэж бодож байна” гэсэн юм.
Үүний дараа тэрбээр "ОЛОН ТҮМЭН ЯАГААД ЭДИЙН ЗАСГИЙН БУРУУ БОДЛОГО ЯВУУЛДАГ ВЭ?" нэртэй илтгэлээ залууст зориулж тавилаа.
Тус илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- -Хуучин Эрүүгийн хуульд “хүн гүтгэх” гэсэн заалт байсан. Үнэндээ тэрхүү заалт коммунист угшилтай улстөрчдөд дөнгөж үүсч байсан ардчиллын чөлөөт дуу хоолойг боймлоход хэрэглэгдэж байсан. Хожмоо тэрхүү “гүтгэх” гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас гаргаж Зөрчлийн хуульд оруулсан нь ардчиллын ололт юм.
- Өнөөдөр энэзаалтыг буцаагаад Эрүүгийн хуульд оруулья гэх санаархал гарч байгаа. Хэрэв ийм юм болбол хамгийн түрүүнд хохирох хүмүүс нь сэтгүүлчид, улс төрийн тэрс үзэлтэнгүүд гэдгийг хэлэхийг хүсч байна.
- -Миний хувьд Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой улстөрчийг буруу зөв нь хамаагүй шүүмжилж, тэр ч байтугай доромжлон хараахыг зөвшөөрдөг хүн. Энэ асуудлаар Монгол Улс ухарч болохгүй л гэж бодож байна.
- -Ганц худагт ялын тогтоол уншуулж байхдаа би шүүхийн шийдвэрийг дуулиан болгож, улс төр хийгээгүй. Тийм цаг зав байсангүй.
- -Монгол орныг зах зээл рүү шилжих олон арга хэмжээг түргэн шуурхай авч хамаг хүчээ тийш нь чиглүүлэх шаардлагатай цаг үе байлаа. Төдий л удалгүй миний тэргүүлсэн ардчиллын анхны Засгийн газар огцорсон юм.
- Монголд анх Засгийн газар огцорч байгаа нь тэр л дээ. Удаах ардчиллын Засгийн газруудын хувь тавилан миний тэргүүлсэн Засгийн газартай адилхан байсан.
- Гэвч бүгдээрээ Монголын эдийн засгийг зах зээл рүү шилжүүлэхийн төлөө чармайж ажилласан байдаг.
- Тэр цагаас хойш Засгийн газрууд ойр ойрхон огцордог үйл явдал бараг л манай улс төрийн соёл болж хэвшсэн нь туйлын харамсалтай.
- Өнгөрсөн 30 жилд Монгол улс бараг 20 орчим Засгийн газрын нүүр үзэж байгаа. Хамгийн гол нь Засгийн газар солигдох болгонд мэргэжлийн чадамж нь бүхэлдээ доройтож байдаг бололтой юм билээ. Түүхээсээ авах том сургамж гэлтэй.
- Өнөөдөр ардчиллын алтан хараацайнуудыг хараад та бүгд өөрийн эрхгүй Цагаан морин жилийн ардчилсан үйл явдлыг эргэн дурсаж байгаа байх.
- 1990 оноос хойш олон нааштай өөрчлөлт хийгдсэн.
- Ардчиллын анхны Засгийн газрын үетэй харьцуулбал Монголын эдийн засаг 10 дахин өсчээ.
- Нэг хүнд ногдох ДНБ гэсэн үзүүлэлтээр ядуу Монгол орон дунд орлоготой орны зэрэглэлд хүрснийг мартаж болохгүй.
- -Зах зээлд шилжих бодлого зөрчил тэмцэл дундуур туулж байж хэрэгжсэн. Тэмцлийн гол фронт ардчилагчдын хувьд эдийн засаг байсан юм. Ардчилагчид гэдэг үгийг би зөвхөн АН биш мөн МАН, бусад ардчилагчдад хамааруулан хэлж байгаа шүү.
- -Шинэ, хуучны зөрчил өнөөг хүртэл оршсоор л байна.
- Энэ цаг үед шүүх, хууль хяналтын тогтолцоо өөрийн итгэл үнэмшилтэй, улстөрчдөөс хараат бус ажилладаг байлгах талаар хийсэн өөрчлөлтийг хадгалан хамгаалах асуудал томоохон сорилттой учирч байна.
АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ -НЭГ ОЙЛГОЛТ БИШ
- -Монгол орон 1990 онд ардчилал руу ч, зах зээл рүү ч шилжих том алхам хийсэн. Ардчиллын хувьд бяцхан арал болчихсон байгааг дээрх зургаас харж болно. 1997 онд шиг санагдаж байна Монгол улс хоёр хөршөөсөө олон жилээр түрүүлж ДХБ-ын гишүүн болсон байдаг.
- -Цагаан морин жилээс хойших Монголын нийгэмд болсон олон үйл явдлаас хоёр том асуудлыг би онцолмоор байдаг. Нэг нь ардчилал, нөгөөх нь зах зээл.
- Энэ хоёр ойлголт өөр хоорондоо уялдаатай ч ижилхэн зүйл биш юм. Үүнийг олон хүмүүс нэг л ойлголт юм шиг ойлгодог.
- Шилжилтийн эхэн үед олон түмэн ардчиллаас өөр сонголт байхгүй гэдгийг ойлгодог байсан учир болж бүтэхгүй байгаа болгоноо “зах зээлийн ороо бусгаа цагт” гэж ярьдаг, нийгэмд зах зээл рүүгээ шилжиж байгааг эсэргүүцсэн дуу хоолой ихэд сонсогддог байв.
- “Зах зээл бидний хүүхдүүдээс мөхөөлдсийг нь булаав” гэсэн нийтлэл гарч миний бие өмнөх нийгэмд нэг л төрлийн мөхөөлдөс иддэг байсан бол зах зээлд мөхөөлдөсний төрөл нь олширч амт нь сонголттой болсныг хэлэхэд хүрч байлаа. Өнөөдрийн өндөрлөгөөс инээдэмтэй сонсогдож байж магадгүй.
- Зовлон бэрхшээл дундуур туулж байж зах зээл гэдэг ойлголт Монголд нутагшсан юм. Зах зээлийн сэтгэлгээ хэр баттай нутагшсныг өнөөдөр харах үлдэж байна.\
- Өнөөдөр зах зээлийн ороо бусгаа гэхээ больж. Болж бүтэхгүй байгаа зүйлээ ардчиллаас боллоо гэх дуу хоолой сонсогдож байна. Ардчилал, зах зээл хүйн холбоотой ч ижилхэн эд биш юм.
- Монгол ардчилалтай, зах зээлийн сэтгэлгээтэй явах цагт манай эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байлаа.
- Сонгогчид өөрийн тойргоос хэн хэн УИХ-д сонгогдсон бэ гэдэг асуултад ихэвчлэн бүдэрдэг. Сонгосон УИХ нь юу хийж байгааг мэдэхгүй, хянахгүй байгаа бол тэд амин хувийнхаа асуудлыг урьтал болгож довоо шарлуулах эрхтэй л гэсэн үг юм.
- Тиймдээ ч ЖДҮ сангийн хулгай бий болдог. Тиймдээ ч хээл хахууль задгайрдаг.
- Ардчилал бол шашин биш. Ардчилал бол зөвхөн санал өгөх төдийгөөр хязгаарлагдах ёсгүй юм.
- Сонгогдсон гишүүд нийтийн эрх ашгийн төлөө хариуцлагатай ажиллаж байна уу гэдэг асуулт чухал болж байна. Энэ асуултад зөв хариу олохын тулд сонгогчид яагаад буруу хүмүүсийг олноор нь сонгодог вэ гэдэг асуулт шинжлэх ухааны ч, мөн практик ач холбогдолтой асуулт болж хувирдаг.
Өнөөдөр Монголын нийгэм улс төрийн намууд гэхээсээ илүүтэй нутгийн зөвлөл, бөх, уяачид, хошин шог, МУСТА, мото, мотоцикл, сүүлд сошиал дээрх нэгэн зургийг хараад туялзуур жад зэрэг овог аймагт задарсан юм шиг санагдсан. Бүгдээрээ улс төрийн өнгө аястай учир төрөл бүрийн улс төрийн овог аймаг болсон юм шиг .
- -Монголчууд эртнээс өөрийн овог аймагт харьяалагдахгүй хүмүүсээ Жад гэдэг байсан. Ураг барилдвал Худ гээд нэрлэчихдэг. Энэ сэтгэлгээ Монголд давамгайлсан юм болов уу гэж бодож байна.
- Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг. Баабар, Бат-Үүл гээд том улстөрчид мэдрэлийн өвчтэй хүмүүс болж хувирдаг.
- -Бидэнд бас алдаа байнаа байна. Миний бодоход улс төрөөс хойш суух эрх энэ хүмүүст байхгүй. Өөрсдөө гар бие оролцож манлайллыг бий болгох хэрэгтэй. Энэ зуур шинэ залуу үеэ бэлтгэх хэрэгтэй гэж санагдаж байна.
АРДЧИЛСАН НИЙГЭМД СОНГОГЧИД ЯАГААД БУРУУ БОДЛОГО СОНГОДОГ ВЭ?
- -Овог аймаг болон задарсан нийгэмд сонгогчид том улс төрийг сонирхохоо больдог. Сонгогчид нийгэмд тулгамдаж байгаа шийдлийг дэндүү хялбаршуулан харах хандлагатай байдаг. Нийгэмд гэмт хэрэг гарлаа, хүүхдээ хүчирхийлсэн гэмт хэрэг гарлаа.
- Ямар шийдэл байна вэ гэсэн асуудал тулгарахад Цаазаар авья гэсэн популист хариулт хамгийн амархан зөв юм шиг сонсогддог.
- -Миний амьдрал бусдынхаас илүү болж чадахгүй байна ямар шийдэл байна вэ гэсэн асуудалтай тулгарахад баячуудын хөрөнгийг хураая гэх популист хариулт чихэнд чимэгтэй сонсогддог.
- -Боловсрол нимгэн хүмүүс хөрш орноос хоосон айж эмээдэг бөгөөд тэр нь бараг өвчин хэлбэрт шилжих нь бий.
- Хөршөө бид сонгохгүй. Хэн хэнтэйгээ хөрш байхыг тэнгэр зохицуулдаг.
- Тэдэнтэй найрсаг харилцаж, нөлөөлөлд нь автахгүй байх болгоомжлол байх учиртай ч түүнийгээ өвчин эмгэг болтол хөгжүүлбэл буруу болно. Хоосон айдасыг эмчлэх арга бол боловсрол, мэдлэг байх учиртай билээ.
-Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань болчихоод байна
- -Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй хийрхэл. Тиймдээ ч популистууд фашизмаас зээлдэж цэргийн коммунизм байгуулах маягийн үйлдлүүд хийдэг. Энэ бүгд Монголд тус болохгүй, түр зуурын үзэгдэл.
- -Популистууд худалч. Худал ярихдаа сэтгэл нь ч өвдөхгүй. Энэ нь “худал хэрэг зохиож худал гэрчийн шууд зааснаар баривчилдэг” жишэг болчихвол улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуургыг эхлүүлэх аюултай.
- Популизм өндөр өртөгтэй, тэр нь улс үндэстнийг талцуулж хагалж бутаргадаг.
“Оспаныг казак түмний аугаа баатар” болгон өргөмжилж байгаа үйлдэл нь улс үндэстнээ хагалан бутаргах зорилготой үйлдэл. Тэнэг солиотой гэж популистуудыг зөвтгөх хэрэггүй. Монголыг бутаргах ноцтой ажил эхэлчихээд байна. Популист удирдагчид энэ асуудалд үйлдэл, эс үйлдлээрээ улс нийгмээ хагалан бутаргах замыг нь засч байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД СОНГОГЧИД ЯАГААД БУРУУ БОДЛОГО СОНГОДОГ ВЭ?
- -Онолын хувьд сонгогчид өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд буруу бодлого сонгох учиргүй хэмээдэг. Гэвч амьдрал дээр тийм биш. Орчин үеийн төрийн үндсэн үүрэг бол Эдийн засгийн бодлого байдаг.
- Харамсалтай нь жирийн Сонгогчид зах зээл, чөлөөт худалдааны талаар тун өнгөц ойлголттой байдаг.
- Тэд зах зээлийн “үл үзэгдэх” гарыг олж харж чаддаггүй.
- -Нүүдэлчин монголчуудын хувьд аливаа зүйлийг тэмтэрч үзэхээс нааш юмсыг ойлгодоггүй байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй. Популизм газар авснаар хүмүүсийн өөдрөг үзэл бөхөх аюул бий болдог.
- -Техник, технологи хөгжиж уламжлалт ажлын байрнууд хэрэггүй болж шинэ ажлын байрнууд шинэ боловсрол, мэдлэг, мэргэшил шаарддаг тул олон түмэн эдийн засагт болж байгаа үзэгдлийг сөрөг талаас нь харах хандлагатай̆ болдог.
- -Монголчуудын хувьд Хятадаас айх айдас хүүдэс нь энэ төөрөгдлийг улам хүч оруулж байна. Энэ төөрөгдөл гадаадын компаниудыг хавчих, хөөх өнгө аясаар илэрдэг.
- -Олон шалтгаанаар сонгогчдын эдийн засгийн буруу ойлголт системлэг чанартай бөгөөд түүнийхээ дагуу буруу бодлогын сонголт хийдэг.
- Нэг нэгээрээ сонгуулийн хайрцагт хийсэн санал нь нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашгийн эсрэг болчихдог асуудлыг Үндсэн хуулиа хийж байхдаа, Сонгуулийн хуулийг хийж байхдаа, Улс төрийн үйл ажиллагаа хийж байхдаа ер нь тал талдаа анхаарах хэрэгтэй болсон байна.
- -Популизмыг буруушааж сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байна. Их дээд сургуульд политэкономийн үндэс заах сургалтын хөтөлбөртэй болмоор байна. Намууд үзэл баримтлалдаа анхаарч улс төрийг зах зээлтэй нь номлодог болох хэрэгтэй.
ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ:
- – Иргэд боловсрол байхгүй дутагдлаар нь тоглож байна. Зарим боловсрол нь манай томчуудад хүртэл байхгүй.
- -Гэрчийг гэрчээр дуудчихаад сэжигтнээр барьж хорино гэдэг бол хуулиар хориотой зүйл. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Харин сэжигтэн мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Яагаад гэвэл сэжигтнийг нотлох нь төрийн үүрэг. Сая М.Энхсайханд хэрэг зохиож хорьсон. Ийм зүйл болоход бидний хийж чадах зүйл нь зөвхөн амиа бодож айдаг. Амиа бодож айгаад өөрийгөө аварна гэж хэзээ ч байдаггүй. Дараа нь дарангуйлагчид гэрийн чинь үүдэнд сахиад байж байдаг.
- -Уг нь бол бид айх хэрэггүй л дээ. Айдас гэдэг сохор зүйл.
- -Өвчлөхөөс айхгүй атлаа эрх чөлөө, үнэт зүйлээ хамгаалах болохоор айдаг.
- -Хязгааргүй ертөнцөд нэг удаа хүн болж төрнө. Дахин Э.Бат-Үүл гэдэг хүн төрөхгүй. Нэг удаа олдсон хувь заяагаа өөрөө л мэдэж захиран зарцуулъя.
- -Бид Монголд болж буй зөн билгийн тулааныг таслан зогсоохын тулд нэгдсэн.
- -Юмаа мэддэг, хийж байгаа зүйлийнхээ үр дагаврыг тооцдог ийм хүмүүс нийгмийг удирдах хэрэгтэй. Яагаад гэвэл ард нь 3 сая хүний хувь заяагаар дэнчин тавьчхаад явж байна. 3 сая хүнээр тоглож болохгүй.
АН-ЫН ДЭД ДАРГА Р.АМАРЖАРГАЛ:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах талаар тусгасан байсан. Энэ дотор нь ямар хүмүүс байх вэ гэхээр шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байна гэсэн энэ төлөөллүүдээ сонгох юм бэ.
- Хууль зүйн эрдэмтэн гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бэ. Гурав нь иргэдийн төлөөлөл нь хэн хэн байх юм, бүү мэд. Энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гээд л хэлэлцээд эхэллээ.
- Мөн хуулийн төсөлд УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороо байгуулна гэж тусгажээ. Эрх мэдэл нь өнөөдөр огтхон ч багадаагүй. Одоогийн Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Орон нутаг гээд бүгдэд нь эрх мэдэл хангалттай байгаа.
- Сая хөдөөгөөр явж ирэхэд иргэдийн 70-80 хувь нь Үндсэн хуулийн талаар мэдээлэлгүй байна.
- Татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлнэ гэсэн заалт арай л хэтэрнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа гэхэд дараа нь тэдний алдааг засах гэж олон жилийг зарцуулна.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ДА.ГАНБОЛД:
- -Мэргэжилтэйгээ холбоотой мэдлэг мэдээллийг хаанаас, хэзээ, яаж олж авч өөрийн болгох вэ гэдгийг зах зухаас нь ойлгосон хүнийг боловсролтой хүн гэнэ.
- -Өнөөдөр манай улс нэг хүнд ногдох Их, дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд дээгүүрт орно.
- -Мэдээ мэдээллийг илүү гүнзгийлүүлэн судалъя гэвэл гадаад хэл зайлшгүй хэрэгтэй. Гадаад хэлгүйгээр төрөлх Монгол хэлээрээ дэлхийн хүн, боловсролтой хүн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй.
- -Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 5-6 хан хувь нь гадаад хэлтэй.
- -Гишүүдийн ярьж байгаа зүйлс нь дандаа сураг ажиг байдаг. тэгсэн бололтой, ингэсэн гэлээ гэж ярьдаг. Тэгж ярьсныг нь зарим сэтгүүлчид дутуу дулимаг ойлгоод мэдээлчихдэг. Тэр мэдээл нь Монголын мэдлэг мэдээлэл болж тардаг.
- -Монголын хүн амын дийлэнх нь гадаад хэлгүй, бас дипломгүй учраас ямар ч зүйл ярихад итгэдэг. Нүдний шилтэй, буурал толгойтой хүний ярианд бүр итгэнэ. Дээр нь сүүл, толгой холбоод ярьчихвал өмнө нь сөхрөх нь холгүй болдог. Үүний оронд энэ нөхөр үнэн ярив уу гэдгийг нь огт шалгадаггүй.
НИЙТЛЭЛЧ Б.БААБАР:
- Бид 2000 оноос эхлэн нэлээд олон судалгаа хийсэн. Саяхан 20 гаруй агуу улстөрчийн рейтингийг гаргалаа. Дархан, Эрдэнэт, Хэнтий, Улаанбаатараас судалгааг авахад тэр 20 улстөрч дотор хоёр хүн л хамгийн өндөр рейтингтэй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёр. У.Хүрэлсүхийн өндөр рейтинг нь амьтан хүний хөрөнгийг хураана гэж хэлсэнтэй нь л холбоотой байгаа юм.
Холбоотой мэдээ