Эрхүү мужийн Тулун хот болон Тулун, Нижнеудинск, Тайшетск болон Чуны бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болж, үерийн улмаас 14 хүн амиа алдаж, 13 хүн сураггүй алга болжээ. Тус бүс нутагт оршуулга, мал амьтны нядалгааны газар болон бохир усны цэвэрлэх байгууламж байдаг ажээ. Иймээс гепатит А, хачиг, цусан суулгын вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ерөнхий мэргэжилтэн Елена Малинникова хэлж буйгаар, үер буусны дараагаар нөхцөл байдал маш хүндэрсэн. Иймээс аль болох олон хүнд вакцин хийх, ундны ус болон бохир усны шугам хоолойг ариутгах шаардлагатай гэв. Халдварын аюул доод тал нь сарын хугацаанд хадгалагддаг ажээ. Мөн үерт автсан бүс нутгийн иргэдийг хоол ундандаа буцалсан ус болон савласан усыг хэрэглэхийг зөвлөж байна. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлээс болж шумуул, мэрэгч амьтны нүүдэл ихэсдэг ажээ. Тодруулбал, Хабаровск хотод болсон үерийн дараа мэрэгч амьтны нүүдлээс болж, цусан суулга өвчин дэлгэрч байсан. Энэ өвчин Эрхүү мужийн оршин суугчдыг нь заналхийлж болзошгүй гэв. Гэхдээ одоогоор энэ төрлийн зовиуртай иргэд бүртгэгдээгүй байгаа бөгөөд хүмүүс ихэвчлэн зүрх судасны өвчин, гэмтэл, сэтгэлзүйн туслалцаа авч байгаа ажээ. Үүнээс гадна, үерийн бүс нутагт амьдарч буй хүмүүсийн орон байр, эд хогшил, бичиг баримт нь усанд автжээ
Мөн үерт автсан 50 гаруй суурин газар байгаа бөгөөд тэдгээр газарт 10 мянган хүн амьдарч байгаа ажээ. Эрхүү мужийн Захиргаанаас Ерөнхий сайд Дмитрий Медведевт хандсан цахим хурал хийж, нөхцөл байдлыг танилцуулав. Тус улсын Засгийн газраас байгалийн гамшигт өртсөн бүс нутагт шуурхай арга хэмжээ авч, гамшгийн бүсэд амьдарч буй иргэдэд тусламж үзүүлэхийг үүрэгджээ.
Өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайд Эрхүү мужид 662 сая рублийг олгосон аж. Тэрхүү мөнгийг байгалийн гамшигт өртсөн иргэдэд олгосон бөгөөд нэг иргэн 200-400 мянган рубль авчээ. Харин зорилтот тусламжийг ойролцоогоор 300 гэр бүл авсан байна. Гэхдээ энэ төрлийн тусламжийг гурван мянган хүн авах төлөвтэй байгаа гэнэ.
Харин цахим сүлжээнд мужийн захирагчид бодит тоон мэдээллийг зарлахаас айж байна хэмээн үерийн гамшгийг бүсэд амьдарч буй иргэд үзэж байгаа ажээ. Тухайлбал, Нижнеудинскийн иргэд цахим ертөнцөд тус хотод ойролцоогоор 40-80 хүн амиа алдсан гэв
Харин Тулуны бүс нутагт Р-255 «Сибирь» автозамын хөдөлгөөнийг бүхэлд нь хаажээ. Онцгой байдлын алба хаагчдын мэдээлж буйгаар тус хот руу орох гарах урсгалыг хаасан гэв.
Тус хотод 30 мянган га талбай үр тарианаас 11 мянган нь үерт автжээ. Үерийн улмаас 539 үхэр, 78 гахай, 52 морь, 23 хонь алга болжээ.
Энэ мэтчилэн хөдөө аж ахуйн обьект, техникүүд ч үерт автсан бөгөөд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тухайлбал талх 60 рублейр зарагдаж байна гэсэн шум гарсны дараагаар Мужийн захирагаанаас дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар талх 24-34 рубль,Сахар 49 рубль, гоймон 25 рубль, 10 ширхэг өндөг 41 рубль тус тус борлуулагдаж байна.
Холбоотой мэдээ