Хүүхдээ эрсдэлд оруулсан эцэг, эхийг шийтгэе!

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Хүүхдээ эрсдэлд оруулсан эцэг, эхийг шийтгэе!

Хүүхдээ эрсдэлд оруулсан эцэг, эхийг шийтгэе!

Саяхан сошиалд орчинд тавигдсан, хүүхдээ дэргэдээ суулгаад хурдаа тултал нэмж байгаа ээж, аав хоёрын бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ бол захын жишээ бөгөөд иймэрхүү хариуцлагагүй, хайнга, хүүхдээ эрсдэл оруулдаг эцэг эх цөөнгүй. Бага насны хүүхдэдээ тамхи зуулгаж түүнийгээ өхөөрдөл, хайр гэж эндүүрдэг, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийнхээ толгойг  цонхоор цухуйлгадаг, хүүхдээ эрсдэлд оруулдаг, аялал, амралтаар явахдаа  үр хүүхдээ анхаарч анзааралгүй архидан согтуурч байгаад амь насаа алдахад хүргэдэг эцэг, эх олон.

Зам тээврийн ослоор амь насаа алдаж буй хүүхдийн тоо буурахгүй, эсрэгээрээ өссөн дүр зураг гарч байгаа нь эмгэнэлтэй.  2019 он гарсаар 25 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байгаагийн нэг шалтгаан бол эцэг эхчүүдийн буруу үлгэр дуурайлал, хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбохоос өөр аргагүй. Бага насны хүүхэд бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосоор байтал ганцааранг нь гарцгүй газраар гүйлгэдэг, тээврийн хэрэгслээр зорчих үедээ анхаарал болгоомж тавьдаггүй ээж аавуудтай хариуцлага ярих цаг болжээ.  Учир нь, хүүхэд өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа мэдэхгүй.  Тэдний аливаа эрсдлээс хамгаалах нь эцэг, эхчүүдийн үүрэг байх ёстой.

Сарын өмнө автомашины цонхоор бага насны хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, зургадугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алдсан. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан юм.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд нийт 406 хүүхэд өртжээ. Эдгээрээс 381 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн бол 25 хүүхэд амь насаараа хохироод байна. Амь насаа алдсан хүүхдүүдийн 19 орон нутагт, зургаан хүүхэд нийслэлд амьдардаг байжээ. Нийслэл хотод амь насаа алдсан хүүхдүүдийн 83.3 хувь нь явган зорчиж байсан бол 16.7 хувь нь буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдаад байна.

Цагдаагийн ерөнхий газраас “Яараад яахав дээ” аяныг зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл гурван сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд цагдаагийн албан хаагчид орон нутгийн замд ихээр гарч байгаа зам тээврийн ослын тоог бууруулах анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын ихэнх хувийг хурд хэтрүүлсэн үйлдэл эзэлдэг өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газраас 21 аймгийн замын цагдаагийн бүх тасгуудыг бүрэн хурд хэмжигч багажаар хангажээ. Явуулын хурд хэмжигч нь харагдахгүй ч нэг км-ын зайнаас автомашины хурдыг хэмжинэ гэдгийг албаныхан мэдээлж байв.

Хоёрдугаарт хүүхдийг буруу тээвэрлэж байгаа тохиолдлуудыг бууруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд бага насны хүүхдийг буруу тээвэрлэсэн тохиолдолд нэг оноо хасаад, 20 нэгжээр торгож байгааг талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зам тээврийн осолд өртсөн бага насны хүүхдийг шалтгаанаар нь ангилбал явган зорчиж байсан 216, автомашинд зорчиж байсан 83, дугуй унаж байсан 19 тохиолдол бүртгэгджээ. Явган зорчиж байсан 216 хүүхдүүдийн 92 хувь нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн байх юм.

Хүүхдээ чирээд гарцгүй газраар зам хөндлөн гүйдэг, автомашиныхаа цонхоор хүүхдийнхээ толгойг гаргачихсан, зориулалтын суудлын бүс огт хэрэглэхгүй явдаг тохиолдол байсаар байгаа. Энэ бүх хайрхамжгүй үйлдэл, өөртөө болон хүүхдүүддээ “хайргүй” хандах хандлага нь хүүхдийг зам тээврийн осолд орж хүнд, хөнгөн байдлаар гэмтэх цаашлаад амь насаа алдахад хүргэсээр.

Зориулалтын автомашины суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 55-80 хувиар хамгаалдаг ажээ.

Саяхан бас Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхдийг автомашинаар дайрч, амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ. Шөнийн цагаар портер маркийн автомашинтай жолооч гэртээ орохын тулд ухрах үйлдэл хийхдээ хашаандаа тоглож байсан хоёр настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

“Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртөж байгаа нь томчуудаас болдог. Бага насны хүүхэд бие даан замын хөдөлгөөнд оролцох буюу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж мэдэхгүй шүү дээ. Ер нь бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох, мэдлэг дадлыг олгоход эцэг, эхийн үүрэг чухал. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулийн насанд тохируулж, замын хөдөлгөөний дүрмээс үг хэл, үйлдлээрээ үлгэрлэн харуулах хэрэгтэй. Ялангуяа “Зам дээр тоглож болохгүй. Зам дээр зөвхөн машин л явах ёстой”  гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй.

Энэ жил нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн статистик гарч байна. Ер нь зам тээврийн ослыг гэнэт л үйлдэгддэг. Хэзээ ч хүн “Осол хийе” гэж хийдэггүй. Зам тээврийн ослыг анхаарал болгоомжгүй байдлаас үйлддэгээрээ ялгаатай. Хуулийн санкци нь хүртэл харилцан зөрүүтэй байдаг. Эцэг, эхчүүд гэнэтийн осол аваар гарахаас сэргийлж, хурдаа зөв тохируул. Хоёрдугаарт бага насны 10 хүртэлх насны хүүхэдтэй явж байвал зориулалтын суудал өндөрсгөгч, бүс тохируулагч зүүж сургах шаардлагатай. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагаа ухамсарлаж, хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй гэж хэлмээр байна” гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал хэлж байв.

Одоогийн хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд "Сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй, мөн гурав хүртэлх насны хүүхдийг машин дотор харгалзах хүнгүй авч явж болохгүй" гэж заасан байдаг. Гэтэл осолд орсон хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа гэмтэж, амь насаа алддаг гэсэн мэдээлэл байна.

Тиймээс асран халамжлагч аав, ээжийнхээ дэргэд байгаа хүүхэд амь насаа алдсан бол харж хандаж, анхаарч, хянаж чадаагүй эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэе. Энэ мэтчилэн томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас ирээдүй хойч үе маань амь насаараа хохирсоор байх уу.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж