Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, "Улаанбаатар смарт карт" компани хамтран нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусыг бүрэн камержуулсан талаар өнөөдөр /2019.07.02/ мэдээлэл хийлээ.
НЭГ АВТОБУСАНД ДӨРВӨН КАМЕР БАЙРЛУУЛСАН
Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ "Энэ оны гуравдугаар сарын 13-нд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарсан зөвлөгөөн хийх үеэр нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулъя гэж тохирсон. Энэ ажлын дагуу нийтийн тээврийн шугамд гарч байгаа бүх автобусыг камержуулж дууслаа. Ингэснээр жолооч нарыг хянах, автобусанд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох бодитой ажил болно гэж бодож байна.
Халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь автобусанд үйлдэгддэг. Нэг автобусанд дөрвөн камер байрлуулсан байгаа учраас дотоод гадаад орчныг бүрэн хянана. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж байх үедээ эд зүйлсээ хулгайд алдсан хүн байвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ингэсний дараа тухайн үйлчлүүлж байсан автобусны камерыг шүүж хэрэгтэнг илрүүлнэ. Бичлэгийг хадгалах хугацаа нь 15-30 хоног байна" гэв.
ХАЛААСНЫ ХУЛГАЙГААС СЭРГИЙЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга н.Мягмар "Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй тээврийн хэрэгсэл 93 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлчилгээний бүх автобус камертай боллоо. Хоёр газрын даргын баталсан журмын дагуу бид камерыг хянах авто тээврийн хяналтын улсын байцаагчийг өдөр болгон ажиллуулж байна. Камертай болсноор нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг хангаж, нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг баримтлуулж байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусны буудалд зогсож буй тээврийн хэрэгслийн зөрчлийг баримтжуулж, түүнийг Тээврийн цагдаа руу шилжүүлж, зөрчлийг арилгуулах, зөрчил гаргахаас урьдчилсан сэргийлэх ач холбогдолтой. Мөн халаасны хулгайгаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх боломж нээгдлээ. Камерын бүрэн бүтэн байдалд нийслэлийн Тээврийн газраас хяналт тавьж, тухайн аж ахуйн нэгж өөрөө хариуцаж ажиллаж байна" гэв.
"НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 80 АВТОБУСЫГ ОНЛАЙНААР ШУУД ХАРАХ БОЛОМЖТОЙ"
“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “Нийтийн тээврийн автобусыг бүрэн камержуулах ажил 2015 онд хийгдэж байсан. Энэ жил Цагдаагийн байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудын камерыг шалгаж, сайжруулах ажлууд хийж байна. Шалгалтаар уг камеруудын 50 хувь нь ажиллахаа больсон байсныг 123 сая төгрөгөөр шинэчлэх ажил хийгдлээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус камертай болсон гэсэн үг. Энэ дундаа онлайнаар шууд харах боломжтой 80 тээврийн хэрэгсэл бас үйлчилгээнд явж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд янз бүрийн шалтгаанаар эвдэрч гэмтэх асуудлууд гарч байсныг энэ жил Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээвэр үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтраад бүрэн шинэчилж сайжруулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийтдээ 123 сая төгрөгийн төсвийг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад, 1226 автобусынкамерыг бүрэн шинэчилж сайжруулсан.
Автобус бүр дөрвөн камертай, дотор заал, жолооч, замыг харах боломжтой. Эдгээр камерын тусламжтайгаар иргэдийн төлбөр төлөлт, аюулгүй байдал, халаасны хулгай бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаагаараа хамгийн том давуу талтай. Энэ 1226 автобус дотроо 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд явж байх хугацаанд нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. Энэ нь хяналт үйлчилгээ талдаа нэлээн ахиц гаргасан.
Мөн хяналтын камерын харилцааг зохицуулсан журмыг Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээвэр үйлчилгээний газар хамтарч гаргаж оролцогч талуудын харилцааг тодорхой болгосон нь цаашид энэ камерын ашиглалт, хамгаалалт нь илүү ахиц гарах байх гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэ камер жолоочид үйлчилгээ үзүүлэхэд нь асар их тус болж, зам тээврийн осол гэмтэл, зөрчил бусад гэмт хэргээс сэргийлэх боломжийг үүсгэж өгч байгаагаараа давуу талтай байгаа юм.
-Бүх чиглэлийн автобусанд суурилуулсан гэсэн үг үү?
-Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд 970 орчим, амралтын өдрүүдэд 650 орчим автобус үйлчилгээнд явж байна. Нийтдээ 1226 автобусанд суурилууллаа. Автобус бүрт дөрвөн ширхэг камер бүрэн суурилуулагдсан.
-Камерын бичлэгээ хэдэн хоног хадгалдаг вэ?
-Багтаамжаасаа шалтгаалаад 15 хоног хамгийн богино хугацаандаа, 15-аас илүү хугацаанд хадгалж байгаа камерууд бий.
-"Улаанбаатар смарт карт"-ын хувьд "U money" цэнэглэх төвүүдийг нэмж ажиллуулж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Одоогийн байдлаар CircleK, CU Vpoint гэх дэлгүүрүүд 24 цагаар карт цэнэглэж байгаа бол "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ий өөрийн байгуулсан үйлчилгээний цэгүүд, гэрээт цэгүүд нийлсэн 550 цэгээр үйлчилгээ үзүүлж байна.
-Үйлчилгээний ямар ямар төвүүд нэмж ажиллуулж байгаа вэ?
-Манай компаний зүгээс гэрээт цэгийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар 550 орчим гэрээт цэгүүд ажиллагаа явуулж байна.
Э.АРИУН, Х.ДАГИНАС