Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз

Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Монгол Ардын нам Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө, харин Ардчилсан нам үүний эсрэг байгаа. Харин танай нам, та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Мэдээж, МАН-ын боловсруулсан төсөлтэй танилцсан л биз дээ? 

-Үнэнийг хэлэхэд би танилцаж амжаагүй л байна. Зав ч алга. Хуулиа шинэчлэх нэрийн дор эрх баригчид дахин яаж намынхаа нэрээр УИХ-д ороод суух уу, яаж сайд болох уу гэдгээ л хамгийн түрүүнд боддог. Хувийн эрх ашгаа нэгд тавьдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ маягаар хандвал  үр дүн гарахгүй. Ер нь бол хуулийг хэнд зориулж, яах гэж гаргаж байгаа вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол мянга хуультай байгаад ч нэмэргүй. Тэгэхээр асуудал зөвхөн хуульдаа бус хүндээ байна. Сүүлийн 27 жил Монгол Улсыг дандаа нийгмийн ухааны салбарынхан, хамгийн боловсролгүй, ёс суртахуунгүй хүмүүс удирдаж ирлээ. Тэдний хийсэн ажил нь зөвхөн бэлэнчлэх, үрэн таран хийж, дандаа түүх ярьж ирсэн. Үндсэндээ 27 жил бид Чингис хаанаа ярилаа, ерөөсөө түүхээ л ярьдаг. Өнөөдөр улс орны эдийн засаг маш хүнд байдалд байна. Энэ бүх асуудлыг шийдэхэд хуулиа шинэчлэхээс гадна хүнээ шинэчлэхээ мартаж огт болохгүй. Ямар хүн төрийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд байх вэ гэхээр инженер, эрдэмтэн гэсэн өндөр боловсролтой хүмүүс орж байж улс орон хөгжинө. Түүнээс биш сэтгүүлчид эсвэл хууль, нийгмийн ухааны боловсролтой хүмүүс эдийн засгийг хөгжүүлж, аж үйлдвэржүүлэх, нэмүү өртөг бий болгох талаар А ч үгүй.

Эдийн засгийг ашигтай болон ашиггүй ажиллуулж болно. Энэ нь зөвхөн үнийн асуудал юм. Үнийг хэт хөөрөгдүүлэх эсвэл хэт задгайруулахаас хамаарч эдийн засаг ашиггүй ажилладаг. Хоёрдугаарт гадна, дотоодын хөрөнгө оруулалтыг  хэрэггүй зүйлд зарцуулж зөвхөн хэрэглээнд зарцуулсан явдал сүүлийн 15 жил газар авлаа. Энэ ажлыг МАН, АН хоёр л уралдаж хийсэн. Дараагийн асуудалд бол дээр, дооргүй хариуцлагагүй байдал газар авч байна. Ямар ч хариуцлага хүлээдэггүй  атлаа зөвхөн эрхээ ярьдаг, үүргээ биелүүлдэг хүнгүй болсон. Тийм учраас зөвхөн хуулиа шинэчлэхээс гадна улс төрийн албан тушаалтнууд, төрийн албаны удирдах ажилтнуудыг бүгдгийг шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж нийгэм цэвэршиж, хөгжил рүүгээ явна. Ганц хуульдаа асуудал байгаа юм биш гэдгийг л би хэлмээр байна.

-Ингэхэд анхны ардчилсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж дууссан гэдэг та санал нийлэх үү. Өнөөдрийн улс төрийн хямралын үндэс нь Үндсэн хууль болсон гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа болохоор асууж байна. Эрх мэдлийн хуваарилалтаа тодорхой болгохгүйгээр Монголд хямрал, талцал буурахгүй юм биш үү ?

-Дүгнэлт хийх хэрэгтэй байх. 1992 онд баталсан Үндсэн хуульд шинийг хуучинтай нь хутгачихсан тал их бий. Жишээ нь, Улс төрийн сонгуулийн тухай, улс төрийн нам гэж юу вэ, Монгол хүний эрх, үүргийн тухай дутуу дулимаг зүйл маш их бий. Иргэн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна гэж Үндсэн хуульдаа тусгасан атлаа өнөөдөр амьдрал дээр бүгд үнэ, төлбөртэй. Өнөөдөр 120 гаруй Их, дээд сургуульд 100 мянга орчим оюутан суралцаж байна. Тэдэнд төгсөөд ажлын байр байхгүй, тэдний дипломыг дэлхийд зөвшөөрөх хэн ч алга. Өөрөөр хэлбэл хэнд  ч хэрэггүй хүмүүсийг бэлтгэж байна. Энэ мэт зөрчлүүд зөндөө бий. Хоёрдугаарт, хуучин бол  улс нийгмийн амьдралыг намын үзэл суртлаар дамжуулж удирдан жолоодон зохион байгуулдаг байсан. Шинэ нийгмийн тогтолцоогоор нам нь шинэчлэгдээгүй үлдсэн. Өнөө цагт улс нийгмийн амьдралыг намын үзэл суртлаар дамжуулж удирдах ямар ч боломжгүй болчихсон. Одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН намын гишүүнчлэлийнхээ тогтолцоог авч үлдэхэд нь Ардчилсан нам дуурайгаад иргэдийг гишүүнчлэх ажил хийсэн. Ингээд нийгмээ үзэл бодлоор нь хуваах ажилтай болсон гэсэн үг. Нэг нам нь гарахаар төрийн албаныхан тэр чигтээ солигддог. Мөн бизнесийнхэн ч ялгаагүй.

МАН-ын гишүүн бизнес хийдэг байлаа гэхэд нам нь  төр барьж байх үед бизнес нь хөгжиж, тендерүүд авна. Мөн нийгмийг малчин, тариачин, сэхээтэн гэж хуваасан. Малчин бол ямар ч татвар төлөхгүй, харин үйлдвэр байгуулах юм бол хохирно. Өдөр шөнөгүй ажиллана, өдөр шөнөгүй татвар төлнө. Ингэж нийгмийг хувааж болохгүй.

Хэн ч байсан нэг хуулийн дор захирагдаж амьдрах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ бүгдийг өөрчилж чадаж байгаа юм уу, цаадуул чинь.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ нь зөв үү. Та төсөлтэй нь танилцаагүй болохоор тодруулж асууж байна?

-Үндсэн хуулийнхаа 20 хувьд л өөрчлөлт оруулж байгаа юм байна. Дээр миний хэлсэн гол зүйлүүдээ орхигдуулжээ дээ. Иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэх юм, Үндсэн хуулиар эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй гэж заасан атлаа үнэ төлбөртэй л байгаа биз дээ. Байгалийн баялаг ялгаагүй төрийн мэдэлд байгаа. Гэтэл өнөөдөр нэг нөхөр хотын захирагчаас газар авчихаад түүнийгээ 10 дахин нугалж зарж байгаа энэ асуудлаа яах юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүний амьдалд шууд тусаж байгаа гол асуудлуудад  илүү их анхаарах ёстой. Шүүгч нарт яаж хариуцлага тооцох вэ гэдэг нь өнөөдөр ч тодорхой бус байна. Өчнөөн хууль зөрчиж хэл ам дагуулж байгаа биз дээ. Ер нь бол хариуцлагын асуудлыг маш тодорхой тусгаж өгөх нь зөв. Мөн “Иргэн бүр заавал сонгуульд оролцоно” гэсэн хуулийн заалтыг оруулах хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй тохиолдолд төрийн үйлчилгээг үзүүлэхээ л больчих.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХҮНИЙ АМЬДАЛД ШУУД ТУСАХ ГОЛ АСУУДЛУУДАД  ИЛҮҮ ИХ АНХААРАХ ЁСТОЙ

-Нэг нам дангаараа хэт олонхдоо бардаж Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн шүүмжлэл бий. Нөгөө талаар, нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол өөр боломж гарч ирэхгүй гэсэн тайлбар ч яваад байгаа? 

-Одоо яая гэхэв дээ. Манай ард түмний л сонголт. 65 суудал өгсөн нам нь олонхийн давуу эрхээрээ асуудлаа шийдэх биз, хэнээс ч асуухгүйгээр. Хэрэв энэ үйлдэл нь ард түмэнд таалагдахгүй бол ирэх сонгуулиар өөр намд саналаа өг, тэгээд л болоо. Ард түмэн өөрсдөө сонгочихоод дараа нь халаглаж, муу хэлээд байх шаардлага байхгүй. МАН-ын гишүүдэд өөрсдөө л саналаа өгөө биз дээ. 5-10 мянган төгрөгөөр саналаа худалдчихдаг юм билээ.

-УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг нэмэх шаардлага бий гэдэг ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг тогтоогоогүй. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнд нэр дэвших насны босгыг 35-аас дээш тогтоож хуулийн төсөлд тусгах шаардлагатайг хэлж байгаа. Таны хувьд гишүүдийн насны босгыг нэмэгдүүлэх нь зөв гэж хэлдэг байх аа?

– Тийм ээ. УИХ-ын гишүүний насны босгыг 45 наснаас дээш болговол зөв. Хүн ер нь 45 нас хүртлээ төлөвшдөг юм байна. Нөгөөтэйгүүр гэр бүлийнхээ амьдралыг өөдтэй, өнгөтэй цэгцэлсний дараа нь төр улсаа төвхнүүл. Хувийнхаа амьдралыг өөд нь татаж чадаагүй хүн улс орны амьдралыг өөд нь татна гэж байх ч үгүй. Хоёрдугаарт, юм үзэж, нүд тайлсныхаа дараа төрд орох хэрэгтэй. Гадаадад бол дандаа 50-иас дээш насныхан төрийн албан хаагчаар ажилладаг юм билээ. Залуу хүн бол хий гишгэнэ. Д.Гантулгын жишээ байгаа биз дээ. Залуу хүн хөлсөө гартал ажиллаж, их мөнгө олж гэр бүлээ аз жаргалтай амьдруулахын төлөө гүйгээд явж байх нас. Гэтэл  дөрвөн хананд орчхоод хууль хэлэлцэж байна гээд хэрэлдээд суух ямар ч хэрэг байхгүй. Мөн парламентын гишүүдийн тоог 36 болгож цөөлөх хэрэгтэй. Олон гишүүдээр юугаа хийх вэ дээ. Олон байлаа гээд хийж байгаа ч юм алга.

-Хуулийн төсөлд Засгийн газрын дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байх зохицуулалтыг тусгасан нь "давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй нь. Гэхдээ дан дээлтэй сайд гэхээр, УИХ-ын ги­шүүнээр сонгогдоогүй, эсвэл сонгуульд бүдэрсэн, намдаа хандив өгсөн, нэг ёсны шагналын сайд болох вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Засгийн газрын дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байх заалт оруулсан нь аргаа барсан л хэлбэр юм даа. Хамгийн чухал нь мэргэжлийн сайд нарыг томилдог болмоор байна. Эрүүл мэндийн сайдыг тухайн салбараар ядаж доктор цолтой хүн хиймээр байна. Боловсрол, БХБЯ, Уул уурхайн яаманд цэвэр мэргэжлийн хүнийг нь томилох хэрэгтэй. Үүнийг засахгүйгээр нийгмийн амьдрал өөрчлөгдөхгүй.

-Ард нийтийн санал асуулга гэхгүйгээр хууль тогтоогчид өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд баталчих вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Тухайлбал, танай нам саналаа өгсөн үү?

-Өгөөгүй байна. Эхлээд улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудаас саналыг нь авсан нь дээр байх. Эдгээр саналаа нэгтгэж цэгцэлсний дараа нь ард түмэндээ танилцуулах хэрэгтэй. Улс орны хөгжил, иргэдийн амьдралтай холбоотой хуулийн төсөл учраас бүх нийтээс саналыг нь  авч нэгдсэн ойлголтод хүрсний дараа нь баталбал улс орны хөгжилд л хэрэгтэй.

-Одоо бол Засгийн газраа байгуулахдаа Ерөнхий сайд нь сайд нэг бүрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцүүлж, томилуулдаг. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь танхимын гишүүдээ томилох, огцруулах асуудлыг өөрөө шийддэг байх бүрэн эрхийг өгсөн нь үндсэндээ гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, Засгийн газрыг тогтвортой ажиллах боломж нь бүрдэнэ гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Мэдэхгүй байна. Гарсныхаа дараа хуйвалдаад юу ч хийх юм билээ. Бие биедээ тал засаж, бие биедээ барьцаалагддаг улс биз дээ.

-УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Цөөнх ингэж эсэргүүцлээ гээд хэр үр дүнтэй юм бэ?

-Үр дүнгүй ч гэсэн эсэргүүцэх эрх нь байгаа. АН аль хэдийн нам биш болсон. АН-ыг төрийн эрх барьж байхад Эрдэнэтийн 49 хувийг алдах шахсан. Мөн АН-ын үед Төмөртэй, Хустай орд, Хөтөлийн цемент, Дарханы төмрийн үйлдвэр алга болсон. АН-ын Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа энэ бүхнийг хийсэн. Д.Эрдэнэбатад хариуцлага тооцох ёстой. АН-ын дарга С.Эрдэнэ хамгаалж гүйгээд л байх юм. Улс төрийн хэмжээний асар том хулгай хийчихсэн юм чинь хамгаалахгүй л бол өөрсдөө шоронд орчих болохоор арга ч үгүй биз дээ.

МАН-Д 65 СУУДАЛ ӨГСӨН ШИГ МАНАЙ НАМД 65 СУУДАЛ ӨГӨӨД ЯЛГААГ НЬ ХАР

-Хоёулаа бага зэрэг ярианы сэдвээ өөрчилье. Танай намаар сонин юу байна. Сүүлийн үед та болон танай намын  үйл ажиллагаа нам гүм байна уу даа?

-Нам гэхээрээ гудамжид гараад хашхирахыг хэлдэггүй юм. Би чамд ярилцлага өгч байгаа нь намын даргын хувьд улс төрийн үзэл бодлоо хуваалцаж байгаа хэрэг. Манай намд эх орноо өөд нь татах хувилбар, хөтөлбөрүүд хангалттай бий. Ганц дутагдаж байгаа нь УИХ-д олонхын санал дутагдаж байна.

МАН-д 65 суудал өгсөн шиг манай намд 65 суудал өгөөд ялгааг нь харахгүй юу. Уг нь нийгмийг өөрчилье гэвэл амархан байгаа биз, ард түмний гарт байна.

Тойргийн гишүүддээ хадгаламжийн дэвтэр нээж өгч байгаа гишүүн хүртэл байгаа л биз дээ. Энэ хүмүүсийг дараагийн сонгуульд бүү гарга. Сонгуулийн хуулийг чангалахгүй бол гудамжны хүүхдүүд анги андуураад ороод ирсэн юм шиг УИХ-д ороод суучихсан. Юу хийхээ мэдэхгүй. Одоо сонгууль ойртохоор хэлд орж худлаа ярьж байгаа нь  харагдах юм.

-УИХ-ын дарга асан М.Энхболдыг тус албан тушаалаас огцруулахын тулд МАН-ын гишүүд бүлэг дотроо хуваагдаж, цаашлаад тэмцэл, жагсаал хүртэл зохион байгуулсан. УИХ-ын дарга солигдсоноор өөрчлөлт анзаарагдав уу, таны хувьд?

– УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд маш удаан ажиллаж байна. Тэр хариуцлагагүй ажилласан шүүгч нарыг яагаад солихгүй байгаа юм. Даруй солих хэрэгтэй. Банк санхүүгийн системдээ ажиллаж байгаа хүмүүсээ мөн соль. Мэргэжлийн бус өчнөөн л хүн ажиллаж байна. “Би чадна, хариуцлага тооцдог болно” гэж нөгөөгөө огцруулсан бол тэр ажлаа хий л дээ. Юу хүлээгээд байгаа юм бэ. Нэг хоёрхон хүнийг солих биш 200 хүнийг солих тухай яриа биз дээ. Бүх дүүргийн шүүгчдийг солино гэсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг солино гэсэн хаана байна, энэ бүхэн.

-Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-Харьцангүй асуудал. АН-ын үед 5-6 тэрбум ам.доллар алга болсон. Үүнээс болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, мөнгөний бүх авдраа цоожлуулчихсан.  АН-ын үед замбараагүй мөнгө идсэн хүмүүст эхлээд хариуцлага тооц. Дээгүүрээ хэдэн зуун тэрбумаар нь хувааж идсэн юм билээ. Тэр мөнгөөр юу хийсэн бэ гэдгийг нь комисс байгуулаад сайтар шалгах хэрэгтэй. У.Хүрэлсүхийн хийх ажил ердөө л ойлгомжтой. Засгийн газар үлдсэн хугацаандаа хийх ажил гэхээр зам, барилга барих тухай ярих юм. Энэ биш ээ. Өнөөдрийн нөхцөлд  хямралаас яаж гарах уу гэдгээ шийдэх ёстой.

Ерөнхийлөгч Х.Баттулгын  хувьд бас л хангалтгүй ажиллаж байна. Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг хэн уруудуулж, гаднын зээл тусламжуудыг хэн нь хуваагаад авсан бэ гэдгийг Ерөнхийлөгч ил тод болгож,  тавих хэрэгтэй.

-Та ч нэлээд шүүмжлэлтэй хариултууд өгч байна. Та үйлдвэр, худалдааны сайдын албыг хашиж байхдаа иргэдийн амьдралыг дээшлүүлэх юу хийсэн бэ?

-Сайд байхдаа би их зүйл хийсэн гэж бодож байгаа. "Эрдэнэт"-ийг тойрсон хоёр том зэсийн ордыг хувь этгээдүүд авчихсан байхад нь би хүчингүй болгож “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн юм. Одоо үүний хүчинд “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц нь нэмэгдэж үйлдвэрийг 40 жил ажиллуулах нөөцтэй болгосон  нь манай намын ач тус. Мөн Төмөртэй, Хустайн ордыг С.Баярцогт хятадуудтай авчихсан байхад нь мөн л хүчингүй болгож Дарханы төмрийн үйлдвэрт би авч өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд 51, 34 хувь гэдгийг хэн оруулсан бэ гэвэл манай нам л оруулсан. Үүний хүчинд Монголын Засгийн газар Оюутолгой төслөөс 34 хувь эзэмшиж байгаа. Гэтэл авлигачид 34 хувийг өр болгож хувиргасан нь асуудал шүү. Мөн манай нам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хуультай болгосон. Аж үйлдвэрийн паркт багтах үйлдвэрүүдийн төслийг боловсруулсан. Оюутолгой, Тавантолгой төслүүдийг тухайн үед манай нам л эхлээд ярьсан биз дээ. Одоо сайн мэддэг дүр эсгээд бүгд ярьдаг болсон.

 -“Оюутолгой”-н гэрээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Зарим хүн гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн үзэж байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Олон улсын практикт байгуулсан гэрээгээ маргааш нь хүчингүй болгодоггүй юм. Зөвхөн манайд л бий. Анхнаасаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр тэргүүтэй АН-ын нөхөд яах гэж энэ гэрээг байгуулсан юм. Одоо энэ гэрээг хүчингүй болгоё гэвэл манайхыг олон улсын шүүхэд өгнө. Олон улсын шүүхэд очвол манайх буруутагдана. Хэдэн авлигач дарга нар нь бүх тамга тэмдгээ дарж гарын үсгээ зурчихсан юм чинь. Оюутолгой төслийн гэрээг их л мундаг аавын хүү өөрчлөх байх даа. Түүнээс энэ хэд бол чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж