Азийн гурван орны паспорт дэлхийн хамгийн “хүчирхэг” паспортоор нэрлэгджээ. 2019 оны хагас жилийн байдлаар, Япон болон Сингапурын паспорт нь дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор нэрлэгдсэн бол хоёрдугаарт Өмнөд Солонгосын паспорт оржээ.
“Henley & Partners Index” нь дэлхийн улс орнуудаар аялахад бүрдүүлдэг бичиг баримтын судалгаа хийдэг байгууллагын тайланд дурдсанаар, Япон болон Сингапур улсын паспорт нь тус бүр 189 оронд визгүй чөлөөтэй зорчих боломжтойгоороо жагсаалтыг тэргүүлсэн байна. Өмнөд Солонгос нь Финлянд, Германтай хоёрдугаар байрт зуузай холбож буй бөгөөд эдгээр гурван улсын иргэд дэлхийн 187 оронд визгүй зорчдог ажээ.
Европын улсууд болох Денмарк, Итали, Люксембург 186 оронд визгүй чөлөөтэй нэвтэрдэг паспорттойгоороо гуравдугаарт, харин Франц, Испани, Швед 185 оронд чөлөөтэй нэвтэрдгээрээ дөрөвдүгээрт жагсжээ. Таван жилийн өмнө буюу 2014 онд АНУ, Их Британи жагсаалтын зургадугаарт бичигдэж байсан тэр хэвээрээ байгаа аж.
Брекситын асуудал Их Британий зэрэглэлд шууд нөлөө үзүүлэхгүй байгаа ч “Henley Passport Index”-ийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Европын Холбооноос гарах төлөвлөгөө нь Их Британий хүчирхэг байр суурийг улам тодорхой бус болгож буй юм байна.
Арабын Нэгдсэн Эмират Улс өнгөрсөн 14 жилийн түүхэнд анх удаагаа 20 дугаар байрт бичигджээ. Тус улс таван жилийн дотор визгүй зорчиж байсан улсуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг паспортууд (2019)
- Япон, Сингапур (189 оронд визгүй, чөлөөтэй зорчдог)
- Финлянд, Герман, Өмнөд Солонгос (187)
- Денмарк, Итали, Люксембург (186)
- Франц, Испани, Швед (185)
- Австри, Нидерланд, Португал, Швейцарь (184)
- Бельги, Канад, Грек, Ирланд, Норвеги, Их Британи, АНУ (183)
- Мальта (182)
- Чех (181)
- Австрали, Исланд, Литва, Шинэ Зеланд (180)
- Латви, Словак, Словени (179)
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ