БНСУ-ын КОЙКА байгууллагын 1,6 сая ам.долларын санхүүжилтээр Хангион их сургууль, ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд байгуулагдсан судалгааны зургаан шинэ лабораторын нээлт өнөөдөр боллоо. ХААИС-ийн Мал аж ахуйн сургууль дээр болсон лабораторын нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ын сайд Д.Гантөмөр, ХХАА-н газрын дарга Ц.Баярмаа, ХААИС-ийн дэд захирал Т.Хэрүга, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл, ХААИС болон БНСУ-ын Хангионы их сургуулийн удирдлага, эрдэмтэн, профессор багш нарын төлөөлөл оролцлоо.
Төслийн хүрээнд манай орны ХАА салбарт мэргэжилтэй боловсон хүчин, чадварлаг хүний нөөц, шинэ мэдлэг олгохын тулд дараах зургаан лабораториудыг хүлээлгэн өгсөн юм.
Үүнд:
1. ХАА бүтээгдэхүүний чанарын хяналт, үнэлгээний нэгдсэн лаборатори
2. Мах боловсруулах лаборатори
3. Амьтны биотехникийн судалгааны лаборатори
4. Сүү судлалын лаборатори
5. Бүрэн автомат гидропоник шилэн хүлэмж
6. Мах судлалын лаборатори зэрэг болно.
Эдгээр лабораториудыг ашиглан монгол малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн, эмчилгээний сэргийлэлтийн болон биологи химийн онцлог шинж чанар, тариалангийн талбайн хөрсний үржил шим, хүнсний ногооны цэвэр байдал зэргийг нарийвчлан судлах таатай нөхцөл боломж бүрдлээ. Бүрэн автомат гидропоник өвөл, зуны хүлэмжид шинэ төрлийн хүнсний таримал сортууд сорих, ашигт ургамлуудыг тарималжуулах зэрэг судалгааг гүйцэтгэх юм. Мөн ирээдүйн хүнсний үйлдвэрлэлийн шинэ чиглэлийг тодорхойлох боломжтой юм байна.
Монгол улсын газар тариалан, мал аж ахуйн салбар нь ДНБ-ний 21 хувийг, экспортийн 14 хувь, нийт хөдөлмөр эрхлэгч хүн амын 32 хувийг эзэлж буй маш том салбар юм.
КОЙКА байгууллага нь 2013 оноос эхлэн энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа төдийгүй одоогоор ХААИС-ийн 40 орчим багш судлаачид БНСУ-ын их сургуулиуд эрдэм шинжилгээний байгууллагуудад урт, богино хугацаагаар суралцаж шинэ технологи, арга зүй эзэмшсэн байна.
Б.НАМУУН