Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.07.02/ Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлж, уралдаан зарлаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын эхэнд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд олон ажил хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд бид хоёр дахь жилдээ уламжлалт Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлэхээр уралдаан зарлаж байна. Өнгөрсөн жил бидэнтэй хамтарч, байгаль дэлхийгээ хог хаягдалгүй байлгахад 200 гаруй залуу сайн дураараа нэгдэж, 30 гаруй тонн хог цэвэрлэсэн. Тиймээс энэ жил “Цэвэрхэн наадацгаая” аяныг дахин зарлаж байгаа юм.
Хувийн хэвшлийн олон компани энэ аянд нэгдэхээр саналаа ирүүлээд байна. Ард иргэддээ баяр наадмаараа хоггүй цэвэрхэн наадацгаая гэж уриалмаар байна. Хог хаягдлыг зөв зохистой ашиглах үүднээс хогийг ангилан ялгах менежментийг дэмжиж, салбар яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож байна. Энэ ажлын эхний үр дүн ирэх есдүгээр сараас гарч эхэлнэ. Мөн Үндэсний хөгжлийн газар төр, хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг удахгүй үзэглэх байх. Ингэснээр Монгол Улс хог хаягдлаа ангилж, боловсруулдаг болно” гэв.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 3500 ГАДААДЫН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВНА
Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Олон жилийн дунджаас үзвэл долдугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдэг. Тэгэхээр ихэнх жуулчин Улаанбаатарт наадам үзэхээс гадна аймаг орон нутгийн хуваарийн дагуу хөдөөд очиж наадам үздэг.
Нийслэлийн аялал жуулчлалын газарт ирсэн саналын дагуу нийт 15000 орчим жуулчин наадам үзэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч гаднын жуулчдад үзүүлэх наадмын арга хэмжээний билет 1500 орчмыг олгосон байна. Билетийн хүрэлцээ муу байна. Энэ асуудал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо руу “жуулчдад олгох билетийнхээ тоог нэмж өгөөч” гэсэн албан тоот хүргүүлсэн. Гэхдээ билетийг хамгийн дээд талдаа 500-гаар нэмэх боломжтой гэдгийг салбарын сайд хэллээ.
Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэн 13.500 хүний суудалтай. Үүний 3500 суудалд гадаадын жуулчдыг хүлээн авна. Бидний байгаа боломж л ийм байна. Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх хүсэлтэй бүх жуулчныг Төв цэнгэлдэхэд оруулвал монголчууд маань өөрсдөө баяр наадмаа үзэж чадахгүйд хүрнэ. Тийм учраас томоохон стадионтой болтлоо байгаа савныхаа хэмжээгээр зохицож ажиллана гэдгийг хэлье. Хоёр, гурван жилийн дотор энэ асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй шүү дээ.
Бид 2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсынхаа талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч дэвшил ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгааг хэлье.
Мөн гадаадын жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд салбар яам, Засгийн газрын 2019-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх заалтын дагуу энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийгээд явж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хэлмэрч үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад байна. Энэ сургалт маань цааш үргэлжилнэ” гэсэн юм.
ЖУУЛЧДАД ЗОРИУЛАН НААДМЫН НЭЭЛТИЙГ ДАХИН ШОУ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛНЭ
Энэ жилийн баяр наадмаар гадаадын жуулчдад зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 11-ний үдэш 21.00 “Naadam nigth” шоу хийх юм байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг монгол хэлээр тайлбарладаг. Тиймээс гадаадын жуулчид утга, агуулгыг нь сайн ойлгохгүй асуудал гардаг. Энэ жил салбар яамнаас гадаадын жуулчдад зориулж, гадаад хэл дээр хөтлөн “Naadam night” шоу тоглолт зохион байгуулж, наадмын нээлтийн тоглолтыг дахин тоглох ажээ.
Мөн орон нутгуудад бүсийн соёлыг сурталчилсан баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд салбар яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлж, ажиллаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Өнгөрсөн жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар бүх тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлонг хоригложээ.
Өнгөрсөн жил долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд холбогдох яам агентлагуудаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газар хяналт шалгалтыг хийсэн байна. Үүний үр дүнд Хөвсгөл нуурын эргээр үйл ажиллагаа явуулж буй газруудын нүхэн жорлон 98 хувьтай арилсан талаар албаныхан мэдээллээ.
Салбар яамны төсвөөр 2018 онд Горхи, Тэрэлж, Элсэн тасархай тусгай хамгаалалтын газар боловсон ариун цэврийн газрыг байгуулсан бол 2019 онд Булган аймгийн Түлүүгийн даваа, Богд хан уулын тусгай хамгаалалтын газар ариун цэврийн байгууламж байгуулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АГААРЫН ТЭЭВРИЙН ОРЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга С.Баясгалан мэдээлэл өгөхдөө “Монгол Улс 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид 2019, 2020 онд 30 орчим хувиар жуулчдынхаа тоог жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн. Зургадугаар сараас эхлэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдээд явж байна. Хамгийн гол нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол агаарын тээврийн орцны асуудал. Өнгөрсөн жил нэг сая зорчигч урсгал хүлээн авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр энэ урсгалыг нэмэхгүйгээр жуулчдын тоог нэмэх боломжгүй юм. Салбар яамнаас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.
Энэ жилийн төгсгөлд жуулчдынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн жуулчдын визний асуудал тулгардаг. Монгол Улсад 2019 оны байдлаар дэлхийн 20 орчим иргэн визгүй зорчдогоос таваас зургаан улс нь аялал жуулчлалын зорилтот бүлгийн улс. Тэгэхээр бид хил орчмын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх хэрэгтэй байна. Зорилтот зах зээлийн орны жуулчдыг хилийн боомтууд дээрээс виз авах нөхцөлөөр бүрдүүлснээр аялал жуулчлалаараа олон улсад өрсөлдөх боломжтой болно” гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ