Усалгаатай талбай газар тариаланд чухал

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Усалгаатай талбай газар тариаланд чухал

Нохой гаслам халуун гэх зүйрлэлийг энэ жил жинхэнэ утгаар нь мэдэрч байна. “Дээхэндээ бол энэ мэт халуун жил бүр л тохиодог байсан. Сүүлийн хэдэн жил хавар намар нь зуныг хавчиж халуун үзэхийг больсноос хүмүүс  цочирдож байгаа юм” хэмээн хөгшид өгүүлнэ. Ямартай ч урьд үзэгдээгүй халуунаас болж голын ширэг хүртэл шарлаж ганджээ. 35-38 градус, азрим газарт 40 градус хүрсэн энэ халууныг тариа, буудай тэсвэрлэж чадах болов уу гэсэн болгоомжлол хэн бүхэнд төрөх нь мэдээж. Тиймээс бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баяртулгатай ярилцлаа.
– Энэ жил хэдий хэрийн талбайд тариалалт хийсэн бэ?
-Улсын хэмжээнд нийт 311 мянган га-д тариа ногоо тоариад байна. Үүний 260 мянган га нь үр тариа, үлдсэн талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тарьсан. Тэжээлийн ургамлын тариалах хэмжээг 38 мянган га, тосны ургамлыг 23 мянган га-д хүргээд байна.
-Тариа буудай, төмс хүнсний ногоо энэ их халууныг тэсвэрлэх болов уу гэж хүмүүс түгшиж байна л даа. Хэдийгээр үр тарианы болц ярих цаг болоогүй ч ургалт нь ямар байна вэ?
-Болц ч болоогүй л дээ. Гэхдээ тариаланчдын хувьд амрах ч завгүй ажилладаг үе ирээд байна. Тариа ногоо одоогийн байдлаар төрүүлэлт, цэцэглэлтийн үедээ байна. Энэ эгзэгтэй үед агаарын температур их хэмжээгээр халах нь тариа ногооны өсөлт, хөгжилтөд муугаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Зургадугаар сард зарим нутагт  хэт халснаас тарианы навч дороосоо эхлэн шарласан тал бий. Энэ нь ургацад бага зэрэг нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ жил ганц манай улсад ингэж халж байгаа биш шүү дээ. ОХУ-ын 16 муж гантай байгаагаас 11 муж нь ургац алдах хэмжээнд хүрсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэдэнтэй харьцуулахад манайхан харьцангуй гайгүй  гэж болно.
-Ирэх наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас өндөр байна гэсэн урьдчилсан мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан. Намрын халуун өдрүүдийг хэрхэн туулах талаар төлөвлөсөн зүйл бий юү?
-Ирэх сард хур тунадас олон жилийн дунджийн орчим орно. Гэвч агаарын температур нь халуун байх тул хөрсөнд чийг дутагдахыг үгүйсгэхгүй. Зургадугаар сарын хэт халалтын үеэр манай яам Ус цаг уурын хүрээлэнтэй хамтран хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан. Байгаль дэлхий ч хур бороогоо харамгүй хайрласан. Энэ бүхний дүнд үр тариа, төмс хүнсний ногоо аюултай байдалд ороогүй. Ирэх сард ч мөн энэ мэт арга хэмжээ авах болно. Прогнозоос харахад ирэх сард их хэмжээгээр халах боловч халуун байх өдрийн тоо цөөн, хугацаа богино байхаар ажиглагдсан. Дээр нь бороо хур элбэг байвал ургац алдахгүй байх боломж бий.
-Манай улсын  хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбар байгалийн хараат байдалд байдаг. Үүнээс хэзээ ангижрах бол?
-Цаг хугацаа товлоход хэцүү л дээ. Байгалийн эрхшээлд байдаг салбарын нэг нь газар тариалан гэдэгтэй санал нэг байна. Гэвч бид шинэ  техник, технологи нэвтрүүлэх зэргээр  арга саам хайж л байна. Тариаланчид хавар зун зургаан сарын турш завсаргүй хөдөлмөрлөж байж намар нь ургацаа хураадаг. Яг өдийд бол хог ургамал, хортон шавьжтай тэмцэх тун их ажлын үе. Хог ургамал их байх аваас услаад ч ургац авахгүй. Түүнээс гадна техник комбайнаа засах, үтрэм агуулахаа бэлдэх, зоорь саваа ариутгах гэхчилэн ажлыг яг одоо л хийж байх учиртай.
-Энэ мэт урьдчилан бэлтгэх ажлыг хойш тавьснаас ургац хураахтай зэрэгцэн сандарч  тэвдэх байдал ажиглагддаг.
-Тийм шүү. Зарим аймаг сумын тариаланчид зуны гурван сард амралтын байдалтай байгааг нуух юун. Амрах нь бүү хэл амсхийх завгүй л байх үе шүү дээ. Биднийг ч ургац хураалт дуустал амраахгүй гэсэн шийдвэрийг салбарын сайд гаргасан.
-Улсын хэмжээнд усалгаатай талбай хэдий хэмжээтэй байна вэ. Бүх талбайг усалгаатай болгочихвол нарнаас айх аюулгүй болно биз дээ?
– Байгалийн  хараат байдлаас гарах ганц арга нь усалгаатай талбай. Улсын хэмжээнд 38 мянган га талбайг усалгаатай болгоод байгаа. Урьд нийгмийн үед бол 90 мянган га талбай усалгаатай байсан. Дараа нь зах зээлд шилжээд 5-6 мянган га талбай л усалгаатай үлдсэн. Харин сүүлийн жилүүдэд усалгаатай талбайг нэмэгдүүлэх талаар их анхаарсны хүчинд энэ хэмжээнд хүрээд байна. Усалгаатай талбайг өргөтгөхөд зориулж энэ жил  6,9 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч хойшид уур амьсгалдаа зохицон хэрхэн ажиллаж, амьдрахаа бодож болгоохоос аргагүй. Газар тариаланд шинэ техник, технологи нэвтрүүлэх шаардлагатай байна. Наад зах нь ус хуримтлуулдаг туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэвч услаад л  байвал сайн гэж ойлгож болохгүй. Усыг зөв хуваарилж, зарцуулах нь чухал. Хэт их халууны үед их хэмжээгээр услахаасаа илүү бага багаар сэрүүцүүлэх усалгаа хийх гэхчилэн нарийн зүйл их бий. Хэт их усалснаас хөрс агааргүйдэж ургамлын үндэс ялзрах, мөөгөнцөр үүсэх аюултай.
-Төмс, хүнсний ногоо харьцангуй арчилгаа багатай ургадаг уу?

-Яалаа гэж, харин ч хүнсний ногоо хамгийн их арчилгаатай.  Хог ургамал, хортон шавьж чинь төмс, хүнсний ногооны талбайд л түгээмэл байна шүү дээ.
-Малын тэжээл тариалахаа больсноос цас зуданд нэрвэгдэж байна гэх боллоо.
-Энэ жил 7000 га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ нь социализмын үеийнхтэй харьцуулшгүй бага ч жилээс жилд нэмэгдэж л байна. Ер нь малын тэжээлийн асуудлыг шийдэхгүй бол мал аж ахуйн салбар хүндрэлтэй шүү дээ. Гадаадын зарим ажиглагчид ч манай малчдын зун, намрын цагт цалгар наазгай байдгийг, малдаа өвс тэжээлийг нь бэлтгэхгүйгээс өвөлдөө өлсгөж цангаадаг гэмтэйг шүүмжилдэг. Хүний хүний үг гэлтгүй шүүмжлэлийг тусгаж авах л учиртай.
-Тосны ургамал буюу рапсийг тарих болсоор удаж байна. Гэвч Монголд үйлдвэрлэсэн ургамлын тос гэж харагдахгүй юм. Рапсийг яг ямар зориуулалтаар тариад байна вэ?
-Жижиг боловч хэд хэдэн ургамлын тосны үйлдвэр бий. Рапст байдаг хүний биед хортой хоёр төрлийн бодисыг селекцийн аргаар зайлуулсан. Тэгэхээр ургамлын тос хийхэд эргэлзэх зүйлгүй болсон гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд ургамлын тос үйлдвэрлэхээс гадна экспортод гаргах зорилгоор рапсийг тарьж байна. Ургамлын тосыг зөвхөн хүнсэнд хэрэглээд зогсохгүй сэргээгдэх эрчим хүч болгон ашигладаг технологи дэлхий нийтэд нэвтрээд байгаа. Олон оронд, тухайлбал Германы Бавари мужид л гэхэд ургамлын тосоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байна. Энэ мэт шинэлэг зүйл их бий.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж