Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдлээ. Бөхчүүд тус тусын харьяа бөхийн галдаа бэлтгэлээ хийж байна. Наадмын өмнө болдог аймгуудын галын сорилго барилдаан өнгөрөгч долоо хоногоос эхэлсэн. Энэ тухай мэдээллийг хүргэе.
Увс нутгийн бөхийн галын “Увс нуур” дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойг угтсан олон арга хэмжээ зохиогдсоор наадмыг хүргэж байна. Жил жилийн наадмын түрүү бөхийн таамагт багтдаг Увсын хүчтэнүүд наадмын сорилго барилдаанаа хийжээ.
Харзтайд бэлтгэлд гарсан “Увс нуур” дэвжээний сорилго барилдаан сумын наадмын дайтай болдог. Энэ жилийн барилдаанд 128 бөх зодоглосноос Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, Улсын начин Б.Серик, аймгийн хурц арслан Б.Мижиддорж нар шалгарсан.
“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэв.
Ч.Хөхчирэнгэр Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийн дагуу “Өсөх идэр начин” болоод байгаа билээ. Түүнд том цолоо ахиулах барилдааны үеэр “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүд болоод бөхчүүд хүсчээ.
Архангай аймгийн хүчтэнүүд Төв аймгийн Чандмань сумын нутагт байрлах бэлтгэлийн шинэ баазад гарсан. “Бөхбилэгт” дэвжээний бөхийн барилдаанд 48 хүчтэн зодоглосноос Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Аймгийн арслан Б.Зоригтбаатар үзүүрлэжээ.
Анхдагчдын өлгий гэгддэг Булган аймгийн бөхчүүд хоёр галд хуваагджээ. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан бөхчүүд Бүрэгхангайд бэлтгэлдээ гарсан. Энэ галд улсын начин Д.Тамир, Б.Амарсайхан, аймгийн арслан А.Отгонбаатар, А.Түмэндэмбэрэл, Б.Ганбаатар нарын 20 гаруй бөх багтсан байна. Харин улсын начин И.Ёндонсамбуугийн ахалсан хэсэг “Хайрт хаан” амралтын газар бэлтгэлээ эхлүүлжээ.
“Булган хан” дэвжээний барилдаанд Улсын начин Э.Энхбат түрүүлж, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр үзүүрлэжээ.
“Алдар” спорт хорооны наадмын сорилго барилдаанд Улсын начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном үзүүрлэсэн байна.
Завхан аймгийн “Завхан” дэвжээний барилдаанд Улсын гарьд Ш.Жаргалсайхан түрүүлж, Улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэв.
Ховд аймгийн “Ховд” дэвжээний сорилго барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлжээ.
Харзтайн аманд байрлах “Хас өргөө” амралтын баазад Баян-Өлгий аймгийн бөхчүүд бэлтгэлдээ гарсан. Увс аймгийн Хяргас сумын харьяат, уран барилдаанд Улсын заан, Гавьяат тамирчин О.Одгэрэлийн удирдлага дор “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хийж эхэлсэн.
Бөхийн галуудаас түрүүлж сорилго барилдаанаа хийсэн “Өлгий хүчтэн”-үүдийн барилдаанд Улсын начин Б.Серик түрүүлж, Аймгийн хурц арслан У.Береке үзүүрлэсэн. Барилдааны их шөвөгт Аймгийн заан О.Түмэн, харцага Б.Төмөрбаатар нар шалгарсан.
Холбоотой мэдээ