Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийлээ. Иргэдийн санал, бодлын дагуу зарчмын зөрүүтэй 15 орчим саналыг тусгахаар болжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын найман байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Чуулганы хуралдаанаар 52 санал хураалт болох бөгөөд нэг бүрчлэн санал хураана. Үүний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Нэгдүгээрт, байгалийн баялаг төрийн өмч гэсэн одоогийн заалтыг хөндөөгүй, харин тодотгож “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо болон ирээдүйд аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана.
Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх ашиг, хууль ёсны эрхийг нь хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэсэн заалтыг нэмж тусгахаар болсон. Энэ саналыг иргэд болон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас ирсэн саналуудыг нэгтгэн үзээд дээрх томьёоллыг оруулсан.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулж өгч байна. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил үйлчилгээ эрхэлж болохгүй гэсэн заалт орж байна. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоож эгүүлэн татах ёстой гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүний асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх заалт оруулж өгч байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагч мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчмыг хангасан байх ёстой. Төрийн албан хаагчдыг хэт дархаллаа гэдэг. Тиймээс чадахуйн зарчмыг баримтална.
Гуравдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хариуцлагын зөвлөлтэй холбоотой асуудал байгаа. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэхтэй холбоотой зохих заалтуудыг орууллаа. Дөрөвт, нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой нэлээд олон санал гарсан. Үүнтэй холбогдуулаад улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоныг өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, хот тосгон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, эрх хэмжээг хуулиар тогтоох, зарим эрх хэмжээг олгох санал оруулсан.
Иргэдийн 85-90 хувиар дэмжсэн санал бол сумын иргэд нь өөрсдөө Засаг даргаа сонгох асуудал байгаа юм. Үүнийг мөн оруулж байна. Дүүргийн хувьд бол ялгамжтай. 3000 хүнтэй сум, 300 мянган хүнтэй дүүргийн асуудал өөр учраас үүнийг ялгамжтай зохицуулж өгөх нь зүйтэй. Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга дур зоргоороо халж, солих асуудал түгээмэл байна гэсэн шүүмжлэл их гарсан. Тиймээс үүнийг хуулиар засч байна. Дээр нь аймаг, нийслэл, сум дүүргийн хурал, татварын хувь хэмжээ, өмчийн эрхийн удирдлага, төсвийн харилцааны асуудал зэрэг бие даасан байдалдаа төвлөрлийг сааруулах, бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тодотгон хуульдаа яв цав тусгаж байна. Дээрх саналуудыг өргөн хүрээнд ярилцаж оруулсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР: Суурь зарчмын ойлголтууд дээр сөрөг хүчин АН орж ирэхгүй байгаад харамсаж байна
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 20-иод жил яригдсан. Олон суурь судалгаа, иргэд сонгогчдоос ирүүлсэн санал нэгтгэгдсэн. Нэг өдөр ярьсан зүйл биш гэдгийг олон нийт ойлгох ёстой. Өмнөх УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүд боловсруулагдаж байсан. Үүнийг бид энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр нэг талдаа гаргаж, иргэдийн саналыг тусгах нь ажлын хэсгийн гол асуудал. Тухайлбал, Дархан, Эрдэнэтийг үеийн үед хотын статустай болгоё гэдэг. Үндсэн хуульд нэрлээд явбал сөрөг талтай.
Аймгийн төвийг хот гэдэг нэршил өгснөөр тулгамдаад байгаа асуудлыг шийдэх үү. Тиймээс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг хуульчилж өгөх зохицуулалтыг Үндсэн хуульд хийгээд ажлын хэсэг дээр явж байна. Хот тосгон бий болсноор засаг захиргааны нэгжийн эрхийг эдлэх, нөгөө талаас хот нийтийн аж ахуйн зохион байгуулалт хийх суурин соёл иргэншлийн ололт дэвшил бий болгох зорилгоор өөрчлөлт хийж байна.
Үндсэн хуульд ерөнхий зохицуулалт хийхгүй бол тодорхой тохиолдол тухайн үеийн сэтгэл хөөрлөөр хийвэл алдаа ирнэ. Дүүргүүд бидний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа. Дүүрэг өнөөдөр иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг, нутаг дэвсгэрийнхээ нэгжид суурилсан суурьшлыг нэгэнт бий болгосон. Тийм учраас энэ удаагийн өөрчлөлтөөр дүүргүүдийг хотын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндсийг бий болгох ажлуудыг хийж байна. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт амжилттай батлагдвал дараагийн органик хуулиа батална.
Хот гэдэг эрх нь шилжиж очсон, иргэдийн суурьшилд тулгуурласан хотын зохион байгуулалттай болох боломж нь бүрдэж байгаа. Шүүхийн засаглалын завхралын тухай яриа хөндөгдөж байгаа энэ үед хуулийн өөрчлөлт яригдаж байна. Гэхдээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр өөрчилж болохгүй. Монгол Улсад цаашид шударга ёс хэрхэн сонгох вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас шүүгч нарыг сонгодог, шүүгч нарт хариуцлага тооцдог байгууллагыг тус тусад нь гарах асуудал хөндөгдөж байгаа.
Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэр байдлыг хадгалах, одоо ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баялгийн сан байгуулах Үндсэн хуулийн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон санал, санаачилгыг авч, нэгтгэж байна. Харамсалтай нь АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуруу байтугай хошуу ч дүрэхгүй байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ дахь АН-ын зөвлөл оролцож, саналаа хэлэх ёстой. Баялгийн сан байгуулж ирээдүй хойч үедээ өв үлдээх нь буруу зохицуулалт биш гэж бодож байна. Суурь зарчмын ойлголтууд дээр сөрөг хүчин АН орж ирэхгүй байгаад харамсаж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамгийн гол үндсэн зорилго бол төр засгийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад оршино. Тогтвортой, хариуцлагатай, төрийн бодлого, залгамж шинж чанартай байснаар эдийн засгийн өсөлт бий болж, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Дээр хэлсэнчлэн баялгийн сан бий болгосноор ирээдүй хойчдоо яаж хуримтлал бий болгох вэ, юуг нь дэд бүтцэд зарцуулах, юуг нь ажлын байр нэмэгдүүлэхэд зориулах вэ, мөн юуг нь тэтгэвэр тэтгэмж болгох вэ гэдэг агуулгаар газрын баялгаа ашиглахад баялгийн санд хуримтлал бий болох зохицуулалтыг тусгасан. Өнөөдөр эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхайгаас бүрддэг. Үүндээ төр нэгдсэн бодлоготой болно. Нөгөө талдаа Үндсэн хуульд бүх асуудлыг нарийн зааж өгөх боломжгүй. Харин тухайн харилцааны ерөнхий суурь зарчмыг нь тодорхой болгох нь чухал. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгож, байгалийн баялгийг иргэд, ард түмэнд тэгш хүртээмжтэй байх гэсэн хэд хэдэн суурь зарчмуудыг тусгахад чиглэгдэж байна. Ингэснээр эргээд иргэдийн өрхийн орлого, аж ахуй нэгжүүдийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар засаг тогтвортой байна. Засаг тогтвортой болсноор бодлого тогтвортой байна гэсэн үг. Бодлого тогтвортой байснаар улсын хөгжил тогтвортой болно. Хоёрдугаарт, Засгийн газрын өргөн барьсан төсвийг гишүүд дураараа өөрчлөхгүй болно. Ингэснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж нь бүрдэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн асуудал, боловсрол, эрүүл мэндийн асуудлууд жигд явна. Товчхондоо тогтвортой засаглалтай болно. Өнөөдрийг хүртэл Засгийн газар тогтворгүй байж ирсэн. Засгийн газрын дундаж наслалт 1.5 жилээс хэтэрдэггүй. Гуравдугаарт, шүүх хяналттай, хариуцлагатай болно. Шүүгчдийг эгүүлэн татах механизм бий болно. Шүүх хуулиа жинхэнэ ёсоор мөрддөг, улс төрөөс ангид болно. Дараагийн асуудал нь УИХ хариуцлагатай болно. УИХ-ын 39-өөс дээш гишүүн хууль баталдаг болно.
Холбоотой мэдээ