Хүнд даацын машин осолдсон хэрэг гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Хүнд даацын машин осолдсон хэрэг гарлаа

Өнөөдөр 12.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 хороо буюу “Драгон” төвийн ар тал дахь 22а,б болон 23а байрны голын туслах талын зам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон хэрэг гарлаа. Хэргийн газарт яг одоо Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн газрынхан үзлэг хийж байгаа юм.

Урьдчилсан мэдээгээр осолдсон машины жолоочийн биеийн байдал гайгүй, өөрөө эмнэлэг рүү явсан гэж Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны засаг дарга Ж.Болорсүрэн мэдээллээ. Машинд азаар жолоочоос өөр хүн байгаагүй байна.

Тус газарт 135 айлын 16 давхар орон сууцны барилга барих ажил тавдугаар сард эхэлсэн байна. Энэхүү барилгын захиалагчаар "Хадан ус" компани, гүйцэтгэгчээр "Мон хауз" компани ажиллаж байжээ. Гэвч барилга барих явцад хөрсний нуралт их хэмжээгээр явагдаж байсан байна. Тиймээс тухайн хэсгээр том оврын автомашин явахыг хориглосон аж. Ер нь ч байшин, хороолол дунд хүнд даацын автомшин явах хориотой байдаг байна. Гэвч “Жем Интернэшнл” компанийн Камаз маркийн автомашин дур мэдэн тус замаар зорчиж байхдаа ийнхүү осолджээ. Оршин суугчдийн төлөөлийн ярьснаар энэхүү талбай нь өмнө нь хүүхдийн тоглоомын талбай, мөсөн гулгуур байсан. Гэвч зориулалтыг нь өөрчлөн барилга барихаар “Хадан ус” компани зөвшөөрөл авсан гэлээ. Оршин суугчдын зүгээс энэхүү газарт барилга барих ажлыг удаа дараа эсэргүүцэж, хороон засаг дарга болоод дүүргийн удирдлагуудад олон удаа хандсан гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар осолдсон машин 40 тоннын даацтай буудай ачин, тээвэрлэж явжээ. Энэ үед нь зам цөмөрч хажуу тийш унасан байна. Одоогоор осолдсон хэсгийн замыг хоёр талаас нь хааж автомашин зорчуулахгүй байгаа юм. Цаашид ч тус барилгын урд, хойд замыг бүрэн хааж, автомашин зорчуулахгүй гэж тус хорооны засаг дарга мэдэгдлээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж