З.Энхболд: Монголд авто раллигийн уралдаан болох нь сайхан хэрэг

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Монголд авто раллигийн уралдаан болох нь сайхан хэрэг

З.Энхболд: Монголд авто раллигийн уралдаан болох нь сайхан хэрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдах “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдах гэж байна. Уг уралдаанд 43 орны 120-130 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын талаас мотоциклын төрөлд зургаан тамирчин, автомашины төрөлд дөрвөн багийн мөн зургаан тамирчин оролцохоор болсон юм.

Өнөөдөр Монголын талын оролцогчдыг үдэх арга хэмжээ Төв аймгийн нутагт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайд боллоо.

“Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли ОХУ, Казахстан, Туркменистан улсын Ерөнхийлөгч нарын санаачлагаар 2009 онд анх зохион байгуулагджээ. Уг ралли ЕвроАзид зохион байгуулагддаг тул Раллигийн нэрийг Ази-Европын худалдааг холбосон Silkway буюу “Торгоны зам” хэмээн нэрлэж иржээ. Харин 2016 оноос Раллигийн маршрутад өөрчлөлт орж ОХУ-Казахстан-БНХАУ-ын газар нутгаар уралдааныг зохион байгуулж эхэлсэн нь тэмцээний цар хүрээг нэмэгдүүлж, өнөөдрийн шинэ түвшинд хүрсэн гэж үздэг байна. Мөн энэ цагаас эхлэн “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли нь улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд тооцогдох уралдаан болжээ. Уралдааныг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага нэмэгдэж, 200 гаруй улсад мэдээллийг дамжуулж бүс нутгийн талаар томоохон сурталчилгааг хийж эхэлжээ. Энэ хэрээр жуулчдын тоог нэмэгдүүлэх хөшүүрэг болдог байна.

“Торгоны зам 2019” авто ралли энэ жил Зүүн Сибир, ОХУ-ын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт орсон нь Монголын оролцогчид багаараа оролцох боломжийг нээж өгчээ.

Уралдаан 5007,96 км замд үргэлжлэх бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2593,15 км байх юм байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон албаны хүмүүс оролцлоо. “Энэ удаагийн уралдаан их онцлогтой болж байна. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутгаар бартаа ихтэй замд болно. Монголын оролцогчдод их том боломж гарч байна. Хүн болгоны мэддэг “Парис Дакар” уралдаан зохион байгуулагдахаа больсон учраас энэ уралдаан улам өргөжиж байна. Монгол Улсын нутгаар анх удаа дайран өнгөрөх гэж байна. Цаашид Монгол Улсын төрөөс энэ уралдааныг авч зохион байгуулахыг зорьж байна. Энэ жилийн уралдаанд манай улсаас 15 тамирчин оролцоно. Тамирчдын хураамжийн талыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан. Энэ удаагийн уралдаан албан бус ДАШТ гэж нэрлэгдэх хэмжээнд өргөжин тэлсэн байна. Тиймээс Монгол Улсад авто раллигийн энэ том уралдаан болох гэж байгаа нь сайхан хэрэг байна” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ.

Мотоциклийн эмэгтэй төрөлд Испани, Чех, ОХУ, Монгоын тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Монголоос анх удаа оролцож байгаа спортын мастер Б.Бат-Ундрахын сэтгэгдлийг сонслоо. Түүний хувьд мотоциклийн спортыг сонгоод дөрвөн жил болж байгаа ч олон өдрийн уралдаанд амжилт үзүүлж байсан тамирчин юм байна.

“Энэ удаагийн уралдаан Эрхүүгээс гараагаа эхэлж, БНХАУ-ын Дуньхуан хотод бариа хийнэ. Би өмнө нь Монголд болж байсан олон улсын тэмцээнд оролцож байсан. Тэгвэл энэ удаа Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохоор бэлтгэлээ бүрэн хангалаа. Би 5000 км замыг дуусгах зорилго тавьж уралдаанд оролцоно. Мэдээж газар бүрт бартаа ихтэй замууд хүлээж байна. Сибирийн Тайгад нилээн хүнд замыг туулна. Монголын нутагтаа ороод ирвэл уралдааны замыг мэдэх учир гайгүй байх гэж бодож байна. Мөн уралдааны төгсгөлд Хятадын нутагт гурав хоног үргэлжилнэ. Энэ бас их хүнд даваа. Миний өрсөлдөгч эмэгтэйчүүд бол Дакар раллид уралдаж байсан туршлагатай тамирчид бий. Энэ дашрамд намайг дэмжиж байдаг спонсорууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний хүчээр өнөөдөр энэ уралдаанд оролцох гээд зогсож байна.” гэж спортын мастер Б.Бат-Ундрах хэллээ.

Автомашины төрөлд оролцогсод мандатын 9800 евро, мотоциклын төрөлд оролцогчид 7900 еврогийн хураамж төлөх ёстой бөгөөд үүнийг талыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ.

“Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулах юм байна.

Эх орноо төлөөлж автомашины төрөлд ОХУМ Ш.Гансүх, Спортын дэд мастер Э.Оргил, ОУХМ Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр, спортын мастер Г.Эрдэнэсүрэн, спортын дэд мастер С.Сайнбаяр нар оролцоно.

Мөн мотоциклын төрөлд ОУХМ Д.Болдбаатар, Б.Баттөр, Э.Амгалан, спортын мастер Б.Өнөрбаяр, Б.Бат-Ундрах, спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцохоор бэлэн болжээ.

“Би 16 настайгаасаа мотоцикл унаж эхэлсэн. Ихэнх үед машинаар уралдсан. Дакар ралли-д 2013-2015 онууд дараалан оролцож байсан. Энэ тэмцээн “Дакар ралли”-гийн дараа орох том тэмцээн. Бидэнд их сайхан боломж гарч байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр уралдаан болох учраас орж үзэх бодолтойгоор бэлтгэсэн. Миний хувьд энэ том тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжлэг үзүүлсэнд баярлаж байгаагаа хэлмээр байна.” гэж Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар хэллээ.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 08 – Улан-Үдэ
  • 09-10 – Улаанбаатар
  • 11 – Мандалговь
  • 12 – Даланзадгад
  • 12 – Баянбулаг боомтоор гарах
  • 14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 15 – Жиаюгуан /Jianguguan/
  • 16 – Дуньхуан /Dunhuang/-д хаалтаа хийх юм байна.

Албаны ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com -с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж