Улсын цолонд хүрсэн аав, хүү бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Улсын цолонд хүрсэн аав, хүү бөхчүүд

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ алдар, нэрээ цуурайтуулан дэвэх аав хүү, ач гуч, ах дүүс, төрөл садан, тэдгээрийн дараа үеийн бөхчүүд нэлээд бий. Тухайлбал, даншгийн арслан Хас, түүний хүү улсын арслан Х.Өлзийсайхан, ач хүү улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гээд гурван үеийн, хоёр төрийн наадмын арслан цолтнууд, М.Лхагва арслан, түүний төрсөн дүү М.Намбар заан гээд ах дүү бөхчүүдийг дурдаж болно. Энэ удаа улсын наадмын зүлэг ногоон дэвжээн дээр тав даван шөвгөрч, улсын цолтны эгнээнд багтсан улсын цолтой аав, хүү бөхчүүдийг онцолж байна.


  • Дархан аварга Дарийн Дамдин, түүний хүү улсын гарьд Д.Баяраа

1921 оноос хойш Ардын төрийн наадамд Б.Түвдэндорж аваргаас хойш дархан аварга цолыг хүртсэн хоёр дахь бөх бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, хөдөлмөрийн баатар, гавъяат жүжигчин Д.Дамдин юм. Ардын төрийн наадамдаа хамгийн анх завсаргүй таван удаа түрүүлж, нэгэн өвөрмөц амжилт тогтоож байсан Д.Дамдин аварга улсынхаа наадамд таван удаа түрүүлж, мөн тооны түрүү, үзүүр булаалдаж, нийтдээ 23 удаа шөвгөрч байсан их аварга юм.

Улсын наадамд 22 насандаа начин цол хүртэж байсан бол хамгийн сүүлд 51 насандаа тав даван шөвгөрч байжээ. Түүний хүү Д.Баяраа гарьд улсынхаа наадамд таван удаа шөвгөрөхдөө 1988 онд их шөвгийн дөрөвт шалгарсан бол 1990 оны МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд найм даван гуравт үлдэж, энэ амжилтаараа хожмоо улсын гарьд цолыг нөхөн авч байсан. Хоймор нутаг Хөвсгөл нутгийн Цагаан-Үүрээс төрөн гарсан аав, хүү бөхчүүдийн төрийнхөө наадамдаа хамтдаа 28 удаа шөвгөрсөн байдаг.

  • Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, түүний хүү улсын гарьд Б.Гантогтох

Халхын алдарт аварга Х.Баянмөнх бол төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ төдийгүй дэлхийн дэвжээнд алдар нэрээ цуурайтуулсан хүчит бөх юм. Увсын цэнхэр хязгаараас тодрон гарсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, доктор, профессор Х.Баянхмөнх аварга 1963 онд 20 настайдаа улсын арслан Г.Цоодолоор 5 даван улсын цолтны эгнээнд багтсан. Түүнээс хойш төрийнхөө наадамдаа барилдан 27 удаа шөвгөрөхдөө 10 удаа түрүүл, 2 удаа үзүүрлэсэн. Улсын наадамд 1981 онд найм дахь удаагаа түрүүлэн тухайн үедээ улсын наадамд хамгийн олон түрүүлсэн Б.Түвдэндорж аваргын 7 түрүүлсэн амжилтыг эвдэж, найм түрүүлсэн бол 1987 онд 10 дахь удаагаа түрүүлэн бас нэгэн өвөрмөц амжилтыг үзүүлсэн байдаг.

Хамгийн сүүлд тэрээр 49 насандаа буюу 1992 онд 6 даван шөвгөрсөн ажээ. Түүнийг харих үед хүү Б.Гантогтох нь улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ аавынхаа амжилтыг үргэлжлүүлэн амжилттай барилдаж эхэлсэн. Тухайн үедээ наадамчин олныг баясгасан 6 залуу зааны нэгт багтан улсынхаа наадамдаа 10 удаа шөвгөрөхдөө 2000, 2002, 2004 онуудад гурвантаа түрүү, үзүүр булаалдсан юм. Увсын цэнхэр хязгаараас төрөн гарсан аав, хүү алдарт бөхчүүд улсынхаа наадамд хамтдаа 37 удаа шөвгөрч, 10 түрүү, 5 удаа үзүүрлэжээ.

  • Улсын арслан Хасын Өлзийсайхан, хүү улсын арслан Ө.Эрдэнэ-Очир

Монгол орны наран ургах Дорнод нутгаас төрөн гарсан удамт бөх бол Х.Өлзийсайхан, түүний хүү Ө.Эрдэнэ-Очир нар юм. 1903 оны даншиг наадмын арслан Хасын хүү Өлзийсайхан 1934 оны улсын наадамд “боохой” Д.Данзан арслангаар 7 даван шууд улсын заан цол хүртэж байжээ. Түүнээс хойш улсын наадамдаа 8 удаа шөвгөрөхдөө 1941 онд алдарт Б.Түвдэндорж аваргатай түрүү, үзүүр булаалдан үзүүрлэж улсын арслан цол хүртсэн. Улсын арслан Х.Өлзийсайханыг төрийн наадамдаа гурвантаа үзүүрлэсэн жил буюу 1936 онд түүний хүү хожмын улсын арслан, чөлөөт бөхийн спортын гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очир төрсөн.

Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир 1957 онд 5 давж, улсын начин цол хүртсэн бол 1961 оны МБАТ-ий анхдугаар спартакиадаар улсын заан, 1976 оны Ардын Хувьсгалын 55 жилийн ойн баяр наадамд 7 даван их шөвгийн дөрөвт үлдэж улсын арслан цол хүртэж өвөг эцэг болон аавынхаа цолонд хүрсэн байдаг. Аав хүү улсын арслангууд төрийн наадамдаа 23 удаа шөвгөрсөн. Ө.Эрдэнэ-Очир арслан улсын наадамд барилдахаас гадна чөлөөт бөхөөр барилдан олимп, дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг гаргаж явсан манай улсын хүнд жингийн шилдэг бөх байжээ.

  • Улсын заан “тавхай” хэмээх Дашийн Лувсан, хүү улсын начин Л.Энхбаяр, Л.Өлзийбаяр

Улсын баяр наадамдаа 2 удаа 7 даван заан цолоо баталсан чансаатай цөөхөн заануудын нэг бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “тавхай” хэмээн алдаршсан Д.Лувсан заан юм. Улсын заан Д.Лувсан 1950 онд 6 даван начин, 1951 оны АХ-ын түүхт 30 жилийн ойн баяр наадмаар 1024 бөхөөс шууд 7 даван дунд шөвөгт шалгарч улсын заан цол хүртсэн бол дараа жил нь 1952 онд цолоо батлан их шөвгийн дөрөвт үлдсэн байдаг.

Тэрээр улсын наадамд 5 удаа шөвгөрөхдөө 2 удаа 7, мөн 2 удаа 6 давсан бол 1 удаа 5 давж байжээ. Нисэхийн “тавхай” Д.Лувсан зааныг залгаж түүний хүү Л.Энхбаяр 1990 онд, Л.Өлзийбаяр нь 1996 онд улсын начин цол хүртэж улсын цолтны эгнээнд багтсан. Өдгөө түүний 3 дахь үеийн бөх Ө.Дүүрэнбаяр үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр олимп, дэлхийн дэвжээнд дэлхийн хүчитнүүдтэй хүч үзэн ДАШТ-ээс медаль зүүгээд байна.

  • Улсын заан Сэрээгийн Гүржав, түүний хүү улсын начин Г.Эрдэнэбат

Булган аймгийн Хангал сумын харъяат С.Гүржав заан улсын наадамд 4 удаа шөвгөрсөн бөгөөд дөрвүүлэнд нь 6 давсан байдаг. Анх 1949 оны Улсын наадамд “Ерөнхийн” хэмээх Д.Самбуу арслангаар тав, манлай начингуудын нэг Ц.Лхагваар 6 даван, улсын начин цол хүртсэн бол 1954 оны Улсын наадамд “дэрэн бор” С.Самданжигмэд арслангаар 6 давахад улсын заан цол олгосон. Тэгвэл түүний хүү МУГТ Г.Эрдэнэбат 1996 онд дархан аварга Ж.Мөнхбатаар 5 даван улсын начин цол хүртэж байжээ.

  • Улсын заан Донровын Долгорсүрэн, түүний хүү аварга Д.Сумъяабазар, начин Д.Сэржбүдээ

Улсын наадамд 11 удаа шөвгөрөхдөө 2 удаа 7 даван их шөвөгт шалгарч байсан манлай заан бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Д.Долгорсүрэн юм. Улсын заан Д.Долгорсүрэнгийн амжилтыг заанууд дундаас ялгах онцлог бол 10-аас дээш жил шөвгөрч, 2 удаа 7 давсан амжилт байдаг. Түүний хүүхдүүд ч мөн үндэсний бөхөөр өндөр амжилт гаргасан байдгийг ард түмэн маш сайн мэдэж байгаа. Хүү Д.Сумъяабазар нь Монгол бөхийн дээд оргил аварга цолонд хүрсэн бол Д.Сэржбүдээ нь улсын начны 1999 онд Д.Эрдэнэбат заанаар 5 даван улсын цолтны эгнээнд багтсан.

  • Улсын заан Рэржийбуугийн Давааням, хүү улсын заан Д.Лхагвадорж

Алтай нутгаас төрөн гарсан хүчит заануудын нэг бол Р.Давааням заан юм. Алтайн хөх харчуулын төлөөлөл Р.Давааням 1980 оны улсын наадамд Л.Сосорбарам арслангаар тав, Д.Түвшин заанаар 6 даван улсын начин цол хүртсэн бол 1987 оны Монголын Бүх Ард Түмний II спартакиадаар дэд байранд шалгарч улсын заан цол хүртэж байжээ. Улсын наадамд 6 удаа тав даван шөвгөрсөн хүчит заан юм. Улсын заан Р.Даваанямыг залгамжлан хүү Д.Лхагвадорж нь үндэсний бөхөөрөө, бага хүү Д.Бямбадорж нь арлын Японы мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн амжилтад хүрсэн. Улсын начин Д.Лхагвадорж 2004 оны улсын наадамд Д.Рагчаа начин (гарьд)-аар 5 даван улсын начин цол хүртсэн.

  • Улсын заан Чадраабалын Бямбадорж, түүний хүү улсын начин Д.Заяамандах

Ховд аймгийн Чандмань сумаас улсын цолтон 7 төрөн гарсны манлай нь улсын заан Ч.Бямбадорж юм. Улсын заан Ч.Бямбадоржийн гаргасан жимээр түүний нутгаас улсын заан Ч.Батзориг, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Н.Батзаяа, хүү улсын начин Б.Заяамандах, Ч.Цогбаяр, И.Мөнхбаатар нарын хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэн барилдаж байна.

Чадманий Ч.Бямбадорж заан анх 1989 оны улсын баяр наадамд нутгийн бөх Д.Мягмар заанаар 5 даван улсын начин цол хүртсэн бол 1994 оны улсын баяр наадмын 768 бөхөөс 7 даван улсын заан цол хүртэж байжээ. Мөн тэрээр 1990, 1997 онуудад 5 давсан. Хожмоо түүний хүү Д.Заяамандах нь улсын арслан Д.Азжаргалаар 5 даван улсын начин цол хүртсэн.

  • Улсын харцага Гэлэгийн Намрайжав, хүү улсын аварга Н.Батсуурь

Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Г.Намсрайжав 1988 онд улсын арслан Б.Ганбаатараар 6 давсан амжилтаараа 2004 онд улсын харцага цол нөхөж авсан. Улсын наадамд 1 удаа 6 даван шөвгөрснөөс гадна 1990 оны МНТ-ны даншиг наадамд 5 даван шөвгөрсөн. Түүний хүү жүдо бөхийн ОУХМ Н.Батсуурь нь 2018 онд улсын наадамдаа түрүүлэн аварга цол хүртсэн. Мөн түүний ах Г.Даваасамбуу улсын начин, аав Ж.Гэлэг нь улсын начин цолтой бөхчүүд юм.

  • Улсын начин Жотонгийн Гэлэг, хүү улсын харцага Г.Намсрайжав, улсын начин ГДаваасамбуу

Увсын цэнхэр хязгаар нутгаас төрсөн улсын цолтнуудын анхдагч бол улсын начин Ж.Гэлэг юм. Тэртээ 1950-иад оны үед Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан, Ц.Чимэд-Очир аваргуудын эрин үед хүч үзэн барилдаж байсан Ж.Гэлэг 1950 оны улсын наадамд Ш.Батсуурь аваргаар 5 даван улсын начин цол хүртсэн. Ж.Гэлэг арслангаас хойш үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр түүний хүү Г.Намсрайжав харцага, Г.Даваасамбуу начин цол хүртсэн бол ач хүү Н.Батсуурь нь улсын аварга цолонд хүрсэн байдаг.

  • Улсын начин Гомбодоржийн Бат-Эрдэнэ, хүү улсын начин Б.Баттогтох

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум бол Монгол бөхийн өлгий нутаг. Энэ нутгаас үндэсний бөхийн аварга цолтноос эхлээд начин хүртэл бүхий л цолтон төрсөн гарсан бөгөөд тэдний нэг бол улсын начин Г.Бат-Эрдэнэ юм. Улсын начин Г.Бат-Эрдэнэ 1955 оны улсын наадамд “өмсдөг” хэмээх Ц.Дамдиндорж заанаар 5 даван улсын цолтны эгнээнд багтсан. Хожмоо түүний хүү Б.Баттогтох 2000 онд дархан аварга Х.Баянмөнхөөр 5 даван улсын начин цол хүртсэн.

  • Улсын начин Суядааны Ганзориг, хүү улсын харцага Г.Ганхуяг

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин С.Ганзоиг 1985 оны улсын наадамд нутгийн их бөх дархан аварга Д.Дамдингаар 5 даван улсын начин цол хүртсэн. Түүний хүү Г.Ганхуяг эцгийнхээ улсын цол хүртсэнээс хойш 19 жилийн дараа 2001 оны АХ-ын түүхт 80 жилийн ойн баяр наадамд С.Хүрэлбаатар заанаар 5, аймгийн арслан Н.Бүрэнбаатар (начин) 6 даван улсын начин цол хүртээд 2004 онд энэ амжилтаараа улсын харцага цол нөхөж авсан. Г.Ганзориг харцага улсын наадамд 2 удаа 6, 1 удаа 5 давсан хүчит харцага бөгөөд чөлөөт бөхийн шилдэг мастеруудын нэг байсан юм.

  • Улсын начин Доржпаламын Шоовдойхүү, хүү улсын начин Ш.Тогтохбаяр, Ш.Шинэбаяр

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Д.Шоовдойхүү анх 1984 онд аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэнээр бөхийн гараагаа эхлүүлсэн бол 1986 онд нутгийн бөх У.Пүрэв заанаар 3, Р.Давааням начин (заан)-аар 4, улсын арслан П.Дагвасүрэнгээр 5 даван улсын начин цол хүртэж улсын цолтны эгнээнд багтсан. Аавынхаа амжилтыг давтан түүний хүүхдүүд болох Ш.Тогтохбаяр нь 2008 онд Д.Баасандорж харцага (заан)-аар, Ш.Шинэбаяр нь 2015 онд улсын начин, нутгийн бөх Л.Цэрэнтогтохоор 5 даван улсын начин цол хүртсэн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж