Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаан 17 цаг 45 минутад, 52.6 хувийн ирцтэй эхлэв.

 

Байнгын хорооны дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг асуудлаа эцсийн хувилбараар бүрэн дуусгаж амжаагүй байгаа тул ирэх долоо хоног хүртэл түр хойшлуулах санал гаргасныг гишүүд дэмжив.

 

Мөн байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулагдах шатандаа байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулах саналаа Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүд ирүүлсэн, харин Ерөнхийлөгч, Засгийн газраас саналаа ирүүлж амжаагүй байгаа учраас энэ асуудлыг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

Ингээд тус Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хийсэн юм.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 7 удаа хуралдаж, гишүүдээс гаргасан саналууд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албанаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн төсөлд тусгаж, зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг нэгтгэснээ дурдав. Мөн уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

Ингээд байнгын хорооны ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 25 саналын томьёолол гаргасныг нэгбүрчлэн санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Тухайлахад хуулийн төслийн 7 дугаар зүйлийн “Хууль тогтоох сонсгол” гэснийг “Хууль тогтоомжийн төслийн сонсгол” гэж өөрчлөх, төслийн 24.3 дахь хэсгийн “тогтоосон журмыг илтэд үл хүндэтгэсэн” гэснийг “тогтоосон журмыг зөрчсөн” гэж өөрчлөхөөр болов. Нийтийн сонсголыг эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт, татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого, зарцуулалтад тавих хяналт, Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудлыг хэлэлцэх, тухайн асуудлаар шийдвэр гаргахад зохион байгуулах юм байна. Харин ажлын хэсгээс хуулийн төсөл дэх “мөрдөн шалгах” гэсэн заалтыг хасах санал гаргасан нь дэмжигдэв. Иймээс уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжлээ. Мөн хуулийн төслүүдийн талаар Өргөдлийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудыг хэлэлцээд эдгээр саналын ихэнх нь ажлын хэсгээс гаргасан саналуудад агуулгын болон найруулгын хувьд туссан тул санал хураах шаардлагагүй гэж үзэв.

Ингээд Нийтийн сонсголын тухай болон холбөоглох бусад хуулийн төслүүлийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж