Зөрчил гаргавал хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргавал хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулийн 220 орчим нь зөрчил, түүнд хариуцлага оногдуулах тухай заасан байдаг. Тэгвэл Зөрчлийн тухай хууль батлагдан гарснаар эдгээр бүх хуулийн зөрчлийг нэгтгэн, нэг цогц болгон шийдэж өгснөөрөө онцлогтой гэдгийг ажлын хэсгийнхэн хэлэлцүүлгийн эхэнд дурьдсан. Өөрөөр хэлбэл ахин хууль батлахад зөрчлийн тухай тусгахгүй юм.  

 

Торгуулийг нэгжээр тооцон торгоно

Одоо мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулинд зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн торгож буй. Тэгвэл Зөрчлийн тухай хуулинд зөрчил гаргагчийг нэгжээр торгож, хариуцлага тооцох гэнэ. Тодруулбал, нэг нэгж нь 2000 төгрөг байх бөгөөд ямар хууль зөрчсөн, зөрчил гаргасан гэдгээс хамаарч нэгжийн хэмжээг тогтоож өгнө. “Валютын ханш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс үл хамаарч нэгжийн мөнгөн дүнг тогтоосон. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Валютын ханш ч мөн адил. Иймээс зөрчил гаргагчид харилцан адилгүй шийтгэвэр авах эрсдэл үүснэ гэж харсан. Тиймээс зөрчил гаргагчийг нэгжээр торгож байх, энэхүү нэгжийн хэмжээг УИХ-аас баталж, өөрчилж байх тухай хуулийн төсөлд тусгасан. Нэг нэгж нь 2000 төгрөг байх юм” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн багагүй цаг зарцуулж, шүүмжлэл дагуулсан асуудал нь зөрчил гаргагчийг хэдэн нэгжээр/хэдэн төгрөгөөр/ торгох вэ гэдэг асуудал байсан юм. Ингээд хуулийн төсөлд иргэдийн дийлэнх гаргадаг зөрчлүүдэд хэрхэн хариуцлага хүлээлгэхээр тусгасан талаарх мэдээллийг хүргэе.

  • Олон нийтийн газар архидан согтуурч зохисгүй үйлдэл гаргасан бол 25 нэгжээр буюу 50 мянган төгрөгөөр

 

  • Хориглосон газарт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол 25 нэгж/ 50 мянган төгрөг/-ээр

 

  • Бусдыг гүтгэсэн шинж чанартай мэдээллийг олон нийтэд ярьсан, үзүүсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн бол хувь хүнийг 500 нэгж/нэг сая төгрөг/-ээр, хуулийн этгээдийг 5000 нэгж/арван сая төгрөг/-ээр торгоно.

 

  • Биеэ үнэлсэн, биеэ үнэлэгчийг авсан тохиолдолд 50 нэгж/100 мянган төгрөг/-ээр

 

  • Сургууль, сургуулийн дотуур байр, ойр орчимд нь дарамталсан, зүй бусаар харьцаж хичээл сургуульдаа явж чадахгүй байдалд хүргэн дарамталсан бол 50 нэгж/100 мянган төгрөг/,

 

  • Хүүхдийг гэр бүл, амьдарч буй орчноос тусгаарласан бол 25 нэгж/50 мянган төгрөг/ээр,

 

  • Хамгаалах байрны журам зөрчин нэвтэрсэн бол 50 нэгж/100 мянган төгрөг/-ээр торгоно гэж хуулийн төсөлд тусгасан талаар ажлын хэсгээс танилцуулж, байнгын хорооны гишүүд саналаа солилцсон юм.

Ингээд дээрх торгуулийн хэмжээтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны гишүүд байр сууриа хэрхэн илэрхийлсэн талаарх мэдээллийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Хүнийг гүтгэж гүжирдсэн атлаа торгууль төлөөд өнгөрнө гэдэг бол шударга бус асуудал шүү дээ. Хүнийг гүтгэж, нэр хүнд цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсний сөрөг нөлөө гэдэг асар их. Олон нийтийн дунд тэр дундаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж байхаар цохиод авсан нь хамаагүй дээр. Тиймээс бусдыг гүтгэсэн бол торгоно гэдэг заалтыг дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

-Хүнийг гүтгэх үзэгдлийг тэмцэх арга өөрчлөгдсөн гэж харж байна. Гүтгүүлсэн хүн шүүхэд хандан улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлж гүтгүүлсэн эсэхээ шалгуулахад дунджаар гурван жил шаардагдаад байгаа юм. Бусад оронд бол гүтгэсэн гэх хүнийг шүүхийн өмнө аваачиж гүтгэсэн үү гүтгээгүй бол цаашид хэрэг үүсгэн шалгана, гүтгэсэн гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзаж торгуулиа төл гэдэг. Ийм л аргаар шийдчихдэг.

Мөн биеэ үнэлсэн, мөнгө төлж бэлгийн харьцаанд орсон хүнийг хоёуланг нь торгох нь хир оновчтой шийдвэр гэдэг дээр байнгын хорооны гишүүдийн санал хуваагдсан юм. Ажлын хэсгийнхэн “Мөнгө төлж биеийг нь үнэлж авч улмаар бэлгийн харилцаанд орж байгаа хүнийг торгосноор биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчид ховордоно. Өөрөөр хэлбэл худалдан авагч байхгүй бол борлуулалт байхгүй гэсэн үг" гэж тайлбарлаж байсан юм.

Харин Х.Тэмүүжин гишүүний зүгээс “Амьдралын боломжгүй, мэдлэг боловсролгүйгээсээ болж амьдрахын эрхэнд эсвэл хэн нэгний дарамтад ихэнх бүсгүйчүүд биеэ үнэлдэг байх. Тэдгээр бүсгүйчүүдийг аваачиж хориод, торгоод байх нь оновчтой бус торгууль. БНХАУ, БНСУ-ын нөхдүүд мөнгө төлж биеийг нь үнэлүүлээд үүнийх нь төлөө ядарсан эмэгтэйчүүдийг торгоод байна гэж байж болзошгүй асуудал шүү дээ. Биеийг нь үнэлүүлсэн хүний мэдээллийг харин цагдаагийн байгууллагад өгдөг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй” гэлээ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Биеэ үнэлэх асуудлыг хүн төрлөхтөн дийлээгүй. Та нар ч дийлэхгүй. Цэцэрлэгийн хүүхэд шиг гэнэн юм ярих юм. Мөнгийг нь авчихаад маргааш нь “матах” хүн байхгүй” гэлээ.

Ингээд тус асуудлыг багагүй хэлэлцсэний дараа санал хурааж биеэ үнэлсэн, биеэ үнэлэгчийг авсан тохиолдолд 50 нэгж/100 мянган төгрөг/-ээр торгох саналын томъёолол дэмжлэг хүлээсэнгүй.

Ямартай ч Хууль зүйн байнгын хорооноос Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өрнүүлж чуулганд шилжүүллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж