“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нийт гишүүдийн олонхийн саналаар ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбатыг томиллоо. Тэрбээр өнгөрсөн Мягмар гариг /2019.07.02/-т компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлттэй танилцсан байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын их засварын ажлын явц олон Асгатын мөнгө, полиметаллын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаатай танилцжээ.
Б.Ганбат нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн, Лондоны их сургуулийн хуулийн коллежид хууль зүйн магистр зэрэг хамгаалсан. Тэрбээр Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, Сангийн яамны Тамгын газарт хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст Хуулийн ахлах мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад Дэлхийн банкны Олон улсын салбарын техник туслалцааны төсөлд экспертээр ажилласан.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Б.Ганбат 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ