Х.Баделханы толгойны үнэтэй Цэвэрлэх байгууламж баригдах уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Х.Баделханы толгойны үнэтэй Цэвэрлэх байгууламж баригдах уу?

Х.Баделханы толгойны үнэтэй Цэвэрлэх байгууламж баригдах уу?

"Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж чадахгүй бол хар толгойтой чинь ярина" хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс анхааруулга өгснөөс хойш нэг жил өнгөрчээ.  Жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг Х.Баделхан сайд хэрхэн гүйцэтгэж,  Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил ямар шатандаа явж байгаа нь нийслэлчүүдийн хувьд хамгийн чухал сэдэв юм.

Улирлын жамаар утаа, угаараасаа арай гэж салангуут  Төв цэвэрлэх байгууламжийнх нь "сүрчиг" утаад эхэлдэг, энэ үнэр нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлээд удаж буй.  Тэр ч бүү хэл  ачааллаа даахаа больсон Улаанбаатарын жорлонг засч байгаад  төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан  метан хийнд хордож, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн хавар гарсан билээ. 

Дөрвөн хүний амь насаа алдах шалтгаан болсон, Барилга, хот байгуулалтын сайдын хар толгойгоороо хариуцаж буй  Цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад Хятадаас авч буй хөнгөлөлттэй зээлийг зарцуулахаар  Засгийн газраас шийдвэрлэсэн.   

Өнгөрсөн 2018 оны наймдугаар сард   БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт айлчлах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилсан билээ. 

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангасан олон давуу талтай шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатарын "сүрчиг" бүрэн арилна гэж Ардын засаг ам өчиг өгч байсан. Гэхдээ барьж ашиглалтад оруулах хугацаа нь бас л хойшилсоор. 

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

БНХАУ-ын  Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 300 сая ам.долларын өртөгтэйгөөр босох шинэ төв цэвэрлэх  байгууламжийн барилгын ажлыг 2020 онд дуусгана гэж Барилга, хот байгуулалтын сайд хэлж байсан ч 2022 он болж хойшлдогджээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард  байгуулсан бөгөөд гүйцэтгэх ажлын 50 хувийг Хятадын компаниуд, 50 хувийг нь Монголын компаниудаар хийлгэхээр тохиролцсон байна.  Хятадын талаас "Чайна тисижу сивил инженеринг групп” ба “Бээжин констракшн инженеринг групп консерциум" гэх хоёр компани БХБЯ-наас шалгаруулсан тендерт ялсан бол Монголын ямар компани шалгарсан нь одоогоор тодорхойгүй байна.  Юутай ч цаасан дээрх гэрээ хэлцлээ салбарын яам нь хийгээд эхэлсэн бөгөөд бодит бүтээн байгуулалт болгох л үлдлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж