Ерөнхий сайд шалдан байна

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд шалдан байна

Ерөнхий сайд шалдан байна

Удахгүй нээгдэх “Политайнмент” төслийн хүрээнд

За, Царцаа Намжил минь чи аан гээд сонсож бай. Монголд нэг удаа ийм юм болсон байдгийн. Ардчилсан сонгууль бүхий чөлөөт нийгэмд сонгогчид засгийн эрхийг саналын хуудас бөглөх тав орчим минутад л бодитоор эдэлдэг. Үлдсэн дөрвөн жилийн 1450 гаруй хоногт тэднийг төлөөлөл болгон илгээсэн мандат бүхий иргэд засгийн эрхийг бодитоор барина. Яг үнэндээ бол Монголын улс төрийн менежементийг өдөр тутам шийдэж, дизайн хийж байдаг нь 10 хүрэхгүй хүн, бүр нарийвчилвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван лидерийн хоорондын тоглолт, хүчний харьцаа л шийдсээр ирсэн гэдгийг улс төрийн тогоонд их, бага хэмжээгээр чанагдсан хүмүүс хүлээн зөвшөөрөх байх.

Чухам энд л улс төрийн театрын тайзан дээр ямар нэртэй жүжиг тавигдах, хэн гол дүр болох, сайн муу дүрүүд сонгогдон тэднийг өөрсдийг нь ч мэдэхгүй байхад хөшигний цаана эхлээд өрөгддөг. Хөшиг нээгдэж жүжиг эхлэхэд үзэгчид буюу сонгогчид сайн, муу дүрүүдийг дэмжин хуваагдаж, хэвлэл мэдээлэл дэвэргэн түгээж, судлаачид, нийтлэлчид сүртэй дүгнэлтүүд өгч өргөжсөнөөр жүжиг маань ээлжит улс төрийн савангийн дуурь болон өргөждөг билээ. Гэвч чөлөөт нийгэмд сонгогчид хөшигний цаана өрнөж буй үйл явдал, улстөрчдийн нүүдлийг мэдэж байх, мэдээлэл авах, шүүн хэлэлцэх эрхтэй тул энэ чиглэлийн шинэ мэдээлэл, мэргэжлийн зарим анализаа хуваалцаж байх нь сайн зүйл юм. Буруу зөв бичсэн байна гэх нь уншсан хүний хувийн асуудал билээ.

Ерөнхийлөгчийн сүлжсэн тоглолт

Цагаан сарын дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагаж Бурхан халдун явсан зарим хүмүүсээс Ерөнхийлөгч Х.Баттулгад нэгэн бичлэг үзүүлсэн тухай улс төрийн дээд хүрээнд нэгэн цуурхал мэдээ тархлаа. Тэр мэдээлэлд итгэх юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий нутгийн улс төр, бизнесийн төлөөллөө дагуулан Бурхан халдун ууланд гарахдаа 2021 он буюу МАН-ын 100 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байгаа хүслээ даатгажээ. Хүсэл үнэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн өрсөлдөгч болсноо албан бусаар зарласан хэрэг юм.

Үе үеийн Ерөнхийлөгчийн сэнтий нь нэр дэвшүүлсэн намаа гэхээсээ бусад улс төрийн намыг дамжин тоглох, улс төрийн өрөгт гол тоглогч байх боломжийг хангалттай өгдөг. Үүнийг ч бүгд ашигладаг учраас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч нэг гартаа Засгийн газар, нөгөө гартаа иргэний хөдөлгөөн, цүнхний намууд, агуу МоАХ-г атгасан сүлжсэн тоглолт хийж байна. Юуны өмнө, түүнд мөрийн хөтөлбөрийн түлхүүр амлалтууд нь болох аж үйлдвэржилт, төмөр зам, шинэ сумтай холбоотой ямар ч асуудлыг нь ногоон гэрлээр дэмждэг У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгтэй. Хүүк огцорлоо гэхэд оронд нь гарч ирэх хэн нэгэн ингэж тултлаа дэмжих баталгаа нэн хомс. Гэвч Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам Ерөнхийлөгч өөрөөс нь өндөр рейтингтэй яваа Ерөнхий сайдыг тайзан дээр гялалзуулаад байх сонирхол бага. У.Хүрэлсүх сайд энэ зун Хэнтийд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлсэн. Хэрвээ ялвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хуяглагдсан Ерөнхий сайдын чих хатуурч Ерөнхийлөгчийн үгэнд орох нь багасах аюултай. Ерөнхийлөгчийн зөвлөхийн “зөвлөх” болох нэгэн эрхэм Цэцэд хандсанаар энэ асуудал гацсан билээ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бодит өрсөлдөгч нь өнөөдөр судалгаануудаар хамгийн өндөр рейтингтэй яваа гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. У.Хүрэлсүх сайн ажиллаад засаг нь тогтоод байгаа ч юм биш л дээ. Түүнийг огцрууллаа гэхэд дараа нь тодрох Богд нь эрх баригч МАН-ын 64 гишүүн дотроос товойж, Ерөнхийлөгчид болон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх лидер олдохгүйн зовлон л байгаа юм. Боломжийн хэд нь албан тушаалын гэмт хэрэг, хар тамхины асуудалтай орооцолдчихсон. Байгаа ганц Л.Оюун Эрдэнэ сайд нь Хүүкдээ НАМЗХ-д байхаасаа эхлэн “зодуулаад” сурцан болохоор сөрөх зориггүй. Ирэх 25 жилийн том амбицтай учраас нэг жил Ерөнхий сайд хийж сонгогчдыг залхаах сонирхолгүй хярчихсан байдалтай л байна.

Монгол улсын Ерөнхий сайд хүн хэр удаан ажиллахыг ялсан нам биш сэнтийд суусан Ерөнхийлөгч шийдэж ирсэн аксиомоор У.Хүрэлсүхийн хувь заяа аль талдаа шийдэгдэх нь цаг хугацааны л асуудал болоод байна. 800 жилийн өмнө Тэмүүжин Жамух хоёрын “нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр”-ын улс төрийн харилцаа өнөөдөр ч манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд тогтоод байна. Түүх давтагддаг л гээд байгаа юм даа.

Ерөнхий сайд шалдан байна

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 16 сайдын талаас илүү нь асуудалд орж, хариуцсан яамдуудад нь аллага, албан тушаалын гэмт хэрэг, хар тамхи зэрэг хариуцлагагүй үйл явдал тасралтгүй гарсаар байгаа ч Ерөнхий сайд маань амалсан шигээ хариуцлага тооцоод эхлэвэл засаг нь уначих эрсдэл үүсэв. Өмнө нь намын даргын хувьд намдаа хариуцлагын жишиг тогтоохоор Ш.Раднаасэд зэрэг хоёр ч гишүүндээ хариуцлага тооцуулах шийдвэр гаргасны төлөө өөрөө золтой л явчихсангүй. Түүнд үнэхээр болохгүй бүтэхгүй байгаад хариуцлага тооцож байгаагаа олон нийтэд харуулах, ирэх хавар гэхэд “Би намаа цэвэрлэлээ. Одоо намайг дэмжээрэй” гэж яриад 2020 оны сонгуульд орж ялалт байгуулах стратеги бий юу гэвэл бий.

Харамсалтай нь хариуцлагын аян эхлүүлвэл намын болон Засгийн газрынхаа гишүүдийн эсэргүүцлийг дийлэхгүй Ерөнхий сайдын суудлаа алдах болно. Хэнтэй ч хариуцлага тооцохгүй гүрийгээд байвал олон нийтийн болон сөрөг хүчний дайралтыг бас л тэсэхгүй. Ингээд нэгэн мэргэн арга бодож олсон нь яаралтай горимоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр парламентад өргөн барих явдал. Хэрвээ парламент Үндсэн хууль хэлэлцээд эхэлвэл хажуугаар нь зэрэгцэж том асуудал хэлэлцэж болдоггүй учир засаг огцруулах яриа яамдын гадаах жагсаалаар дуусна гэж тэр найдаж байгаа. Энэ бол өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн цаг хожих тактик юм. Тун удахгүй халуун зунаар сааль сүүний цагаар МАН-ын гишүүд хаврын чуулганаа жаргааж тойрог тойрог уруугаа Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх гэсэн том сэдэвтээ тойрогтоо очих болно. Урдаас нь сонгогчдын асуусан ЖДҮ, яаман дахь аллага, авлига, хар тамхины асуудал бүрийг Үндсэн хуулиараа нэгмөсөн шийдэх болно гэсэн үлгэр ярьж ам таглах нь гарцаагүй. Энэ зуны эрх баригчдын улс төр ингэж л өрнөнө.

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дутуу тооцож байна. Улс төр бол цэрэг болж тоглохоос илүү төвөгтэй билээ. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрх баригч намынхаа нөлөө бүхий хүмүүсийг урьж цуглуулан нэгд, эвийг сахих, хоёрт, ирэх сонгуулиас өмнө хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан нууц маягийн уулзалт зохион байгуулсан ажээ. Уулзалтад очоод ирсэн намынх нь лидерүүд “ирэх жил гэхэд огцорчих Засгийн газрын тэргүүний ярианд итгэл төрсөнгүй. Засгийн газар de jure огцорчихлоо. De facto үүрэг гүйцэтгэж л байна” хэмээн очоогүй хэсэгтээ сэтгэгдлээ хэлсэн байдаг. Иргэдийн хэлээр орчуулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болчихлоо гэсэн үг юм. Эрх баригч намынхан буюу шийдвэр гаргагч нарын дунд Ерөнхий сайдад итгэх итгэл алдарч эхэлсэн нь тэртээ тэргүй парламентын гишүүний бүрэн эрх гэх хуяггүй, цээж нүцгэн Ерөнхий сайдыг маань бүрэн шалдалж байна.

Өргөн хэрэглээ, хүнс, шатахууны үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд улам хүндээр тусаж байгаагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг тогвортой унаж байна. Нэгэнт тогтсон үнийн өсөлтийг буцааж бууруулж чадахгүйгээс мэргэжлийн судалгааны байгууллагуудын судалгаагаар иргэдийн 57.4 хувь нь У.Хүрэлсүхд хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Ерөнхий сайдаас хүлээх олон нийтийн хүлээлт, иргэдийн бодит амьдрал хоёрын зөрүүний өртөг нь нийгмийн хаос төлвийн дахин өсөлт юм. Хаос төлөвт байгаа нийгэмд У.Хүрэлсүхийн нэр хүндийн унасан хувь шууд АН дээр ирж наалдахгүй. Гэвч гол сөрөг хүчин АН-ын хувьд ч гялалзсан залуу улстөрч толгойлсон МАН-тай сонгуульд орсоноос 2020 оны сонгууль хүртэл нэр хүнд нь унасаар байх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-тай сонгуульд өрсөлдөөд ялах нь хамаагүй хялбар гэдгийг тооцож байгаа нь гарцаагүй.

Спикер буюу дагуул улстөрчийн замнал

Улсын их хурлын дарга Г.Занданшатарыг МАН-ын дарга У.Хүрэлсүх тавьсан боловч бодитоор ерөнхийлөгч Х.Баттулга илүү нөлөөтэй. Баянхонгор талаа бодсон ч тэр, бодит хүчний хуваарилалтыг тооцсон ч тэр Ерөнхийлөгчтэй илүү ойлголцох сонирхолтой болов уу.  Парламентын засаглалтай Монгол шиг улсад хамгийн нөлөөтэй байж болох боловч одоохондоо тэр бие дааж чадахгүй, дагуул улстөрчийн зам мөрөөр явж байна. Шалтгаан нь нэгд, тэр эрх баригч намын дарга биш, хоёрт, улс төрийн легитим байдал алга байна. Сөрөг хүчин АН-ын бүү хэл өөрийн намын 64 гишүүний талыг нь ч бүрэн багцалж хуралд суулгаж чадахгүй байгаа түүний зовлон бүрэн эрхтэйгээ хамт дуусах биз. Чухам Г.Занданшатарын үед л парламентын онцгой эрхүүд нэг бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжин Ерөнхийлөгч рүү, нөгөө бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд уруу эрчимтэй шилжиж байна. Монголын парламентын спикерт шинэ Үндсэн хуулийг хэлэлцүүлэн батлуулах үеэр өөрөө бие даасан гэдгээг харуулах том боломж бий. Тэр үүний үнэрийг ч авсан бололтой хэдхэн хоногийн өмнө MEC судалгааны байгууллагын хийсэн санал асуулгын дүнг онцгойлон мэдээллийн сайтуудаар тарааж буй.

Борооны өмнө шороо гэдэг шиг сонгуулийн өмнө улстөржилт эхэлдэг нь жам билээ. Ирэх намраас улс төрийн гал тогоо даргитал буцалж, гол сөрөг хүчин АН-р толгойлуулсан эсэргүүцэл жагсаал өдөр алгасахгүй болж, тодрох гэсэн шинэхэн горилогсод үй зайгүй эрх баригчдыг шүүмжилж, хэвлэл мэдээллийн үнэ цэнэ өсөж, сонгогчид хүүхэд шиг гомдоллож эхэлдэг хурц үе айсуй. Тодруулбал, сенсаацийг сенусаацаар дарах улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Дээрх гурван лидерийн харилцаанд ч өөрчлөлт орж улс төрийн тайзан дээр шинэ жүжгүүд тавигдаж эхлэнэ. Түүнийг харж улс төрийн үйл явдлын дотоод шалтгаан, зорилго, эрх ашгийн эрэмбийг урьдчилан тоооцох бодит хэрэгцээ шаардлагууд үүснэ. Улс төрийн амьдрал унтдаггүй үргэлжилдэг билээ.

О.ЧУЛУУНБИЛЭГ, Улс төрийн менежер

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж