Орчин цагийн тагнуулын байгууллага байгуулагдсаны 97 жилийн ой, Тагнуулын ажилтны өдөрт зориулан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Үндэсний түүхийн музейтэй хамтран “Тагнуулын байгууллагын тамга, тэмдэг” сэдэвчилсэн үзэсгэлэнг 2019 оны 7 дугаар сарын 01-нээс 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Монголчууд бид төрт ёсны эртний, гайхамшигтай түүх, уламжлалтай ард түмэн билээ. Төрийн үйл хэрэгт Тамгачийн тушаалыг буй болгож, тамга түших, тамга урлан бүтээх, тамгыг хүндэтгэн дээдлэх нэн өвөрмөц соёл, түүхийг бүтээжээ. Тийм ч учраас
Төр их бат,
Ёс их хүнд байсан болов уу.
2022 онд тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ой тохионо. Зуунаар тоологдох түүхтэй Монголын тагнуулын байгууллага тамга, тэмдгийн зөвшөөрөл олгох, үйлдвэрлэх, ашиглалтанд хяналт тавих асуудлыг хариуцаж, тамга, тэмдгийг хэрэглэх заавар, дүрмийг мөрдүүлж, тамга, тэмдэг ташааран дарсан этгээдэд хариуцлага тооцдог журамтай байсан нь төрийн үйл хэргийг хэлбэрэлтгүй чанд явуулахын баталгаа байжээ.
Тагнуулын байгууллага нь 1922 оны 7 дугаар сарын 3-нд Засгийн газрын 28 дугаар хурлын тогтоолоор Дотоодыг хамгаалах газар хэмээн байгуулагдсан цагаас эхлэн Шүүх явдлын яамны бичээч Д.Цэрэнпил, Балдан, Цэвээнноров нарын хүмүүс хуурамч бичиг үйлдэж, Манзушир хутагтаар тамга даруулахыг оролдсон зэрэг тамга, тэмдэг, албан бичиг хуурамчаар үйлдсэн хэргүүдийг илрүүлж, таслан зогсоож ирсэн түүхтэй.
Улмаар 1924 онд БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан Дотоодыг хамгаалах газар нь улсын хэмжээнд тамга, тэмдгийн зөвшөөрөл олгох, үйлдвэрлэх, ашиглалтад хяналт тавих асуудлыг хариуцаж байсан бөгөөд тамга, тэмдэг хэрэглэх заавар дүрмийг боловсруулж, тамга, тэмдэг ташааран дарсан этгээдэд хариуцлага тооцох дүрмийг боловсруулан төрийн байгууллагуудад мөрдүүлж иржээ.
Энэхүү үзэсгэлэнд Дотоодыг хамгаалах газрын анхны тэмдэг, Өвөрмонголын ардын намын Төв хорооны модон тамга, Бүх Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны тамга, Дэлгэрэх уулын аймгийн Батсүмбэр уулын хошууны захируулагч тамга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын тамга, Засгийн газрын тусгай төлөөлөгчийн тэмдэг зэрэг 100 гаруй тамга, тэмдгийг дэлгэн толилуулж байна.
Үзэсгэлэнгийн маань танхим нь бага ч, өгүүлэх түүх нь их юм шүү, тухлан зочилж саатан сонирхоно уу.
Тамга, тэмдгийн танилцуулгыг энд дарж хүлээн авна уу.
Үзэсгэлэнгийн зургуудаас та бүхэнд хэсэгчлэн толилуулж байна.
Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ