Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.23/ Завхан аймгийн Улиастай хотноо ажиллаж байна. Тэрээр өнөөдөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Энэхүү сургалтад Завхан аймгийн 12 сумын 82 төлөөлөгч оролцож байна.
УИХ-ын дарга З.Энхболд сургалтыг нээж хэлсэн үгэндээ, 2012 оноос хойш НҮБ-тай ярилцаж, ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд www.khural.mn цахим хуудас ажиллаж эхэлсэн. Цаашид УИХ-ын Тамгын газрынхан, үндэсний сургагч багш нар аймаг сумдад хичээл заахаас гадна та бүхэн өөрсдөө алдаа оноогоо хэлэлцэж, төвлөрлийг сааруулах, орон нутгийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид шинэ төлөөлөгчид сонгогдон орж ирэхэд та бүхэн тэднийг сургах чадавхийг эзэмших нь чухал. Хүрэх гэж буй үр дүн бол үндэсний сургалтын механизмыг бий болгох юм. Та бүхэн сайн туршлагыг улс даяар дэлгэрүүлэх гэх мэт амьд ажлууд хийх хэрэгтэй. Бүх шатны түвшний ИТХ-ынхны өмнө шийдвэр гаргахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажил нэн чухал. Иймээс сумандаа хийх ажлуудыг заавал тухайн суманд амьдарч буй иргэдээс санал авах ёстой.
Өмнө нь байсан сумын ИТХ-ын 21 төлөөлөгч өрөөндөө хаалгаа хааж суугаад сумын иргэдийн асуудлыг хэлэлцэж, тэдний өмнөөс шийдвэр гаргадаг тогтолцоог халая гэсэн зорилготой. Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар Захиргааны ерөнхий хуулийг баталсан бөгөөд иргэдийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ болон ер нь бүх шатны төрийн захиргааны байгууллагын үүргийг заасан энэхүү хуулийг та бүхэн “ШИРЭЭНИЙ НОМ” болгон ажиллах ёстой. Хэрвээ энэхүү хуулийг мэдэхгүй бол цаашид төрийн албанд ажиллах шаардлага байхгүй гэж ойлгох хэрэгтэй. Мөн аль ч аймгийн, аль ч сумын ИТХ дээр очсон сум бүхэн өөр өөрийн дүрмээр бус нэгдсэн ижил тогтолцоог нэвтрүүлэн хуульд заасан чиг үүргээ биелүүлэх хэрэгтэйг анхааруулая. Та бүхний ажилд амжилт хүсье гэсэн юм.
Түүнчлэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтэд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгаа гэлээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны сургалтын нээлтэд УИХ-ын даргыг оролцох үеэр УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.