Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.06.24/ үдээс хойш цаг сунган хуралдаж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн тухайн нөхцөлд нийцэж байсан боловч өнөөгийн хөдөлмөрийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгааг салбарын сайд илтгэлдээ дурдсан. Мөн албан бус хөдөлмөр эрхэлж байгаа малчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг хуулиар тогтоож өгөе, харин бусад хөдөлмөр, нийгмийн асуудлыг аж ахуйн нэгж байгууллага дотроо хэм хэмжээ буюу, хөдөлмөрийн хамтын маргаан, дотоод журмаар зохицуулах чиглэлийг төсөлд оруулж өгч байгаа. Мөн ажил олгогч болоод ажилтныг хуулиар хамгаалах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлж өгсөн. Ингэснээр ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн зайлшгүй хүлээх үүргийг тодорхой болгох юм. Бас нэг онцлох зүйл бол олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөрийг олж тогтоох заалтуудыг хуулийн төсөлд тусгалаа. Эдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгаснаар дэлхийн худалдааны гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлж, гадаад худалдааны тарифын хөнгөлөлтөд манай улс хамрагдах нөхцөл боломж бүрдэх юм. Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүрэн бус цагаар ажиллах, түүний дотор оюутны хөдөлмөр эрхлэлтийн харилцааны онцлог зохицуулалт болон цалин хөлсний зохицуулалт, уул уурхай, ашигт малтмал олборлолын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар тус тус хуулийн төсөлд тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Ц.Оюунгэрэл нар асуулт асууж тодруулга авлаа. Гишүүдийн зүгээс монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж доогуур байдаг. Энэ үнэлэмжийг олон улсын жишигт нийцүүлэх талаар төсөлд хэр тусгагдсан болон хүүхэд төрүүлсэн эмэгтэйн хүүхэд асрах үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь ажил олгогч төлөхөөр хуульчилж байгаа асуудлыг хөндсөн юм.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 92,3 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.