Малчдаа өөд татаж байж хөгжил ярина

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Малчдаа өөд татаж байж хөгжил ярина

Малчдаа өөд татаж байж хөгжил ярина

Толгойтой бүхэн уул уурхайгаар “халуурч” байхад малчин, мал, бэлчээрийн ярьж яваа Чинээлэг Малчин Бойжуулах төв ТББ-ын тэргүүн, Чинээлэг малчин хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэртэй ярилцлаа.


-Таны удирддаг байгууллага, санаачилсан төслийн нэр их содон юм. Яг ямар зорилготой бол?

-Товчхондоо бол Монголын малчин өрхүүдийг чинээлэг дундаж амьдралтай болгох зорилготой байгууллага. Ийм том зорилгод хүрэхийн тулд “Чинээлэг Малчин” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 170 шахам мянган малчин өрхийг чинээлэг дундаж давхарга руу шилжүүлсэнээр бэлчээрийн доройтол, хот руу чиглэсэн их нүүдэл, ядуурлыг гэх мэт Монголын шийдлээ олдоггүй мөнхийн асуудлуудыг цогцоор нь шийдэж чадна гэж үзэж байгаа.

-Энэ олон жил яриад төсөл хэрэгжүүлээд, мөнгө зараад байхад шийдэж чадаагүй л байна ш дээ?

-Магадгүй бид 30 жил хэтэрхий их улстөржилт, популизм, даяарших мөрөөдөлдөө автаад “тэнээд” байгаа байх. Уг нь бол хөгжлийн шийдэл нь маш ойрхон бөгөөд тодорхой юм байна. Сүүлийн гурван жил манай байгууллага нь судлаад, хайгаад, туршаад үзчихлээ. Гадны орнуудын бэлэн сайхан туршлага ч байна. Гэхдээ би фермер загварууд яриагүй шүү. Нүүдлийн мал аж ахуйдаа түшиглэн нутагшуулж болохуйц туршлагыг ярьж байна. Мал ахуй бидний хийж сурсан ажил. Нэг өрхийн амьжиргаа төдий бус улс орны эдийн засгийн гол тулгуур болсон энэ том салбарын амжилтын шийдэл дарга нарын ширээн дээр, эрдэмтдийн халаасанд, төсөл хөтөлбөрүүдийн их мөнгө, санхүүжилт дотор бус малчны хотонд л байгаа юм байна. Холоос хайж, их цаг хугацаа зарах ч хэрэг алга.

-Бүтэн хөтөлбөрийг танилцуулахад, тайлбарлахад маш их цаг орно. Зорилгыг нь та дээр хэллээ. Яг ямар ямар ажлууд хийх талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөх үү?

-Би ажил хийгээгүй байж “…тэгж, ингэж хийнэ…” гэж цээжээ дэлдэх дургүй. Товчхондоо бол хөтөлбөр бэлэн болсон учир наймдугаар сараас ажил эхэлнэ гээд л ойлгоцгоочихьё. Зөв хандлага, сайн туршлага юм чинь тэгээд аяндаа Монгол даяар давлагаална байх. Ер нь бол бид малчдаа, мал ахуйгаа өөд нь татаж байж л улсын хөгжил ярина шүү.

-Таны зарчмыг хүндэтгэж байна. Тэгвэл хоёулаа малчдын тулгамдсан асуудлуудаас нэг сэдвийг нь сонгож аваад ярилцъя. Та сэдвээ сонго. Болох уу?

-Тэгье. Ганц малчдын гэлтгүй улс орны хэмжээний маш том асуудал болсон бэлчээрийн талаар ярилцах саналтай байна.

-Болж байна. Монгол орны бэлчээрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна?

-Мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тоо баримт дээр тулгуурлаад ярих нь зүйтэй болов уу. Монгол Улс 1.5 сая км квадрат талбайтай. Үүний 9.1 хувь нь ойн сан, үлдсэн нь тал нутаг, бэлчээр байдаг юм байна. Бэлчээрийн талбайн хэмжээ 1961 онтой харьцуулахад 2017 онд 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурч, 112.1 сая га болсон. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлж тооцсон малын тоо буюу бэлчээрийн ерөнхий даац дөрөв дахин хэтэрчихсэн байна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Швейцарийн Хөгжлийн агентлагаас хийсэн судалгааны тайлангаас харвал Монгол орны нийт бэлчээрийн 10.3 хувь нь нөхөн сэргээгдэхгүйгээр цөлжсөн. Дунд болон дундаас дээш түвшний талхлалтад 47.4 орчим хувь нь өртсөн. Үлдсэн хэсэг нь буюу 42 хувь нь соргог буюу талхлагдаагүй байгаа юм байна. Энэ байдал энэ эрчээрээ үргэлжилсээр байвал ойрын жилүүдэд бэлчээр 100 талхлагдаж, 2080 он гэхэд Хөвсгөлийн зүүн хойд хэсэгт багахан талбай, Хэнтийн нурууны баруун хойд хэсэг энэ хэвээрээ үлдэж бусад нутаг бүрэн цөлжинө гэсэн таамаглалыг судлаачид хэлж байна.

-Бэлчээрээ хамгаалах, нөөцөө зөв ашиглах тал дээр малчид өөрсдөө маш хэнэггүй ханддаг. Өнөөдөр л болж байвал гэсэн хандлагатай хэт их малаа өсгөж байна шүү дээ?

-“Баян уран хоёр болно доо болно…” гэсэн эртний үг бий. Харамсалтай нь одоо цагт уран хэлтэй малын тоо толгойн өсөлт нь баян хангайн нөхөн сэргээлтийг дарлаж гүйцлээ. Энэ талаас нь харвал та бодит дүгнэлт хэллээ. Аа, гэхдээ малчид энэ дайтай зүтгэж малаа өсгөөгүй бол Монголын эдийн засгийн хөгжлийн нэг гол тулгуур нь ганхах байсан шүү. Нөгөөтэйгүүр дэлхийн дулаарал, гангийн давтамж цөлжилтийн шалтгаан хүчин зүйлсэд 13 хувийн жин дардаг гэсэн судалгаа бий. Зөвхөн малчид руу, байгаль дэлхий рүү асуудлыг чихээд бултаж боломжгүй.

-Та дээр дурдсан хүчин зүйлсээс илүү хүчтэй нөлөөлөл байна гэж хэлэх гээд байна уу? Тухайлбал, уул уурхай?

-Бэлчээрийн нөөцөөс авч хуваалцаж, газрын хэвлийгээс ашиг олж байгаа уул уурхай эрхлэгчид илүү хариуцлагатай хандах ёстой. Гэхдээ би популистууд шиг муу бүхнийг уул уурхай руу чихэж олонд таалагдаж оноо авах гэж амарчилмааргүй байна. Тоо харвал байдал өөр шүү. Нийт бэлчээрийн талбайн тавны нэг нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн гэсэн судалгаа байдаг.

-Тэгвэл малчид л буруутай юм байна ш дээ?

-Та хариултыг их амархан олохыг хүсээд байна аа даа. Ер нь бол таны зөв. Гэхдээ малчдыгаа “Мянгат малчин”, “Сайн малчин” гэж уралдуулдаг, хоосон өргөмжлөлөөр хуурдаг энэ тэнэглэлээ больчих хэрэгтэй байна. Бэлчээрийн хамгаалалт, зохион байгуулалт хийж байх ёстой төр засаг нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, өөрсдийг нь хуурч шоглож байдаг нэг жишээ энэ.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголын нийт нутгаар бороо хургүй байлаа. Энэ үед “Монголоо сонсъё” аяны ажлаар Дорноговь, Говьсүмбэр аймгуудаар ажиллаж явахдаа нүдээрээ харснаа л ярья. Тэр зун Монгол даяар зуншлага муу, говийн аймгуудаар улаан халцгай болчихсон байсан. Биднийг очиход Өргөн суманд багахан бороо орсон, жаахан ногоорсон газар нь энэ тэндээс ирсэн мал шавчихсан байдалтай байсан. Малчид худгаас хуванцар саваар ус зөөж нялх хүүхэд угжиж байгаа юм шиг малдаа өгч байсан. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг. Ийм зүйл харахаас өөрөөр баталгаа гэж юу байхав дээ. Хэдэн малчид нь яах арга ухаанаа олохгүй улаанаараа эргэсэн газар дээрээ нааш цаашаа нүүгээд л… Яг нарийндаа бол амьжиргааныхаа төлөө дөрвөн цагт малаа дагаж яваа малчид биш баярхалцаж, аархалцаж байгаа тоотой хэдэн нөхдүүдийн талаар ярих хэрэгтэй. Тэдний дийлдэхгүй шунал, хийрхэл бэлчээрийн гол дайсан шүү.

-Сонсож байгаагүй юм байна. Энэ  дүгнэлтийг баталгаажуулах баримт танд байгаа л байлгүй…

-Харин тийм. Бид анзаардаггүй юм билээ. Намайг Говь-Сүмбэрийн Засаг даргаар ажиллаж байхад 2015 онд манай аймагт Монголын Морин спорт уяачдын холбоо 20 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгууллаа. Баянталд хурдан морьд уралдууллаа. Баянтал чинь морины шагайнаас дээш татаж өвс ургадаг говьд эрдэнэ мэт ховор нутаг. Гэтэл уралдаан болсон өвөл тэр баян хангайг талхлаад дуусгасан. Хэн гээч. Малчид лав биш. Морь ачиж очиж уралдуулсан манлай, тод өргөмжлөлтэй нэр бүхий хэдхэн баячууд тэр сайхан талд маань худаг ухаж гаргаж, адуугаа өвөлжүүлээд бүх зүйл дуусаж байгаа юм даа. Яг энэ жишгээр уяач нэр зүүсэн хэдхэн баячууд, томчууд өвс ногоотой газруудыг сорчилж адуугаа өвөлжүүлнэ, худаг гаргана, талхалж дуусаад хавар нь нүүнэ, боллоо, баяртай. Одоо нүүдэл хийх газар ч үгүй болж байх шиг байна. Өнөөх 2000-300 адуутай нөхдүүд яг хэдэн адуутайгаа ч мэдэхгүй ширээ тойрч суугаад покер тоглож байна. Монголын уламжлал, бахархал адууны соёлыг ингэж уландаа гишгэж болохгүй ээ. Нутгийн зарим хурган дарга нар, бизнесменүүд үүнийг нь даган баясах маягтай. Малчид ч бодит байдалтай нүүр тулж бэлчээрийн гол дайсан гэж эртнээс нааш ярьж ирсэн ямаан сүргийнхээ тоо толгойг зоригтой бууруулмаар байна.

Та миний ярьсанд эргэлзэж байгаа бол зүүн аймгуудын зүүн урд захаар даялаад яваад үз. Ургамлын төрөл зүйлийн баялаг нөөцтэй, унаган дүр төрхөө харьцангуй  хадгалж үлдсэн энэ нутгаар явахад нөгөө их дөрөө шүргэж халиурдаг өвс байхгүй, говь шиг л шороо нь бургисан тал болчихсон байна. Хангай баян болохоор энэ зуны бороонд сэргэж өнгө хуурахуйц ногоорсон л байх. Гэхдээ ургамлын төрөл зүйлийн тоо, бүрдэл, шимт чанарыг нь судлаад үзвэл ямар их хомсорч, цөөрсөн, ядуурсан байгаа бол. Мэргэжлийн хүмүүс илүү тодорхой ярих байх. Бид чинь энэ нутагтаа амьдрах юм байгаа биз дээ. Нүүж явах гээд байгаа юм уу? Манай албаны хүмүүс өнөөдрийн байгаа байдалдаа дүгнэлт хийж, ядаж ичиж байгаа юм байна уу, хичээж хийж байгаа ажил байна уу? Нэг л их ярьсан, хэлэлцүүлэг хийсэн л хүмүүс байх юм. Шийдэл олдоггүй, арга хэмжээ авдаггүй. Одоо хэрэгжүүлж байгаа, бага зэрэг үр дүнд хүрч байгаа ажил нь бэлчээрээ өнжүүлэх төдий байна. Харамсалтай нь их явцгүй арга ш дээ. Нэг, хоёр жил өнжүүллээ. Харагдах байдал нь арай дөнгүүр болдог. Эргээд л мал бүчдэг. Хөрс, бэлчээр чинь нөхөн сэргээгддэг ч гэлээ тэр чадвар нь тодорхой хязгаар, хэмжээтэй юм ш дээ. Тэгэхээр бид энэ хязгаарлагдмал нөөцөө урт хугацаандаа үр өгөөжтэй ашиглах  ухаалаг бодлоготой болох хэрэгтэй юм.

-Бид газар нутгийнхаа ихэнх хувийг бэлчээрийн доройтолд оруулчихсан мал аж ахуйн орон юм байна. Тэгээд яах вэ? Малгүй болох уу?

-Бэлчээр, мал сүрэг зөвхөн малчдын амьжиргааны асуудал биш гэдгийг бид ганцхан хаврын махны хомстол, үнийн өсөлтөөс л мэдэрчихлээ шүү дээ. Малгүй болчихвол малчин Дорж гуай л хэцүүдэх үү? Дорж гуайн ам бүлээс тасарч сум руу, аймаг руу, хот руу явсан хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт орох бол. Дорж гуайгаас мах, сүү, ноолуур, арьс шир авдаг хүмүүс яах бол. Дорж гуайд гутал, гурил, тамхи, тариа зардаг наймаачид хэнтэй наймаа хийх вэ? Хүүхдийнх нь төлбөрийг авч сургадаг сургуулийн багш, захирал хаанаас цалингийн эх үүсвэрээ олж, байрны халаалт дулаанаа яаж төлөх вэ? Дорж гуай бүхнийг шийдэхгүй ч эдийн засаг доголдож л таарна ш дээ. Асуудлаа бусдад нялзааж, зугтаах биш шийдэл л олох, хийх л хэрэгтэй. Иймээс л би “Чинээлэг Малчин” гээд яриад байгаа юм.

С.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж