Монгол Улсын спортын мастер, ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит ахмад дугуйчдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төв аймгийн нутагт болж шилдгүүдээ тодрууллаа. Зургаан багийн 24 ахмад тамирчид цуваа, бөөн, багийн гэсэн төрөлд өрсөлдсөнөөс багийн төрөлд “Хоршоолол” цомын эзэд боллоо.
Монголын дугуйн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад тамирчдад Монголын Дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүү талархал илэрхийлээд, ахмад дугуйчид шинэ залуу үеэ спортын эрүүл үйлсэд уриалан хөгжүүлж явааг онцолж дурдав.
Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж, алтан медаль хүртсэн бол бөөн гараат уралдааны 40-49 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго түрүүлэв. 50-59 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор, 70-аас дээш насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров тэргүүлж улсын аварга болжээ.
Цуваа гараат ганцаарчилсан уралдааны 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэмцээний цуваа гараат ганцаарчилсан уралдааны 35-39 нас, 40-49 нас, 50-59 насны эрэгтэй 25 км-ийн зайн уралдааны тэргүүн байрыг “Монруд” ХХК-ийн тамирчин Г.Анхбаяр, С.Түмэндэмбэрэл, П.Баасанцэрэн, цуваа гараат ганцаарчилсан уралдааны 70-аас дээш насны эмэгтэй 5 км-ийн зайд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров, 60-69 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Н.Сарангуа, 40-49 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго нар түрүүлж, аваргын алтан медалийн эзэд болсон байна.