“Зуун донороос цус авч, 1 өдрийн хэрэгцээг хангадаг”

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

“Зуун донороос цус авч, 1 өдрийн хэрэгцээг хангадаг”

“Зуун донороос цус авч, 1 өдрийн хэрэгцээг хангадаг”

2015 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс сар бүрийн 3-ны өдөр  “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Өнөөдөр 54 дахь тэмдэглэлт өдөр нь. Энэ удаагийн үйл ажиллагааг “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны залуучуудын санаачилгаар зохион байгуулж байна.  Ингээд “Цус сэлбэх судлалын үндэсний төв”-ийн Нийгэм, эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Дулмаагаас цөөн асуултад хариулт авлаа.


-Цус сэлбэх өдрийг яагаад заавал сар бүрийн 3-нд тэмдэглэх болсон юм бэ?

-Монголчууд бид гурвын тоог ихэд бэлгэшээдэг. Тулгын гурван чулуу, соёмбо дээрх гурван гал гэх мэт гурвын тоонд ач холбогдол өгдөг. Иргэдийн нэг удаа бэлэглэсэн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг юм. Тиймээс сар бүрийн 3-ны өдрийг  “Цусаа бэлэглэх өдөр” болгон сонгож авсан.  Сар бүрийн 3-нд аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиуд, олон нийтийн сүлжээ байгууллагууд хамтран тэмдэглэдэг. Анх  цусаа бэлэглэгч доноруудыг олон нийтэд түгээн сурталчлах, тэдний үйлсийг олонд алдаршуулах, мөн доноруудаа урамшуулах зорилготой.

-Ингэхэд цусны нөөц хангалттай юу. Ер нь нөөцөө яаж бүрдүүлж, хадгалдаг юм бэ?

-Манай  цус цуглуулах төв Улаанбаатарын хэмжээнд хамгийн багадаа өдөрт 100 донороос цус авч байж нэг өдрийн хэрэгцээг хангадаг. Цусны нөөц одоогийн байдлаар хангалттай байгаа. Цусаа цуглуулаад, цуглуулсан цусаа шинжилснийхээ дараа бүтээгдэхүүн болгодог.  Бүтээгдэхүүн болгоны хадгалах хугацаа харилцан адилгүй.  Хоёр  жил хүртэл  хадгалдаг бүтээгдэхүүн байхад  тав хоног хадгалдаг бүтээгдэхүүн ч байдаг. Хадгалсан бүтээгдэхүүнээрээ бид эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг. Бусад саруудтай харьцуулахад  долоо, наймдугаар сард цус өгөх хүний тоо бүлгийн хамаарлаас шалтгаалаад бага зэрэг буурдаг.

-Өдөрт хэчнээн литр цус эмнэлгүүдэд нийлүүлдэг вэ?

-Үүнийг тодорхой хэлэх боломжгүй. Сүүлийн үед маш олон, том мэс ажилбарыг Монголдоо хийж байна. Жишээлбэл, нэг элэг шилжүүлэн суулгах мэс засалд  гэхэд хамгийн багадаа  200 донорын цус цусан бүтээгдэхүүнийг цуглуулах шаардлагатай болдог.

-Цусаа хандивлахад залуучууд хэр идэвхтэй ханддаг вэ?

-2012 оноос хойш шинэ донорын тоо 37 хувиар өссөн. 2012 онд 17 мянган донор цусаа өгч байсан бол 2018 онд 26500 болж өссөн.  Сүүлийн таван жилийн үзүүлэлтийг харахад байнгын донорын тоо 14,8 хувиар өссөн байна лээ.  Цус бэлэглэнэ гэдэг бусдад амь амьдрал бэлэглэж байгаа гайхамшигтай зүйл юм.

Жилдээ хамгийн багадаа  хоёроос дээш удаа цусаа бэлэглэж , үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бий болгоход бодит хувь нэмрээ оруулаарай гэж залуустаа захья. Энэ нь бол элэг нэгт ард түмэндээ тусалж байгаа том буян юм.

-Хөдөө орон нутагт цусны төв байдаг уу?

-Улаанбаатарт үндсэндээ  нийт гурван  Цус цуглуулах төв байдаг. Бүх аймаг орон нутагт 26 салбар төвүүд ажилладаг. Тэнд мөн цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Х.ДАГИНАС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж