До.Болд: Сахалтай өвгөн болсон ч залуу байх хэрэгтэй | News.MN

До.Болд: Сахалтай өвгөн болсон ч залуу байх хэрэгтэй

До.Болд: Сахалтай өвгөн болсон ч залуу байх хэрэгтэй

До.Болд: Сахалтай өвгөн болсон ч залуу байх хэрэгтэй

Монголын дүрслэх урлагийн салбарт одоо амьд сэрүүн, бүтээлээ туурвиж буй хоёрхон Ардын зураач үлдээд буй. Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бадамжавын Чосгом гуай болон түүний шавь Төрийн шагналт, Ардын зураач Долгоржавын Болд нар. Тэдний хамтын “Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэн долдугаар сарын 1-нд “Монгол арт” галерейд нээлтээ хийсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2019.07.03/ хоёр ахмад зураачид маань хүүхэд, залуустай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Хүүхэд залуус ахмад зураачдаас “Яавал сайн зураач болох вэ, зураг зурж эхлэхэд юуг анхаарах вэ” зэрэг олон асуултыг ахмад зураачдаас сонирхон асууж байлаа. Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бадамжавын Чосгом гуай “Зураг зурахын өмнө аливаа юмсын агуулгыг нь сайтар ойлгодог байх хэрэгтэй” гэдэг үнэтэй сургаалийг хэлж өгч байв. Ингээд энэ үеэр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач уран зургийн академич До.Болд гуайтай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Багштайгаа хамтарсан “Урлагийн амьдрал” үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?

-Бид хоёрт анх “Монгол арт” галерейн хамт олон болон манай охин Б.Сарнай энэ үзэсгэлэнг зохион байгуулах саналыг тавьсан юм. Тэгэхээр нь би одоо хийж байгаа бүтээлүүдээ голчлоод, багштайгаа хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэнд бид хоёрын 200 гаруй бүтээлийг дэлгэсэн байгаа.

-Багш, шавь хоёрын анхны үзэсгэлэн үү?

-Тийм. Анхны үзэсгэлэн. Энэ удаа бид хоёр зориглож, хамтын үзэсгэлэнгээ гаргасан. Манай охин Б.Сарнай маань бас зураач шүү дээ. Тийм учраас энэ үзэсгэлэнг санаачилж, хөдөлгөсөн л дөө. Тэгэхгүй бол бид чинь гэр гэртээ суугаад, уулзахаа ч бараг больцгоосон юм. Харин энэ их сайхан завшаантай үзэсгэлэн болж байна.

-Ардын зураач Б.Чогсом багшийн байгалийн сайхныг өгүүлсэн олон бүтээлийг дэлгэжээ. Та хоёр хамтдаа их аялж, судалгаа хийдэг байсан гэв үү?

-Ардын зураач Б.Чогсом багшийн маань их хөдөлмөрч, аялах дуртай хүн. Бид хоёр их аялна. Одоо багшийн маань хөл жаахан муудаад байх шиг байна. Тэрнээс биш багш маань хуучны ногоон орос мотоцикльдоо намайг суулгаж аваад л Дамбадаржаа, Уу булан, Богд уулаар аялна. Бололцоотой үедээ машинаараа, нийтийн унаагаар байнга явж, судалгаа хийдэг байлаа. Манай Б.Чогсом багш бол төрөлхийн байгалийн зөн, мэдрэмжтэй хүн. Би энэ хүнээс их олон зүйлийг сурсан даа.

Ер нь надад олон сайхан багш нар байлаа. Ардын зураач О.Цэвэгжав багш, Д.Амгалан, Ш.Эрдэнэбат, Х.Дамба гээд…Би багаасаа зургийн дугуйлангаар явж суралцсан. Зөвлөлтийн Ленинград хотын И.Е.Репиний урлагийн академид зургаан жил сурсан. Хүн суралцахад хязгаар байхгүй. Их ч олон орноор явлаа. Бололцоо олдвол жилд нэг орон, нэг ард түмний амьдралыг үзэх дуртай. Ази, Европ, АНУ-ыг үзлээ. Одоо Африк, Латин америк, Антрактид тив гээд бүр сар руу ч нисмээр…/инээв/

-Энэ удаагийн үзэсгэлэнд таны 1974 онд зурсан ханийн тань хөрөг зураг тавигджээ. Ханийнхаа тухай дурсан ярьж болох уу?

-Би ханьтайгаа Хөгжим бүжгийн зургийн ангиас авхуулаад хуучнаар ЗХУ-д И.Е.Репиний уран зургийн академид цуг суралцсан. Тэгээд бид хоёр тавдугаар курстээ бие биедээ сайн болсон түүхтэй. Их хожуу бие биеэ олж харж, сэрцгээсэн гэх үү дээ. /инээв/ Өмнө нь яахав бие биеэ мэддэг, уран бүтээлчийнх нь хувьд мэддэг байсан л даа. Тэгсэн мөртлөө энэ хүнтэй сууна барина гэж бодож байгаагүй.

Зураг намайг ханьтай минь учруулж, нэгтгэсэн гэж боддог. Хайраа илчилсэн түүх нь бас сонин л доо. Тэгээд л бид хоёр чинь ЗХУ-д дипломын ажлаа хамгаалах үеэрээ охин Б.Сарнай маань бий болж, бас нэг амьдралын дипломын ажлаа хамгаалсан даа. Харамсалтай нь, сүүлийн хэдэн жилд ханиа алдлаа. Бас аав, ээж маань бурхан боллоо. Хүний амьдрал гэж тааварлашгүй, бэрх юм байна. Үргэлж өөрчлөлтүүд бий болж байдаг. Амьдралд янз бүрийн л юм үзлээ дээ.

-Та үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Миний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдэн сэтгэл санааны байдлаа үзэгчидтэйгээ хуваалцаж байна” гэж байсан даа?

-Би сүүлийн жилүүдэд байгалиас үүдэлтэй, сэдэлтэй хийсвэр сэтгэлгээний абстрак чиглэлийн бүтээлүүдийг зурлаа. Байгаль судлахуй хүнд маш их зүйлийг өгдөг. Би цаашдаа энэ урсгалаа эрчимтэй хөгжүүлнэ гэж бодож байгаа. Өмнө нь Япон, Болгар гэх мэт олон улсын уран зургийн уралдаанаас миний энэ ирж яваа чиглэлийг дэмжиж, урамшуулж байсан. Манай үзэгчдийн маань сэтгэлгээ нь улам тэлж, шинийг эрэлхийлж, боловсрол нь хамаагүй дээшилсэн байна. Тиймээс уран бүтээлчдийн хувьд үргэлжийн урагшаа хөгжиж, аливааг эрэн хайж, турших хэрэгтэй.

Урлаг өөрөө их баян учраас янз бүрийн “изм” хавчигдмал номлол байхгүй. Энийг дандаа хөгжүүлж байх ёстой. Монголын дүрслэх урлагийн уламжлалд түшиглэн орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Бид өнөөдөр эрх чөлөөтэй Монгол нутагт амьдарч байна. Уран бүтээлчид маань олон улсын томоохон үзэсгэлэн, уралдаанд амжилттай оролцож байна. Уран бүтээлч хүн өөрийгөө зогсолтгүй турших хэрэгтэй. Бидний хийгээгүй янз бүрийн техник технологи, материал, театрчилсан урсгалууд шинээр үүсэн бий болж байна. Уран зурагт орой байхгүй. Бас таслал гэж үгүй. Зураачид үргэлж урагшаа тэмүүлж байх ёстой.

-Танд яг одоо эхлүүлсэн бүтээл бий юу?

-Би одоохондоо энэ шинэ бүтээлийн эрэл хийж байна. Би өглөөнөөс орой унтах хүртэл байнга зураг зурдаг. Энэ их хэрэгтэй. Би телевиз үзэж байхдаа хүртэл камерт гарч буй хүний хөдөлгөөн, дүрс, өнгө, зохиомжуудыг зурна. Зураач мэргэжил бол амрах хувь тавилангүй мэргэжил. Би одоо ч суралцаж, судалж, ажиллаж байгаа. Хүн тархиныхаа маш өчүүхэн хэсгийг л ашигладаг гэж байгаа юм. Тийм учраас тархиа сайн ашиглаж, сахалтай ч гэсэн залуу байх хэрэгтэй.

Гэрэл зургийг: Г.Билгүүн

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-03 182.160.33.145

eryyl enh urt nasalj uran byteelee tsaashid ulam delger tsetseglyylj baihiig hysen erooe.

Avatar

бө 2019-07-03 202.126.88.54

Монголын урлагийн оркуудаас ганц аятайхан холч ухаантай хүн гарч Монголын нэрийг гаргаж яваа хүн шүү дээ. Бусад нь бүтэхгүйээ
хар амиа бодсон, хөгжилгүй, бэртэгчин ,юу ч чадахгүй, ямар ч логик утга мэдрэмжгүй, шинжлэх ухаан, гэж юу ч мэдэхгүй балай юмнууд байдаг юм даа.

Avatar

Зочин 2019-07-03 122.201.21.24

үг үсгийн болон утгын алдаа их бна шүү

Avatar

Zoshin 2019-07-03 180.199.80.86

Uran buteeliin amjilt husye

Avatar

Зочин 2019-07-03 182.160.2.99

Төмөр замын 20 -р сургуулийн анд, сайн эр До.Болддоо сайн сайхныг ерөөе. Дандаа л онц сурдаг нөхөр байж билээ. Дүү нь Цогоо гэж бас нэг сайхан эр бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж