Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ариун бээлий байхгүйгээс сахиур нь өвчтөний цусыг гараараа тогтоосон гэх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татав. Тус эмнэлэгт өвчтөн цус алдахад хэрэглэх ариун цэврийн бээлийний хангалт дууссан талаар иргэн гомдоллосон. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Олон нийттэй харилцах төвийн Хэвлэл мэдээллийн ажилтны хэлснээр өнөө өглөө 06.00 цагийн үед жижүүрт гарсан эмч нар тасгуудаа эргэх үеэр өвчтөний биеэс цус шүүрч эхэлсэн байна.
Өвчтөний хүү сувилагчаас тусламж хүсч, энэ дагуу сувилагч эмч дууджээ. Энэ үед хүү нь сандарсандаа аавынхаа цусыг гараараа тогтоосон байна Харин эмч 06.30 цагт ирж яаралтай тусламж үзүүлэн, боолт хийсэн гэнэ. Тус эмнэлэгт ариун бээлийний хангалт, хүртээмж эмнэлгийн ажилтнуудад хангалттай хүрэлцэхүйц байгааг Гавьяат эмч, ЭМЯ-ны мэс заслын ерөнхий мэргэжилтэн, УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэллээ.
Тэрбээр “Ариун цэврийн бээлийний бүх нөөцийг өгсөн. Эмнэлгийн ажилтнуудад ариун бээлий хангалттай бий. Бээлий хүрэлцэхгүй байна гэсэн зүйл байхгүй. Эмнэлгийн хангамж, үйлчилгээ хэвийн байгаа. Харин сахиуруудыг ариун бээлийгээр хангана гэвэл улс ч дийлэхгүй. Манай тасагт хэвтэн эмчлүүлж буй 40 хүний 80 хувь нь идээтэй. Эдгээр хүмүүсийг сахиж буй ар гэрийнхнийг нь ариун бээлийгээр хангана гэвэл улсаас энэ зардлыг дийлэхгүй” гэлээ.
Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд ямар учраас бээлий байхгүй гэсэн шалтгааныг тодруулахаар эмнэлгийн зүгээс ар гэрийнхэн болон жижүүрт гарсан сувилагчтай уулзаж асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Өвчтөний хүү тухайн жиргээг бичихдээ эмнэлгийн ажилтнуудыг буруутгаагүй, сэтгэл хөдлөлөөрөө хандсан гэж эмнэлгийн ажилтнуудад учирласан байна.
Б.ЦЭЦЭГ