Жон Болтон: Монголын төрийн удирдлагуудтай уулзах боломжийг алдаж болохгүй гэж үзсэн

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Жон Болтон: Монголын төрийн удирдлагуудтай уулзах боломжийг алдаж болохгүй гэж үзсэн

Жон Болтон: Монголын төрийн удирдлагуудтай уулзах боломжийг алдаж болохгүй гэж үзсэн

Японы Осака хотноо болсон “Их-20”-ийн уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон тэргүүтэй Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсыг зорин ирсэн билээ.

Өнгөрсөн даваа гаригт Жон Болтон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэдгээр төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Жон Болтон АНУ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйгаа хэлээд, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Ноён Элчин сайд Болтон энэ удаагийн айлчлал нь хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцох боломж гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болохыг дурдаад, хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүссэн.

Ноён Элчин сайд Болтон хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын хүрээнд санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцсан билээ.

Элчин сайд Жон Болтоноос “Ройтерс” агентлагийн сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай анх удаа цэрэггүй бүсэд хийж буй уулзалтад оролцохын оронд Монгол ирэх болсон шалтгааныг нь тодруулав. Тэрбээр “Монголд хийж буй энэ уулзалт эртнээс төлөвлөгдсөний эцэст амжилттай боллоо. Урт аялал байлаа.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн зохион байгуулсан, Израиль, ОХУ, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн анхны уулзалтад оролцож, Осакад болсон “Их 20”, үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон бусад хүмүүстэй хийсэн уулзалтууд бүгд миний хийхээр төлөвлөж байсан ажлууд.

Ерөнхийлөгч Трамп БНСУ-ыг зорьж, цэрэггүй бүсэд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ жиргэснийг тэрбээр зөвшөөрсөн нь маш богино хугацаанд хоёр орны төрийн тэргүүн болон Гадаад харилцааны сайд нарын тохиромжтой цаг үед гаргасан шийдвэр байсан.

Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Парламентын бусад хүмүүстэй уулзах боломжийг алдаж болохгүй гэж үзсэн. Тиймээс энэ шийдвэрийг түвэггүй гаргасан. Монголд байгаадаа, энэ уулзалтыг хийсэндээ баяртай байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж