Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн дэд дарга Хван Кюсук, “Корей” их сургуулийн профессор Им Хюбэг, “Chung Ang” их сургуулийн профессор Чой Ёонгшил нарыг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлаг нь Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалт семинарыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан юм.
Ноён Хван Кюсук уулзалтын эхэнд дээрх уулзалт, семинарын үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт шинэ санаа, тѳсөл нэвтрүүлэх боломж, бололцоо байгаа хэмээн онцоллоо. Төслийн дийлэнх нь технологи ашиглан хөдөө аж ахуй, мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд БНСУ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд энэ талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хөдөө, аж ахуй, мал аж ахуйн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн технологи ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, эдгээр салбарт олон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Улмаар орчин үеийн, залуу малчдыг бий болгохын тулд тууштай хамтран ажиллах бүтцийг маш тодорхой болгож, ажил хэргээ амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөв.
Эх сурвалж: www.president.mn
Холбоотой мэдээ