УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Хэлэлцүүлийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга хэд байгаа, түүнийх нь тоонд Төрийн ордон орсон гэх асуудалд хариулт хүслээ.
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга обьект улсын хэмжээнд 471 бүртгэгдсэнээс 326 нь Улаанбаатар хотод харьяалалтай. Төрийн ордон мөн түүнд багтана. Кувейтээс парламентын ордон барихад 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой ч түүн дээр нэмж хөрөнгө оруулахаас аргагүй байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан” гэсэн хариулт өгсөн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Мөнгөтэй болтол актлагдсан барилгадаа суух уу” гэх үгийг хэлж байлаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дахин төлөвлөлтөд газар нь орлоо гэхэд тухайн оршин суугч хаусаа баръя гээд газраа авч үлдэх боломжтой юу” гэдгийг тодруулав.
Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхний өгч байгаа мэдээллээр дахин төлөвлөлтөд орсон газрын оршин суугчдын 80 хувь төсөл хэрэгжүүлэгчийг дэмжсэн бол орон сууцыг шинээр барина. Газар дээрээ хаус барих сонирхолтой иргэдийн 20 хувь төсөл хэрэгжүүлэгч нэгж дахин ярилцана. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд асуудал очино. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдах ёстой хэмээн заасан тул асуудал шүүхэд очиход Үндсэн хууль зөрчсөнд тооцогдохгүй гэж тайлбарлаж байгаа юм.
Намын бүлгүүдийн тохиролцоо өөрчлөгдөх үү?
Байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд “Нийгмийн салбар болох эрүүл мэнд, сургуулийг хувьчилж болохгүй” гэж үзэн, тогтоолд туссан энэ асуудлыг хасах санал гаргасан юм байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлгээс тавьсан дээрх саналыг хүлээж авахаар болсон. Гэхдээ өөрчлөн байгуулах хүрээнд эмнэлэг, сургуулийг хувьчлахгүй, удирдлагын сонголтыг улстөрөөс хараат байдгийг болиулж үр ашигтай ажилладаг, чанартай үйлчилгээ үзүүлдэг схем рүү нь оруулахыг зорьсон ч МАН-ын бүлэг зөвшөөрөөгүй тул Ардчилсан намын бүлэг саналыг хүлээж авахаар болсон аж.
Харин тус байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл санал гаргаж, эрүүл, мэнд боловсролын салбарыг хувьчлахгүй, гол нь сургууль нь захирлаа сонгодог, эмнэлэг нь даргаа сонгодог тогтолцоонд оруулах ёстой гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цөөнх болж, саналаа хамгаалахаар болсон юм.
Мөн ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ