Трампын үед АНУ, БНАСАУ-ын харилцаа хэрхэн хөгжив?

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Трампын үед АНУ, БНАСАУ-ын харилцаа хэрхэн хөгжив?

Трампын үед АНУ, БНАСАУ-ын харилцаа хэрхэн хөгжив?

2019 оны зургадугаар сарын 30. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосын хилийн боомт, цэрэггүй бүс гэгддэг Панмунжонд гурав дахь удаагаа уулзлаа. Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давж, Хойд Солонгосын нутаг дэвсгэрт нэвтэрсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов. NEWS  агентлаг 2017 оноос хойш АНУ, БНАСАУ-ын харилцаа хэрхэн өрнөсөн талаарх сонирхолтой материалыг орчуулан хүргэж байна.

2017 ОНЫ ХЯМРАЛ

Солонгосын хойгийн нөхцөл байдал 2017 онд хурцдав. Хойд Солонгос болон түүний удирдагч Ким Жон Уныг буруутгасан кампанит ажлыг эхлүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад дургүйцсэн БНАСАУ хэд хэдэн тив хоорондын баллистик пуужин туршив. АНУ ч зүгээр суусангүй, 2017 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгосын эрэг рүү нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Карл Винсоныг илгээжээ. Хойд Солонгос пуужингийн туршилтаа үргэлжлүүлсэн хэвээр байв.

Наймдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч урьд өмнө нь хэн ч харж байгаагүйгээр хариу барьсан билээ. Маргааш өдөр нь хойд Солонгосчууд Гуам дахь АНУ-ын цэргийн баазад халдах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж, АНУ-ын эх газар хүрэх хүчин чадалтай "Хвасон-15" болон тив хоорондын баллистик пуужин суурилуулах боломжтой устөрөгчийн цөмийн бөмбөгийг туршиж, өдөөн хатгасан нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж орхив.

Улмаар АНУ Хойд Солонгосыг терроризмыг санхүүжүүлэгч орны жагсаалтад оруулан, хориг арга хэмжээгээ улам өргөжүүлэн, чангатгасан юм. АНУ нь Хойд Солонгост 1950 оноос хойш ямар нэгэн хэлбэрээр хориг тавьсаар иржээ. Үүнтэй холбоотойгоор 2018 оны нэгдүгээр сард АНУ-ын "дайснууд"-ын эсрэг авах арга хэмжээний тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.

2018 ОНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 

2018 он гармагц Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаагаа сайжруулах кампанит ажил эхлүүлэв. Улмаар зургадугаар сарын 12-нд Сингапурын Сентоза арал дээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй Ким Жон Ун анх удаа уулзсан билээ. Хоёр талт уулзалт ойролцоогоор 45 минут үргэлжилж, дараа нь өргөн хүрээнд яриа хэлэлцээ өрнөсөн билээ. Тэдний ярианы гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр улсын харилцааг сайжруулах, хүний эрхийг хүндэтгэх зэрэг асуудал байв. Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний анхны уулзалтаар талууд хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Дональд Трамп болон Ким Жон Ун нар олон арван жил хоёр улсын харилцаанд дайсагнасан, хурцадмал байдлыг даван туулсан тухай гэрчилж, “АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний анхны уулзалт нь түүхэн үйл явдал” гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Дээд хэмжээний уулзалтын дараа Пентагон Хойд Солонгостой тогтоосон дипломат ажиллагааны үйл явцийг хадгалж үйлдэхийн тул Өмнөд Солонгостой хийх байсан цэргийн сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм. АНУ-ын энэхүү үйлдэлд Хойд Солонгос хариу болгож Йонбён дахь цөмийн зэвсгийн судалгааны төвийг хааж, цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа буулгахад бэлэн буйгаа мэдэгдэв.

2019 оны гармагц Ким Жон Ун АНУ-тай шинэ харилцаа тогтоох, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр Вашингтоныг Хойд Солонгост тавьсан хоригоо цуцалж, тус улсаас нэг талыг барьсан үйлдэл шаардахгүй байхыг хүсчээ. Мөн Хойд Солонгос тусгаар тогтнолоо хамгаалах шинэ зам хайх болно гэдгээ ч мэдэгдэв.

Улмаар 2019 оны хоёрдугаар сарын 27, 28-ны хооронд Вьетнамын нийслэл Ханой хотод АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний хоёр дахь уулзалт болов. Харамсалтай нь, уулзалт товлосон хугацаанаасаа эрт дуусч, үр дүнгүй болж өндөрлөсөн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Хойд Солонгос АНУ-ын тавьсан бүх хоригийг цуцлахыг шаардсан. Үүнийг АНУ хүлээн зөвшөөрөхгүй" гэв.

Энэ үед Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ли Ён Хо Трампын мэдэгдэлд хариу барив. Тэрбээр "Пёньян АНУ-ын Ерөнхийлөгчийн ярьсан шиг зүйл хүсээгүй. Бид хэсэгхэн хоригийг л цуцлахыг санал болгосон. Хэрвээ АНУ бидний санал болгосон хэсэгхэн хоригийг цуцалвал Хойд Солонгос бүх цөмийн цэвсгийн объектоо татаж буулгаж, пуужин, цөмийн зэвсгийн туршилтаа зогсооно. Үүндээ ч баталгаа гаргаж өгнө гэдгээ хэлсэн" гэв. Мөн тэрбээр АНУ шинэ хэлэлцээнд орохыг санал болгосон ч Хойд Солонгосын энэ байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж