ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд ирнэ

Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгыг 1937 онд нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеев үүсгэн байгуулсан ба энэхүү чуулга нь дэлхийн олон үндэстэн, ард түмний бүжгийг мэргэжлийн түвшинд уран сайхны аргаар боловсруулан, олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг болжээ. «Үндэстэн ястан бүр хэл яриагаа бүтээсэн тэр хуулиндаа захирагдан өөрийн бүжгээ зохион бүжиглэдэг. Тиймээс энэ бол жинхэнэ урлаг юм» хэмээн Игорь Александрович хэлж байв.

Маш олон жилийн турш Орост ардын бүжгийг «бүдүүлэг» хэмээн үздэг байсан тул залуучуудад зөвхөн гадаад бүжиг заадаг байлаа. Харин Игорь Александровичийн давтагдашгүй өвөрмөц авьяас чадвар болон мэргэжлийн өндөр түвшний ачаар олон нийт ардын бүжгийг сонирхож, тэр байтугай бүр хайрлах болжээ. Моисеевын эцэг нь язгууртан хүн байсан бол ээж нь франц-румын гаралтай загвар зохион бүтээгч, оёдолчин бүсгүй байсан ба бяцхан Игорь орос хэл сурахаасаа өмнө францаар ярьдаг байв. Харин Гейдельберг хот дахь их сургуулийн гүн ухааны тэнхимийг дүүргэсэн түүний эцэг нь хүүгээ Дорнын сургаал, бурхны сургаалын онол, урлагийн түүхэнд сонирхолтой болгожээ. Маш эрт буюу 24 насандаа Игорь «Большой» театрын бүжигчин болж, дараа нь хэд хэдэн бүжгийн концерт тавьж, тус театрын бүжиг дэглээч болов. Харин 1937 онд мөрөөдлөө биелүүлж, ардын бүжгийн улсын чуулгаа байгуулж, түүндээ Холбооны улсуудын хамгийн авьяаслаг ардын бүжигчдийг урин оруулжээ.

Ардын бүжгийг хайрлан хадгалж, мэргэжлийн мэдлэг, аргаар хөгжүүлэн баяжуулж, Оросын болон дэлхийн соёлын нэгээхэн хэсэг болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн залуус шинэ хамтлагийнхаа хөтөлбөрийг цоо шинээр зохиож байв. Тэд өргөн уудам Зөвлөлт Холбоот Улсын бүх нутаг дэвсгэрээр аялж, ардын дуу, бүжиг, зан үйлийг анхааралтай ажиглаж, маш нарийн тэмдэглэн авчээ.

Үндэстэн ястан бүрийн дүр төрхийг үнэн зөвөөр нь гаргахын тулд бүжигчид мань хөгжимчид, ардын аман зохиол судлаачид, түүхчид, хөгжим судлаачидтай уулзан зөвлөлдөж, харин тайзан дээр бүжгийн хэлийг хамгийн бүрэн дүүрэн дэлгэж, үзэл бодлыг нь илэрхийлэхийн тулд сонгодог хөгжим, жүжигчний авьяас, тайз засалт, жүжгийн зохиолын арга барилууд гээд бүхий л боломж бололцоонуудыг ашигладаг байв.

Игорь Александрович бүжигчин бүрийг мэргэжлийн маш өндөр түвшинд бүжиглэхийг шаардаж, гоцлол бүжигчдийг ялгаварлан шилдэггүй байсан ба тоглолтод оролцож буй бүжигчин бүр гол болон хоёрдогч дүрийг адил тэгш гүйцэтгэж чаддаг байв. 70 гаруй жилийн хугацаанд бүжиг дэглээч маань 300 орчим тоглолтыг найруулжээ.

Игорь Моисеевын нэрэмжит Ардын бүжгийн чуулга нь жинхэнэ «дотоодын брэнд» буюу «ЗХУ-ын нэрийн хуудас» болж, «Урлаг бүхнийг нэгтгэж чадах хүчин мөн» гэсэн үгийн амьд илэрхийлэл болж чадсан юм.

Аугаа их эх орны дайн эхлэхэд Игорь Александрович фронтоор аялан тоглолт хийхийг санал болгосон ч татгалзсан хариу авчээ. Чуулгыг Свердловск муж руу нүүлгэсэн ба тэд нүүлгэн шилжүүлсэн үйлдвэрүүдээр явж, тоглолт үзүүлдэг байжээ. Ихэнх бүжигчдийг цэрэгт татсан ч ганц ч концертыг цуцалсангүй. Тоглолтын хөтөлбөрийг үлдсэн уран бүтээлчдэд зориулан боловсруулж, үргэлжлүүлэн толилуулж, заримдаа өдөрт 3 концерт тоглодог байжээ. Түүнчлэн чуулга Сибирь, Өвөр Байгаль, Алс Дорнод, Монголоор аялан тоглолт хийж, «Большая флотская сюита», «Русская сюита» болон хэд хэдэн шинэ бүжгүүдийг дэглэжээ. Ингэснээрээ чуулга нь өөрөө хөл дээрээ босоод зогсохгүй, фронтод мөнгө цуглуулж чадав. Тухайлбал, тоглолтуудынхаа үеэр цуглуулсан хагас сая рублийг тэд хандивлаж, «ГАНТ СССР» (ЗХУ-ын Улсын ардын бүжгийн эрдмийн чуулга гэсэн үгсийн товчлол) танкийг хийлгэжээ.

Дайны дараа чуулга нь алдар нэрийн оргилд хүрч, жил бүрийн болгон бараг 9 сарын хугацаанд улс орныхоо өнцөг булан бүрээр, мөн түүнчлэн гадаадын орнуудаар аялан тоглолтоор явдаг болжээ. Тэр ч байтугай «Төмөр хөшигний» нөхцөлд хүртэл чуулга нь дэлхийн 60 гаруй орноор, тэдний дунд Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америкийн орнуудаар аялан тоглодог байв. Чуулганы тоглолтууд нь Зөвлөлтийн нэр хүндийг өргөхийн хажуугаар валютын орлого олох боломж олгож, улс хоорондын таатай харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулж, тэр ч байтугай моодны загварт нөлөөлдөг байжээ. Тухайлбал, 1953 онд чуулга Францад хэд хэдэн тоглолт хийсний дараа франц бүсгүйчүүд «казачок» гутлыг өмсдөг болж, ихэд дэлгэрүүлжээ. 1965 онд «Дорога к танцу» (Бүжигт хүрэх зам) хөтөлбөрийнхөө ачаар Эрдмийн чуулга нэрийг хүртэж, 1987 онд «Ард түмнүүдийн найрамдлын одон»-гоор шагнагджээ.

Үүсгэн байгуулагчийг нас барсны дараа чуулгыг түүний нэрэмжит болгов. Маэстро ардын бүжгүүдийг XIX зууны шаардлагуудын дагуу дэглэж, бүжигчид нь сонгодог техникээр бүжиглэдэг байсан учир түүнээс хойш чуулга нь уран бүтээлийн сангаа арвижуулахад асуудалтай тулгарчээ. Харамсалтай нь, орчин үеийн бүжиг дэглээчид ардын урлагийг тайзанд зориулан боловсруулах өвөрмөц аргачлалын талаар юу ч мэдэхгүйн хажуугаар Игорь Александровичийн адил соёл, урлагийн тухай баялаг мэдлэггүй ажээ.

Чуулгын уран сайхны удирдаач болон захирлын албан тушаалыг хослуулан гүйцэтгэж чадах цорын ганц хүнийг 2011 онд л олсон ба тэр нь Моисеевийн шавь, гоцлол бүжигчин Елена Щербакова байв. Чуулганы урын сан шинэ бүжгүүдээр баяжсан ба хамтлаг нь олон олон шинэ шагналуудыг хүртэв. Тухайлбал, Италийн «Anita Bucchi» шагнал, ЮНЕСКО-гийн «Таван тив» одон, «Оросын ард түмнүүдийн соёлын өвийн онцгой объект» хэмээх статус гээд.

Игорь Моисевийн нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулга нь өнөөдөр дэлхий даяар «Игорь Моисеевийн Балет» хэмээн алдаршсан ба авьяаслаг бүжиг дэглээчийн бүтээлүүд нь дэлхийн бүжгийн сонгодог урын санд орж, «моисеевчуудын» есдүгээр үеийнхний ачаар өдгөө ч амьд хэвээр байгаа билээ. Хүний амьдралд хайр сэтгэл, баяр баясгалан, аз жаргал шаардлагатай шиг алдарт чуулгын гайхалтай бүжгүүд нь ирээдүй хойч үеийнхэнд хэрэгтэй байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж